Хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн “Битлз”-ийн нээлтүүд

7328e3d4ca4ccad752917c288a53d264Дэлхийн хөгжмийн ертөнцийн эргэн тойрон дахь сонин хачин мэдээ мэдээллээс гадна хөгжмийн мэдлэгийг түгээх зорилго бүхий “PlayMusic” хөгжмийн булангийнхаа ээлжит нэгэн мэдээллийг хүргэж байна.

Энэ бол “Ливерпүүлийн дөрвөл” гэгддэг домогт Битлз хамтлагийн хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн “онцлох” нээлтүүдийн тухай сонирхолтой мэдээлэл билээ.

10. Клип
Домогт “Битлз” хамтлагаас өмнө Эльвис Пресли тэргүүтэй уран бүтээлчид дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгож байсан боловч эдгээр нь гол төлөв тухайн дууныхаа хэсгээс тоглосон богино хэмжээний кино хэлбэрээр гардаг байсан байна. Үүнээс улбаалан “Битлз” хамтлаг тухайн дуугаа амьд хэлбэрээр дуулах биш харин ч кино урлаг болон тухайн дууныхаа утга агуулгыг илэрхийлсэн бүрэн хэмжээний богино клипийг гаргаж эхэлсэн нь эдүгээ бидний үзэх дуртай “видео клип” болжээ. Ингэснээр “Битлз” хамтлагийнхан урилга ирүүлсэн орон бүрт очих гэж шахуу төлөвлөгөөтэй ажиллахын оронд түр ч гэсэн амсхийж өөрсдийн дууны клипийг илгээдэг болжээ. Хамтлагийн анхны видео клип “Paperback Writer / Rain” (1966) уран бүтээл нь аж.

9. “Консепт цомог”-ийн тухай анхны ухагдахууныг гаргажээ.
“Консепт цомог”-ийн бусад төрлийн цомгуудаас ялгарах онцлог нь тухайн цомогт багтсан уран бүтээл бүр хоорондоо утга уянгын бүрэн авцалдаатай байх зарчим бөгөөд 1966 онд хамтлагууд эх зах нь мэдэгдэхгүй олон сингл гаргадаг байж, хожим тэдгээрийгээ нэгтгэн цомог гаргахад аль ямар бүтээлийг нь онцолж оруулах тал дээрээ багагүй бэрхшээлтэй учирдаг байснаас ийм гайхалтай санаа төрсөн нь энэ ажээ. Ингээд “Битлз”-үүд “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” консепт цомгийг гаргаж байсан юм байна.

8. Стадионд тоглолт хийх боломжтойг баталжээ.
Хэдийгээр дууны дуугаралтын хувьд авах юмгүй мэт байсан ч уламжлал болсон театр, концертийн танхим зэрэг газруудад тоглохоос илүү цэнгэлдэх хүрээлэнд бас концерт хийж болдог юм байна гэдгийг баталсан гайхалтай явдал 1965.08 сард Нью Йоркийн “Шиа цэнгэлдэх хүрээлэн”-д болжээ. Тогтсон концертийн зааланд тоглоход 1000 ба 10.000 тасалбар зарагддаг байсан бол цэнгэлдэхэд тоглоход 55.000 гаруй тасалбар зарагдаж цэнгэлдэх хүрээлэнд болсон анхны рок тоглолт амжилттай болжээ. Тоглолтын тасалбар $4.50 – $5.75 долларын ханштай байсан бөгөөд нийт $300.000 долларын үлэмж ашиг олжээ.

7. Студийн шошгод “нэр”-ээ оруулсан анхны хамтлаг болжээ.
Аливаа хамтлаг, уран бүтээлчид шинэ цомог гаргахаар болоход тухайн цомгийн пянз, CD дээр гэрээтэй ажилладаг дуу бичлэгийн студи, ивээн тэтгэгчийн лого тэмдгийг хэвлэхээс бусдаар хамтлагийн нэрийг дурьдаж байсан тохиолдол “Битлз”-ийн үед байгаагүй ажээ. “EMI Records”-той 1967 оноос дахин 9 жилийн гэрээ байгуулсан хамтлаг энэ тал дээр багахан алдсан ч сургамжтай бас авууштай санааг хөгжмийн ертөнцөд өгсөн юм.

Энэ нь тэд “EMI”-тай байгуулсан гэрээнийхээ хажуугаар өөрсдийн “Apple Records”-ийг байгуулахын сацуу Америк дахь “EMI”-ийн салбар хэд хэдэн рекордстой гэрээ байгуулжээ. Тэдний “Apple Records”-оосоо гаргахаар хүсэлт тавьсан цомогт “EMI” хориг тавьсан ч тэд хамтлаг болон рекордсын нэрээ хэвлэсэн шошго бүхий цомгийг гаргасан нь хожим гэрээний үндсэн заалтуудаа зөрчсөн гэх цөөнгүй шалтгаанаар хуулийн дагуу арга хэмжээ авахад хүргэж байсан юм байна.

