Тоосжилтоос үүдэлтэй өвчин уурхайд их байдаг
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед түүнээс урган гарах олон сөрөг үр дагаварын нэг нь энэ салбарт ажиллагсдын дунд элбэг тохиолдох уушги тоостох өвчин юм.
Уурхайгаа хөгжүүлэхдээ технологийг нь зэрэг хөгжүүлэхгүй бол 10 жилийн дараа гэхэд энэ асуудал нийгмийн нэг эмзэг сэдэв болж, улсаас тэтгэмж авах хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтөний тoo асар их болох нь ээ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Гэвч манай улсад мэргэжлийн өвчин судлал ганц байдаг ч тэнд хэрэглэх аппарат хэрэглэл нь тун хуучирч муудсныг ч бас албаныхан хэлж байна.
Мэргэжлээс шалтгаалах өвчнийг 100 хувь гэж үзвэл
-Уушигны гадны шалтгаант өвчин 61.6,
-Мэдрэлийн өвчин 15.7,
-Төрөл бүрийн бодисын хордлого 8,0,
-Яс булчингийн тогтолцооны өвчин 5,8,
-Цусны эргэлтийн системийн өвчин 4,0,
-Бусад өвчин 4,9 хувийг тус тус эзэлсэн байх юм.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ судалгаанд хийдэг ажлаа авсан өвчний дийлэнх хувийг Уушиг эзлэж байгааг бэлхнээ харж болно. Монгол хүний уушгийг ингэж олноор нь өвчлүүлэх болсон гол салбар нь уул уурхай. Үйлдвэрлэлийн ослоор ч тэргүүн байр эзэлдэг энэ салбар одоо үхэж үрэгдэхгүй юм гэхэд өвчлүүлж, хордуулдагаараа тэргүүн дээд амжилт тогтоож байна.
Орчин нь үргэлж тоосжилттой байдгаас уушиг тоостох өвчтэй болох магадлал хамгийн их. Насны хувьд идэр залуус уурхайд ажилладаг, бас эрчүүд голдуу ажиллах салбар учраас уурхайн залуус уушигтай өвчтэй байх магадлал хамгийн өндөр болж байна. Салбар нь өөрөө хурдтай хөгжиж байгаа болохоор түүнийг дагаад сөрөг үр дагавар нь ч өсөх нь ойлгомжтой.
Өнөөдөр 5000 орчим гэж тоологдож байгаа мэргэжлийн өвчтэй хүмүүс хэдхэн жилийн дараа гэхэд бүр ч олон болно. Гэвч тэднийг эмчлэх тусгай мэргэжлийн эмнэлэг байхгүйтэй ижил. Улсдаа ганц байдаг мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв дэргэдээ оношлогооны төвтэй. Тэнд нь сүүлийн үед шинэчлэл засвар хийгдээгүй, тоног төхөөрөмж нэмээгүй уджээ.
Оношлогооны наад захын хэрэглэл болсон рентген аппарат нь гэхэд хамгийн залуу нь 1972 оных. 30 жил тасралтгүй ажилласан аппараар хүний эрүүл мэндийг тогтооно гэдэг итгэхэд бэрх хариу гарах нь ойлгомжтой. Сайхан ярьдаг ч сайн хийдэггүй хүний амнаас эрдэс баялагаас илүү эрдэнэт хүн л эх орны ирээдүй мөн гэх мэтийн үг олонтоо гардаг.
Гэвч баялагаа л бодохоор хүнээ бодоогүй бодлогын бодит жишээг уушигны тоосжилттой болсон, болох гэж байгаа мянга мянган залуус харуулах нь ээ. Баялагтай улс баяжих нь тодорхой ч бас өвчлөх нь эргэлзээгүй болчихоод байх шиг байна. Мэргэжлийн анхааруулж хэлж байгаа өнөөдөр л мэргэжлийн өвчнийг эмгэгийг эмчилдэг нарийн мэргэжлийн эмнэлэгтэй болох, өвдөхөөс нь өмнө сэргийлдэг бодлоготой болоё.
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”
URL: