Туул голын бохирдол дэлхийд зарлагдлаа
Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд манай Туул гол тавдугаарт жагсчээ. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг буюу 1.564.120 км хавтгай дөрвөлжин газар нутагтай, гурав хүрэхгүй сая хүн амтай улсын хувьд энэ бол байж боломгүй, дэндсэн асуудал юм. Туул бол нийслэлчүүдийг ундаалдаг ундны усны эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж бохир ус нийлүүлснээс бохирдол эрс ихэсч, заримдаа голын ус шургах үед бохир ус давамгайлан урсах болжээ. Энэ нь хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдсэн. Дээрээс нь цэвэрлэх байгууламжаас гарсан ус чанарын шаардлага хангахгүй буюу 30 орчим хувийг нь цэвэршүүлдэгтэй холбоотой ажээ. Хэдийгээр албаныхан дээр дооргүй ярьж, бичиж, улмаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, нанотехнологи нэвтрүүлсэн гэх ч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр бохироороо дэлхийд дээгүүр орсноо зарлуулчихлаа.
Дээхнэ үед наадамд барилдахаар нийслэлд ирсэн бөхчүүд Туулын уснаас цай чанан хөвөөн дээр нь хоноглож, буцахдаа уснаас нь дээжлэн авч ээждээ амсуулдаг байсан гэдэг. Учир нь хатан Туулын усыг ээждээ уулгавал ариусна, урт насална гэж бэлгэшээдэг байж. Харин өнөөдөр энэ голоос ээждээ аваачиж өгнө гэвэл хордуулах, өвчлүүлэх санаа агуулсан мэт болно. Учир нь өдгөө нийслэлийн хөрсний 90 гаруй хувь нь бохирдсон нь Туулыг гол бус хор болоход хүргэжээ. Үүнээс болж загас, жараахай нь олноор үхэж, сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал хүртэл бий болон ургаж эхэлснийг судлаачид тогтоосон нь бий.
Туул гол нь Улаанбаатар хот, Төв аймгийн 20 сум, Булган аймгийн тав, Архангай аймгийн нэг, Өвөрхангай аймгийн хоёр сум, нийт нэг хот, дөрвөн аймгийн 27 сумыг дамжин урсдаг бөгөөд голын ус хурах талбай нь 49.616 ам.км байна. Энэ голыг бохирдуулж буй сөрөг үр дагавар нь Налайхаас эхэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус, карьер, хог хаягдал орсноос болж Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм /ГУЦЗАН/-ын хэмжээ 3.2-3.8 дахин ихэсдэг юм байна. Улмаар нийслэлд дөхөх тусам Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, барилгын хог хаягдал, хөрсний бохирдолт нийлж 5.4-12.4-т хүрдэг аж. Үүнээс болж Туул гол маш их бохирдсон гэх ангилалд хамаарч, цэвэршиж чадалгүй Орхон голд нийлдэг байна.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160-200 мянган шоометр бохир ус бүрэн бус цэвэрлэгдэн гарч, Туул гол уруу цутгасаар олон жилийн нүүр үзэж “Ази тивийн хамгийн бохир гол” нэрийг зүүж байсан удаа бий. Энэ нь олон жилийн өмнөөс хайрлаж, хамгаалаагүйн томоохон нотолгоо. Нөгөө талаар Туул голын сав дагуу хайгуулын лицензтэй 155, ашиглалтын 288 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүнээс барилгын материалын буюу элс, хайрганы 146, алтны 97, нүүрсний 33, бусад /боржин, төмөр, тугалга гм/ 10 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн хоёр хэсэгт арьс, шир боловсруулах нийт 30 орчим үйлдвэр, ноос, ноолуур угаах 26 цэг ажиллаж буй. Үүний улмаас Төв аймгийн Алтанбулаг сумын хэмжээнд усны бохирдол ихэсч, өмхий үнэртэх болсныг нутгийн иргэд ярьдаг юм билээ. Энэ нутгийн иргэдийн 70- 80 хувь нь голоо дагаж амьдардаг. Голын уснаас болж хүн, малын эрүүл мэнд муудаж, арьсны өвчлөл ихэссэн талаар тэд албаныханд гомдоллож, асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг ч төдийлөн үр дүн гарахгүй байгаа аж. Тус сумын иргэдийн хэлснээр мал голын уснаас хордон хээл хаядаг, хавар зуны улиралд өмхий үнэр нь хэрээс хэтэрдэг байна. Тэр бүү хэл хаврын цагаар гол гаталсан мориноос дор хаяж гурав хоног өмхий ханхалдаг гэнэ.
Сонгино, Шувуун фабрик,Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулан голын ус бохирдуулж буй хайрганы карьерийг мэргэжлийн хяналтаас шалган хаасан тохиолдол нэг биш гэнэ. Гэтэл дээд шатны дарга нар ээлжгүй утас цохисоор үйл ажиллагааг нь сэргээлгэдэг ажээ. Уг нь төрөөс баталсан хуулийг харин ч дарга нар илүү биелүүлж, уул усаа хайрлан хамгаалах ухааныг ард түмэнд сурталчилдаг, даган дуурайлгадаг байх учиртай. Гэвч тэд эсрэгээр, харин ч хууль зөрчихийн тулд дарга болсон мэт аягладаг байна. Энэ талаар Туул голыг хамгаалах зорилготой зарим байгууллагынхан “Хаалгаад ч нэмэр алга” хэмээн халагладаг юм билээ.
Гүний цэвэр ус нөхөн төлжихөд 5000-5 сая жил шаардагддаг. Гэтэл бид гүний худгаас цэвэр ус татаж байгаад жорлон, цахилгаан станцын хөргөлт, арьс, шир боловсруулах, ноос ноолуур угаахад хэрэглэсээр байх уу. Үүгээр ч зогсохгүй түүгээрээ өнгөний усаа бохирдуулдаг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. Дэлхийн бусад оронд ч ус гэдэг зүйл алтнаас үнэтэй болж буй энэ үед үйлдвэрийн хэрэглээнийхийг хоёрдогч буюу саарал уснаас гаргаж авдаж аж. Гэтэл манай улс энэ байдлаараа байвал ундны цэвэр усгүй болох цаг хаяанд ирснийг судлаачид сануулсаар байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Батзандангийн чулуу хайрга дайрганы карьер шувуун фарикт байдаг.түүнийг хэн хааж чадах вэ?