6. Шууд эфир
Хэдийгээр тэд телевизийг нээгээгүй ч шууд тоглолт, шууд нэвтрүүлгээ телевизээр тухайн агшинд “LIVE” дамжуулах явцыг нээсэн гэхэд хилсдэхгүй юм. Ингээд дэлхийн анхны шууд эфирийн дамжуулалтыг 1967.06 сард явуулсан бөгөөд энэ нь “Our World” гэсэн хөтөлбөр байсан байна. Тус арга хэмжээнд 19 орны үндэстэн, уран бүтээлчид оролцсон бөгөөд “Битлз” хамтлаг хаалтыг нь хийж “All You Need is Love” дуугаа дуулсан нь дэлхийн хаана ч “шууд” хүлээн авах боломжтой “LIVE Concert” байжээ.

5. Олон улсын “Чарт №1”
Тухайлсан уран бүтээлчдийн дуу хөгжим дэлхийн цөөнгүй чартуудад өрсөлдөхүйц хэмжээнд хараахан хүрдэггүй байсан чамлангуй амжилтыг “Битлз” хамтлаг эвдэж тив дэлхий дахинд уран бүтээлээ цуурайтуулж шилдгийн шилдэг гэдгээ баталсан олон гайхалтай дуу хуураараа Америкийн “Billboard” тэргүүтэй олон чартад №1 болж байсан юм. Энэхүү үйл явдлыг 1964 онд тохиосон хэмээн онцлох бөгөөд “Billboard Hot – 100” уран бүтээлийн чартад олон долоо хоногийн турш олон арван дуу нь №1 / №2 / №3 / №4 дугаарт жагсаж байсан байна.

4. Дуу бичлэгийн студид тавигдах стандартыг шинэчлэв.
“Битлз” хамтлаг болон хамтлагийн дууны инженерүүд аливаа дуу бичлэгийн мэргэжлийн студид байх наад захын техник тоног төхөөрөмжид юу юу орохоос эхлээд дууны дуугаралтын бүхий л технологийг цогцоор нь бий болгох явдлыг нэг мөр болгосон гэнэ. Бүгдийг нь биш ч гэсэн дуугаралтын чанарт нөлөөлөх микрофон, стерео эффект зэрэг олон нарийн зүйлийг шийдэж өгсөн байна.

3. Дууны үгтэй цомгийн “чимэг” ном
Цомгийн чимэг номд тухайн цомогт багтсан дуунуудын үгийг хамтатган хэвлүүлэх хэв маягийг “Битлз” хамтлагаас эхтэй гэж үздэг ба дууны үгийг нь хамтатган хэвлэсэн хамтлагийн анхны “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог 1967 онд гарчээ. Гэвч энэ нь аливаа уран бүтээлчийн цомог бүрт тавигдах тогтсон стандарт биш билээ.

2. Хамтлагийн гэрээнд тавигдах стандарт / шаардлагуудад шинэчлэлт хийв.
1960-аад оны хамтлагуудад аливаа ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд хэд хэдэн зүйлийг чандлан тогтоосон байдаг байжээ. Тухайлбал, гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа тухайн хамтлаг жилд дор хаяж нэг цомог гаргах, цомгийн сурталчилгааны ажлаар хэд хэдэн тоглолтыг хийж аялан тоглох зэрэг заалтууд байдаг байсан байна. “Битлз” хамтлаг жил бүр бараг хоёр цомог гаргадаг байсан төдийгүй цомгийн борлуулалтаа өсгөх зорилгоор бүтэн 6 жил тасралтгүй аялан тоглодог байсан юм байна.

Эцэст нь тэд 1966.08 сард Сан Францискод энэ төрлийн хамгийн сүүлчийн тоглолтоо хийжээ. Байнгын аялан тоглолттой байх нь шинээр гарсан дуу хөгжим бүрийг амьдаар үзэгчдэд тасралтгүй хүргэх боломж хомс, ядрангуй хоолойтой тэрхүү шинэ дууг хүлээж авах үзэгчдийн нааштай байдал, тоглолтын бэлтгэл, аюулгүй байдал гэх зэрэг цөөнгүй хүчин зүйл тэдэнд эл шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

1. ФМ Радио / АНУ
1968 онд Америкт “AM” радио станцууд үйл ажиллагаагаа явуулж ямар ч уран бүтээлийг 3 минутаас хэтрүүлэлгүй явуулдаг байжээ. “Битлз”-ийн “Hey Jude” дуу 1968.08 сард гарч энэ нь 7.30 минут байсан нь тус жанрын радионуудаар явах боломжгүй буюу 3:00 минут хүрэв үү үгүй юу автоматаар зогсоох ёстой болсон үе юм. Энэ нь дууны хамгийн гоё хэсэг болох “На На Нанананаааа” хэсгийг сонсож чадахгүй явдал байсан бөгөөд хожмоо энэ нь “AM” радиогоороо ярьж, “FM” радиогоор дуу хөгжим хүргэдэг стандартыг хэдхэн жилд нээх үндэс болж өгсөн байдаг.

URL:

Сэтгэгдэл бичих