Өнөөдрөөс эхлэн шинэ монгол боллоо
Хүсэн хүлээсэн гуравдугаар сарын 1 боллоо. Өнөөдрөөс тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Олон нийтийн газар тамхи татсан нэгнийг нь торгоно. Эл “гэмт хэрэг”-ийг нуун дарагдуулсан байгууллагаас бүр их мөнгө авна. Жигтэйхэн юм болно гэж байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нийг угтаж тамхичид эмгэнэл зарлаж, тамхиа хэтрүүлэн татаад сүйд болцгоож гэнэ. Тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө гаргасан энэ хуулийг эсэргүүцэх нэгэн нь тамхины утаанаас нь “хумсалж” байгаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай хүртэл ярьж байгаа сурагтай. Ямартай ч зарим нэгнийг нь ийнхүү гонсойлгосон ч нөгөө хэсгийг нь баярлуулсан тамхины хяналтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ганц энэ ч биш юм. Бас хажуугаар нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хүчин төгөл-дөр болж байна. Энэхүү хууль Монгол Улсын хилээр хувь хүн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож, гадны импортыг хязгаарлах зэргээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг бүхий л талаар нь хөндсөн билээ. Тэгэнгүүт хүнсний наймаачид нь барайж, худалдан авагчид нь баясаж эхэлсэн юм. Ингээд бас болоогүй. Үүрэн телефоны оператор компаниуд өнөөдрөөс ярины тарифаа секундээр тооцох болно. Хэрэглэгчдийг шулж байна гэж адлагддаг тэдний хувьд О.Магнай даргын “нударга”-ны амтыг нэг сайн үзэж аваад хашрав бололтой, “Хэрэглэгч бол хаан” гэж үнэн голоосоо ярьж суугаа. Тиймдээ ч товлосон хугацаанаасаа өмнө ярианы төлбөрийг минутаар биш, секундээр тооцож монголчуудыгаа баярлуулж байгаа бололтой. Ингээд өнөөдрөөс эхлээд Монгол Улс өөрчлөгдөх нь. Цоо шинэ супер улс болох нь. Үүнээс хойш эрүүл хоол хүнсээ гахай болтол идэж, тамхины утаанаас татгалзаж, чөлөө завгүй утсаар ярьцгаан өдөр хоногийг өнгөрүүлэх боломжтой боллоо. Шинэ Монголын шинэ иргэд гэж үүнийг л хэлэх байх. Дахиад өөр ямар шинэ зүйл биднийг хүлээж байгаа бол. Хүлээж тэсэхгүй нь ээ.
Э.Баясгалан
URL: