Оюутолгойн хувь нийлүүлэгчид хоёр дахиа хэлэлцээрийн ширээний ард суужээ

86d2b2f9ba91d109bigОюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёр дахь удаагаа өчигдөр хуралдлаа. Хэлэлцээр хаалттай болох учраас хэвлэлийнхэн эхэндээ хурал хаана болохыг ч мэдээгүй. Харин арга хэмжээ эхлэхийн өмнөхөн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчид товлосон цагтаа буюу 16.00 цагт “Их тэнгэрийн ам” цогцолборт эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Эл хуралдаанд Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцож байгаа юм. Мөн хөрөнгө оруулагч тал болох “Рио тинто” компанийг төлөөлж мөн тооны эрхмүүд хэлэлцээрийн ширээний ард суужээ. Үүний өмнөх анхны хэлэлцээр бүтэлгүй болсон бөгөөд хоёр тал зөвшилцөлд хүрээгүй салсан тухай мэдээлж байсан. Тиймээс энэхүү хуралдаанд илүү ач холбогдол өгч аль болох ойлголцох талаар ярилцах нь ойлгомжтой. Хурлаар ТЭЗҮ-ээр батлагдсан анхны хөрөнгө оруулалтын хэмжээг яагаад нэмсэн талаар Оюутолгойн удирдлагууд тайлагнах ёстой бөгөөд Монголын тал өөрийн эрх ашгийг хамгаалсан асуудлуудыг хөндөх учиртай. Тодруулбал, төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдээд байгаа талаар тайлбар авах юм. Мөн гүйцэтгэх удирдлагын төвшинд Монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгой ХХК Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учраас Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах учиртай. Хараат бус ТУЗ-ийн гурван гишүүн, гүйцэтгэх удирдлагын 34 хувь нь Монголын талын төлөөлөл байх ёстой. Мөн Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оруулах гэсэн саналаа тавих юм. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд гадаадын компани ханган нийлүүлэгчээр түлхүү оролцдог. Мөн хурлаар яригдах бас нэг асуудал нь Оюутолгойн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийн талаар хэлэлцэнэ. Энэхүү төлбөр нь 2012 оны эцэс гэхэд 153 сая ам.доллар байх ёстой байтал 321.4 сая ам.долларт хүрчээ. Энэ мэтчилэн хэлэлцэж, ярих асуудал олон байгаа юм.

Д.АНГАРАГ

URL:

Сэтгэгдэл бичих