Асрамжийн газрын хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй байна

asramjiin_huuhduud_muur-middleУлаанбаатар хотод хавар болохтой зэрэгцээд л 1990-ээд оны үеэс гаралтай тэнэмэл гэх тодотголтой хүүхдүүд гараад ирнэ.

Тэднийг тоолж, бүртгэсэн тоон дүн бараг л байдаггүй гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн хөдөлмөр халамжийн төвд 20 гаруй хүүхдийн асрамжийн төв харьяалагддаг бөгөөд энд 1000 гаруй хүүхэд амьдардаг гэсэн. Гэхдээ энд дандаа бүтэн болон хагас өнчин хүүхэд байдаггүй. Бараг 50 орчим хувь нь аав ээжтэй, ар гэртэй хүүхдүүд байдаг гэнэ билээ. Харин үлдсэн 50 хувь нь хагас эсвэл бүтэн өнчин, хөдөө орон нутгаас шилжин ирсэн, бичиг баримтгүй, олдмол хүүхдүүд байдаг аж.

Хэзээ ч ирэхгүй, хэзээ ч хараагүй эцэг эхийгээ харуулдан хазгай муруй ярьж, асрамжийн газрын ах эгч нарынхаа зааж өгснөөр хэлд орж ядан байгаа мөлхөө жаалууд хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өссөөр л…

Асрамжийн газар өсч буй хүүхдүүд шинэ гэр бүлтэй болох нь маш ховор гэсэн. Тиймээс асрамжийн газартаа байсаар 18 нас хүрч, хүссэн хүсээгүй амьдралд хөл тавина. Ямар ч байсан төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага хүүхдийг нас бие гүйцтэл нь асрамжийн газартаа өсгөнө гэсэн хуультай учраас л тэр шүү дээ. Ингээд л 18 нас хүрсэн бол баяртай, цаашид яах нь асрамжийн газрынхны хувьд хамаагүй. Харин тэд насанд хүрээд яах вэ.

Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдийн хувьд маш хэцүү. Тэгээд ч тухайн асрамжийн газар нь хувийнх бол хүүхдүүдийнхээ дийлэнхийг сургуультай, ажилтай болгож, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэдэг аж. Харин улсын нэртэй цөөхөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдүүд улсын хоолыг 18 жил идсэн учраас яахаа өөрсдөө мэд гээд л орхино. Бүтэн өнчин бол улсаас нэг удаа 500 мянган төгрөгийн тусламж өгнө, өөр анхаарал халамж юу ч үгүй. Юу хийж, яаж амьдрах нь тодорхойгүй, дахиад л хаягдана. Нэгэнт хаягдсан хүмүүс гудамжаар тэнэж, PC-г дүүргэж, хулгай дээрэм хийж, гэмт хэрэгт холбогдон, эцэст нь “аавын” хаалга татна.

Асрамжийн газраас “аавынх” хүртэлх жим ч гэж тэдгээр хүүхдүүд ярьдаг юм билээ. Эсвэл гудамжинд дуу дуулж, гуйлга гуйн олсон хэдэн төгрөгөөрөө архи ууж, хөлчүүрхэн, хүн л болсон хойно гэр бүл болж, хамтран амьдраад дахиад л тэнэмэл хүүхэд төрүүлнэ. Тэнэмэл эцэг, эх нь нь амьдрахын эрхээр хог түүж, хэрэндээ л амьдрахыг хичээх боловч тэдэнд бичиг баримт энэ тэр байхгүй. Тиймээс гудамжинд унтаж, хог дээр явах хүүхдийн ирээдүй бүрхэг хэвээр үлдэнэ. Цаашлаад өнөөх хүүхэд маань өсөн торниод Хаяг тогтоох төвөөр дамжин, азтай нэг нь асрамжийн газарт очно.

Нэг үеэ бодвол манайд тэнэмэл хүүхдийг асрамжийн газар авах нь эрс багассан гэж албаны хүмүүс ярьдаг. Учир нь тэнэмэл хүүхэд асрамжийн газар хэсэг амьдраад үеийн хүүхдээ дагуулан оргодог гэнэ. Сүүлийн үед орон гэрээсээ дайжин орц, траншейгаар хоноглодог тэнэмэл жаалууд ийм л замаар гарч ирж байгаа гэнэ. Түүнчлэн тэнэмэл хүүхдүүд гол төлөв шилжилтийн насны хүүхдүүд байдаг учраас ганц хоёр жилийн дараа насанд хүрч асрамжийн газраас гардаг аж.

Насанд хүрсэн хүүхдийг хуулинд зааснаар ар гэрийн хүнд нь хүлээлгэн өгдөг. Хэрвээ ар гэрийн хүн байхгүй бол эмэгтэй хүүхдийг Монголын хүүхдийн сан гэх шашны байгууллага авдаг гэнэ. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол байдал хэцүү тун бүрхэг байдаг аж. Тэд шууд л гудамжинд гарна. Харин оюун ухааны хомсдолтой хүүхэд насанд хүрээд Шархадны эмнэлэгт л хүргэгддэг аж.

Өөр ямар ч аргагүй, иймэрхүү маягаар тэнэмэл гэх тодотголтой хүмүүс үргэлжилсээр… Тэдэн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх боловч эдгээр хүүхдийг хэн асрах нь тодорхойгүй. Зарим хүүхдийг Баянхошуунд байдаг “Амьдрах ухаан төв”-ийнхөн авдаг бөгөөд энэ төвд очсон хүн гэр бүлтэй болтлоо амьдардаг аж. Энэ төвийнхөн хүүхдүүдээр өөрсдөөр нь юм хийлгээд түүнийг нь зарж борлуулан цалинжуулдаг гэнэ.

Иймэрхүү төвүүдийг олноор нь байгуулж, ирээдүйд Монгол Улсын хөгжлийг чиглүүлэгч болох цөөхөн ч гэсэн хүүхдүүдээ өөд нь татаж авах юмсан. Адаглаад Монгол Улсын иргэн учраас эрхээ эдлэх ёстой шүү дээ. Тиймээс тэнэмэл гэх тодотголтой, асрамжийн газрын хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг болжээ.

Э.Туул


URL:

Сэтгэгдэл бичих