Нийтийн тээвэр буюу нийтээр нь гэмтээх унаа
Нийтийн тээврийнхэн гэж нэг бол ажил хаядаг нөгөө бол осол гаргаж хүний аминд хүрдэг гэсэн ийм л дүр зурагтай байна.
Ер нь олон нийтэд үйлчлэх үүрэг хүлээсэн, энэ хэрээрээ хариуцлага маш өндөртэй том оврын автобуснуудын бусармаг үйлдлээс болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон хүн маш олон. 2012 оны сүүлчээр энэ үзэгдэл бүр гаарсан. Өөрөөр хэлбэл, автобусны жолоочдын хэрэг зөрчилгүй өдөр гэж байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Жолооч нь хурд хэтрүүлнэ. Тамхи татна. Хөгжмөө байдгаар нь орилуулна. Бас бусад машиныг шахна, хэл амаар доромжилно. Зорчигчоо бууж сууж амжаагүй байхад хөдөлнө. Хүний тоо цөөхөн байвал өөр автобусанд чихнэ. Мөнгө хураагч нь болохоор зорчигчдыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Чадал муутайг нь хөөж буулгана. Хаяг байсаар байтал буудал дээр чиглэлээ зарлаж орилно.
Үнэхээр ярих юм алга. Энэ чинь соёлт нийгэм шүү дээ гэж анхааруулсан ч тийм шаардлагыг юман чинээнд үл тооно. Ийм дүр зураг хэзээ арилах юм бэ? Ямар ч хөгжилтэй орны нийтийн тээвэрт том оврын автобус үйлчилдэг. Энэ ч утгаараа Улаанбаатарчуудын хөл дүүжлэх унаа нийтийн тээврийн автобус. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд, ажилчдад нь өндөр шаардлага, шалгуур тавьдаг. Гэсэн ч манайд үйлчилгээний чанар, соёл хангалтгүй, заал нь бохир, тасалбараа тасалдаггүй, буудлаа зарладаггүй гэсэн гомдлууд өнөөдрийг хүртэл тасрахгүй л байна.
Нэг баримт дурдъя. Тээврийн прокурорын газраас зам тээврийн осол, хэргийг хянах явцад нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, осол гаргах явдал буурахгүй байгаа нь тогтоогдсон тул үүний шалтгаан нөхцөлийг судалж, зөрчлийг арилгуулах талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн удирдлагад мэдэгдэл хүргүүлсэн байна. Нийтийн тээврийн хэрэгслийн 77 жолооч 2012 онд зам тээврийн ослын улмаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулсан бөгөөд тэдний гаргасан ослоос болж 14 хүний амь нас хохирсон аж. Зам тээврийн ослын гол шалтгаан нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын холбогдох журам, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталдаггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гарцаар гарч яваа явган зорчигчдод зам тавьж өгдөггүй зэргээс үүдэлтэй байдаг байна.
Нэг үеэ бодвол нийтийн тээвэрт явах автобусны тоо нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн тоо ч өссөн. Харин үйлчилгээ эрхэлж байгаа компаниудын боловсон хүчний сахилга хариуцлагын асуудлыг л одоо цэгцлэх хэрэгтэй байна. Энэ бол соёлтой үйлчилгээг шаардаж байна гэсэн үг. Түүнээс гадна манай хотынхон буух, суух соёлоо хүртэл эзэмшиж сурмаар байна. 60, 70-аад оны хотынхон буудал дээр дугаарлаж зогсоод автобусандаа суудаг дэг жаягтай байсан гэдэг. Бас нэгэн хэнэггүй зан гаргах тохиолдол элбэг. Тэр нь автобус эвдэрч, дугуй хагарч, цагдаа зогсоож, шатахуунаа авах гэж зам гажих зэргээр зорчигчдыг саатуулах тохиолдол гардаг. Ийнхүү нийтийн тээврийнхэнд нийгэмшиж өгөхгүй гаж зуршил арилахгүй байсаар байна. Уг нь жолооч шугаманд гарахын өмнө автобусандаа техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарах ёстой. Зарим жолооч халамцуухан явдаг гэх яриа ч бий. Монголд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ихээхэн эрсдэлтэй гэж гадаадынхан ярьдаг нь ч үнэний ортой. Өнөөдөр нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлж буй 16 компани байгаа гэх тоо бий. Зарим компани мөнгөө хэмнэх гэж жолоочоо ээлжгүйгээр өдөржин үүрэглүүлэн явуулдаг нь осол гаргах шалтгаан болдог гэж үзэж байна.
Автобусанд шахцалдах, хүмүүс бие биеэ шүргэх нь дэндүү бүдүүлэг гэж хэлж болно. Манайд ингэж явахаас өөр арга байхгүй. Энэ нь том хотуудын жишигт хүрч метро шаардагдаад байгаа хэрэг. Зөвхөн иргэдэд үйлчилж байгаа автобус найдвартай тав тухтай байх ёстойг л онцлох гэсэн юм. Төр засаг энэ байдалд анхаарлаа хандуулж автобусны парк шинэчлэлийг удаа дараа хийж цахилгаан тээвэр компанийн хэдэн троллейбусыг эс тооцвол хоёр жилийн өмнөөс 400 шинэ автобус үйлчилгээнд явуулаад удаагүй байна. Цаашдаа эдгээр шинэ автобус ямар байх нь тэднийг жолоодож арчилж байгаа жолооч нараас шалтгаалах биз ээ. Гэхдээ жолооч бүхэн буруу үйлдэл хийдэг гэж ойлгож болохгүй. Олон жил хүн тээвэрлэсэн юу хийх ёстойгоо мэддэг хашир жолооч нарыг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хvний нөөцийн хөгжилд тавих шаардлага зүй ёсоор урган гараад байна.
П.Дөлгөөн
URL: