Эрүүлжүүлэх байруудыг “эрчимт эмчилгээнд” хамруулъя
Амтат рашаан хүндэт идээг (Архи) хэтрүүлэн хэрэглэсэн иргэд эрүүлжүүлэх байранд “зочилж” элдэв янзын ааш авир гаргадаг.
“Эрүүлжүүлэх байр” гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг хэлдэг. Энэ байр цагдаагийн төв байгууллагын харьяалалд ажиллах журамтай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдэд 10 эрүүлжүүлэх байр байдаг аж.
Эдгээрээс ачаалал ихтэй ажилладаг нь Сонгинохайрхан, Баянзүрх гээд нэрс хөвөрнө. Сайнаар хэлүүлж үзээгүй ч саар нэрээр “алдаршсан” эл газрын өнгө үзэмж, барилга байгууламжийг ярихын эцэсгүй. Иймдээ ч элдэв янзын асуудалд өртдөг. Тухайлбал, өчигдөр эрүүлжүүлэх байранд амиа алдсан залуугийн аав хэвлэлийнхэнд хандаж сэтгэл сэртхийлгэм мэдээллийг цацав. Уг хэрэг Дархан-Уул аймгийн Эрүүлжүүлэх байранд болжээ. Энэ мэт эрүүлжүүлэх байранд нас барсан гэх хэргүүд бий. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүн нас барсан тохиолдол нэг биш удаа гарсныг эргэн сануулья.
Улсын начин П.Ганбаяр зодуулсан байдалтайгаар амиа алдсан. Мөн 40 орчим настай эрэгтэй унтаж байгаад нас барсан гэх мэтээр үргэлжилнэ. Эрүүлжүүлэх байр гэдэг эмгэг өвчтэй хүнийг эдгээдэг газар биш. Хагас галзуу, харгис хэрцгий архидан согтуурсан этгээдүүдийг эрүүлжүүлэн гаргадаг “эмнэлэг”.
Нийгэмд архидан согтуурах явдал ихэссэн нь эрүүлжүүлэх байрны ачааллыг нэмэгдүүлжээ. Энгийн өдрүүдэд 40-60 хүн хүлээн авдаг эрүүлжүүлэх байранд баяр болоод ирэхээр энэ тоо эрс нэмэгдэж согтуучуудын “оромж” болдог аж.
Журамд зааснаар бол “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас гэр бүлийн буюу бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж гэмт хэрэг үйлдэх, захиргааны зөрчил гаргах, мөн өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх” зорилгоор эрүүлжүүлэх байранд хүргэдэг байна. Ачаалал ихтэй гэх алслагдсан дүүргийн эрүүлжүүлэх байрны асуудал хөндөх сэдэв гэлтэй. Эрүүлжүүлэх байраар архи ууж, агсам тавьсан, осол аваар гаргасан хүмүүс л үйлчлүүлдэг. Гэтэл тэднийг угтах орчин “ОО” заажээ. Гаднаас нь авахуулаад өнгө үзэмжгүй. Цонх нь хагарч, хаалга нь ханзарсан хавчиг өрөөнүүд.
Доторх орчинд эрүүл саруул хүн ажиллах нь байтугай, хагас галзуучууд ч хашгирч зугтмаар. Өтгөн шингэний ихүүн үнэрт өдөржин, шөнөжин сууна гэдэг амаргүй даваа. Шал нь гэж хагарч муудсан банзан дээр хэд гурваараа чихцэлдэж, хиртэж муудсан бүтээлгээр биеэ нөмөрнө. Согтуу иргэдийн орилох дуу, чимээ гээд дурьдаад байвал дуусахгүй. “Эрүүлжүүлэх байр” нэртэй эл эмгэгшсэн газрыг засч залруулмаар байна. Орчин нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэйг олон таван үггүй шууд хэлчихье. Хорих ангиудын орчин нөхцөл нэг үеэ бодвол “хааны харш” шиг л болсон.
Ийм орчинд хүн алж, хүрээ талсан хэрэгтнүүд “амьдарч” байхад, архи уусныхаа төлөө аймшгийн оромжинд залрах ёсгүй. Албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчид ч төмөр сараалжин дунд ажиллах “эрхгүй” байлтай. ХууЧир Ч муудсан ба йранд “хувьсгал ” хи йх цаг нь бол жээ Сонгинохайрхан дүүргийг хүн амаараа толгой цохидог гэх. Энэ ч утгаараа архидан согтуурах явдал элбэг гардаг аж. Үүнийг дагаад Эрүүлжүүлэх байр нь ч ачаалалтай ажилладаг байна. Эрүүлжүүлэх байрны ахуй орчин ямар байдгийг хүргэх зорилгоор тус дүүргийг зорьлоо. Биднийг очиход тус дүүргийн Эрүүлжүүлэх байр чимээ шуугиан ихтэй угтав. Согтуу нөхөр танхайрч байгаа нь тэр. Цагдаа нартай ноцолдож, зодохоос наахнуур авирлана. “Ална, хядна” гээд элдэв хачин үг хэллэгээр цагдаагийн албан хаагчдыг доромжилж цохих түлхэх нь энүүхэнд. Аргаа барсан цагдаа нар аль болох нааштайгаар асуудлыг шийдэхийг хичээнэ. Тэгсэн ч нэмэр болсонгүй танхай этгээд амиа хорлохыг завдав. Тэрбээр цагныхаа оосроор хүзүү, цээжээ зүсч элдвийн ааш гаргана. Куртикнийхээ цахилгааныг залгиж “Үхнэ” ч гэж сүрдүүлж үзэв.
Түүний хувцас хэрэглэлийг тайлж аван улмаар тусгаарлах өрөөнд оруулсан ч номхорсонгүй. Хэлэх, хэлэхгүй муу үгээр төрийн албан хаагчдыг доромжилж байсныг нуух юун. Ийм л эрүүл бус орчинд тэд ажиллаж байна. Тус дүүргийн Эрүүлжүүлэх байр нь 46.24 м.кв бүхий талбайтай. Гурван тасалгаа бүхий камертай. Энэ байранд өдөртөө 22 хүн хүлээн авах стандартай ч хоёр дахин их үйлчлүүлэгчийн хөлд дарагддаг аж. Нэг ээлжинд гурван цагдаа, нэг эмч, нэг жолооч ажилладаг . Тэдний ажлын ачаалал үнэхээр их. Өдөртөө 45-65 хүнд үйлчилдэг байна. Хэдийгээр эл барилгыг эрүүлжүүлэх байр болгон ашиглаж байгаа ч халуун усны зориулалтаар барьсан түүхтэй. 1988 онд Цэргийн халуун усны барилга баригдаж улмаар 1998 онд Эрүүлжүүлэх байр болгон өөрчилжээ. Тэгэхээр стандартынх бус байх нь тодорхой юм. Өнгөрсөн 2010 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлтээр эрүүлжүүлэх байрыг стандартынх бус гэдгийг нотолсон байна.
Д.Эрдэнэ-Очир: Хагас галзуу хүмүүстэй л харьцана гэсэн үг
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дэргэдэх Эрүүлжүүлэх байрны дарга Д.Эрдэнэ-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай дүүргийн Эрүүлжүүлэх байрыг ачаалал ихтэй гэлцдэг. Хоногт хичнээн хүн эрүүлжүүлэгдэж байна вэ?
-Хоногтоо 45-65 хүн эрүүлжүүлэгддэг. Эрүүлжүүлэх байрны багтаамж хангалтгүй. 1988 онд цэргийн халуун усны зориулалтаар баригдсан. 1998 оноос эрүүлжүүлэх байр болгон ашиглаж байна.
-Урсгал засвар хийгддэг үү. Өрөөний орчин нөхцөлийн талаар ярьвал?
-Жижиг засварууд хийгдэж байсан. Энэ жилээс их засвар хийгдэх төсөв суугдсан байгаа. Мэргэжлийн хяналтын газраас 2010 оны арванхоёрдугаар сард стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Хүн хүлээн авдаг гурван камер бий. 46.24 м.кв бүхий талбайтай. Стандартын дагуу энэ талбайд 22 хүн хүлээж авах ёстой. Гэтэл хоёр дахин илүү хүнийг хүлээн авч байгаа. Нэг өрөөнд 20 гаран хүн орно.
-Нэг ээлжинд хэдэн цагдаа ажиллах вэ?
-Нэг эмч, гурван цагдаа, нэг жолоочтойгоор ээлжинд ажилладаг.
-Согтуу иргэдэд үйлчлэхдээ дуудлагаар явдаг уу, эсвэл эргүүлийн цагдаа нар авчирч өгөх үү?
-Тасгуудад ажиллаж байгаа цагдаа нар хүмүүсээ цуглуулж, эндээс машинтай очиж авдаг.
-Өрөөнд тавигдах бүтээлэг нь хүрэлцээтэй байдаг уу?
-50 ширхэг бүтээлэг байдаг. Хүн тус бүрт нэгийг өгнө.
-Ачаалалтай үед хүний тоо 50-иас хэтэрвэл бүтээлэг хүрэлцэхгүй нь ээ?
-Хүрэлцэхгүй шүү дээ.
-Согтуу хүмүүстэй харьцаж ажиллана гэдэг амаргүй байх?
-Хагас галзуу хүмүүстэй л харьцана гэсэн үг. 60 хүн ирлээ гэхэд 60 янзын ааш гаргана. Тэр болгонд зохицуулж ажилладаг.
-Эрүүлжүүлэх байранд ажилладаг цагдаа нарыг сэтгэлзүйн сургалтад хамруулдаг уу. Энгийн хүнтэй харьцах нэг өөр, согтуу хүнтэй бас өөр биз?
-Цагдаа нарт сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилладаг. Сардаа нэг удаа хичээл заах жишээтэй.
-Гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхээ больсон гэх яриа байсан. Энэ үнэн үү. Ямар тохиолдолд эрүүлжүүлэх байранд авчирдаг юм бэ?
-Нэг үеэ бодвол гудамж, талбайд согтоод унасан хүнийг авчирч эрүүлжүүлэхгүй байгаа. Гэр орондоо агсам тавьсан, танхайрсан, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эрүүлжүүлнэ. Гудамжинд согтоод унасан хүн бүрийг авчраад байхгүй.
-Бусад дүүргүүдийн эрүүлжүүлэх байрны ачаалал хэр байдаг бол. Эсвэл танайх л ийм их ачаалалтай байгаа юу?
-Манайх ачаалалтай. Тоон судалгаанаас үзэхэд, Сүхбаатар дүүрэгт сардаа 300-400 хүн эрүүлжүүлэгдэх жишээтэй. Гэтэл манайд сардаа 1000-1200 хүн ирдэг. Манай эрүүлжүүлэх байртай ойролцоо ачаалалтай ажилладаг нь Баянзүрх дүүрэг.
-Эрүүлжүүлэх байранд үргэлж ирдэг “байнгын” үйлчлүүлэгч гэж байна биз?
-Байлгүй яах вэ. Гэхдээ ихэнх нь анх удаа орж ирсэн хүмүүс байдаг.
-Эрүүлжүүлэх байрны цагдааг иргэдтэй зүй бусаар харьцдаг гэлцдэг. Үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Цагдаа нар иргэдтэй соёлтой боловсон харилцах үүрэг өгдөг. Зарим тохиолдолд хэцүү байдаг. Согтуу хүмүүс чинь амаргүй.
-Эрүүлжүүлэх байранд эмчийн асуудал сөхөгддөг. Танайд эмч хэр хүрэлцээтэй байдаг вэ. Мэргэжлийн эмч нар байх уу?
-Эмчлэх эрхтэй, лицензтэй эмч нар байдаг. Мэргэжлээрээ дээд сургууль төгссөн байх. Манайх дөрвөн эмчтэй байх ёстой ч нэг хүний орон тоо дутуу байгаа. Эмч нар согтуу ирсэн хүмүүст үзлэг хийж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг. Шаардлагатай тохиолдолд 103 дуудаж өгнө. Эхлээд даралтыг нь үзнэ. Шарх сорви байгаа эсэхийг шалгана. Тусгай карт дээр тэмдэглэл хөтөлдөг.
-Эрүүлжүүлэгдээд гарлаа гэхэд төлбөр төлнө. Хэдэн төгрөг төлдөг вэ?
-Нэг хоногийн 4150 төгрөг төлнө.
-Хоногийн 4150 төгрөг гэлээ. Энэ мөнгө хаана зарцуулагддаг вэ?
-Эрүүлжүүлэх байрны төлбөр, хураамжийг зохицуулах журам бий. Тэрний дагуу санхүүд тооцоо хийдэг.
-Төлбөрийн мөнгийг эрүүлжүүлэх байрны засвар, бусад зардалд зарцуулж болдоггүй юм уу?
-Төлбөр нь төрийн сан руу орчихдог болохоор тэгэх боломжгүй.
-Танайхаар үйлчлүүлж байгаа иргэд янз бүрийн орчноос ирж байгаа. Боломжийн амьдралтай нэгэн байхад, орон гэргүй ч хүн байх жишээтэй. Энэ бүгдийг тусгаарлаад ангилж өрөөнд оруулах боломж хомс юм?
-Зарим хүмүүс өөрсдөө эрүүлжүүлэх байранд хоноё гээд ирдэг. Согтууг нь нэг, гэмт хэрэг үйлдсэнийг нь бас өөр өрөөнд ялгаж байвал зүгээр л санагддаг.
-Эрүүлжүүлэх байраа засуулах тал дээр холбогдох хүмүүст хүсэлт гаргасан уу?
-Дулаарахаар засвар орох байх.
-Камерт орсон согтуу хүмүүс амиа хорлох, бусдынхаа биед халдах зэрэг тохиолдол гарна. Тэгэхээр тэднийг байнга хянадаг байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Хяналтын камертай.
-Эрүүлжүүлэх байранд тусгай хэрэгсэл ашигладаг уу?
-Тусгай хэрэгсэл ашиглахдаа дүрэм, журмын дагуу хэрэглэнэ.
-Энд ажилладаг албан хаагчдын цалин хангамж хэр байдаг вэ?
-Эрүүлжүүлэх байранд ажиллахаар хүнд нөхцөлд орно. Тэгэхээр тодорхой хэмжээний нэмэгдэл байгаа. Энд ажиллахад хүний эрүүл мэндээс авахуулаад сэтгэлзүйд нөлөөлөх зүйл их.
А.Лхагважав
/Нийгмийн толь/
URL: