Эрүүл мэндийн сайд Засаг дарга нарт үүрэг өгөв

527-1350360504topУрин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан орчны бохирдлыг багасгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг ирэх сард багтаан хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.

Учир нь сүүлийн жилүүдэд ус, хөрсний бохирдол, хур хогтой холбоотойгоор халдварт өвчнүүд ялангуяа гэдэсний халдварт өвчнүүд болох А вируст гепатит, цусан суулга, сальмонеллёз өвчний дэгдэлтүүд их гарч байгаа аж. Тухайлбал, 2012 онд Булган, Хэнтий, Өмнөговь аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт А вируст гепатит, Говьсүмбэр, Дорноговь аймагт цусан суулга өвчний дэгдэлт гарсан байна.

Тиймээс бүх шатны Засаг дарга нарт харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбай, гуу жалганд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх, мал амьтны сэг, зэмийг зайлуулах арга хэмжээг зохион байгуулан сар бүрийн 1-ний өдрийг Их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэх, хог хаягдлын цэг, нийтийн бие засах газар, цэвэрлэх байгууламж, бохирын цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу шинэчлэх, халдваргүйтгэх, шавьжгүйтгэх арга хэмжээг зохион байгуулах, унд, ахуйн хэрэглээний усны эх булаг, ус түгээрийн шугам сүлжээ, ус нөөцлөх сан, шахуургын станц, ус түгээх байранд холбогдох дүрмийн дагуу хамгаалалтын бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг анхааруулжээ.

Түүнчлэн усан сан, ус түгээх байранд цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал тогтмол хийж цаашид улирал бүр хийж хэвшүүлэх, хүн амын унд ахуйд түгээж байгаа усны чанарт хяналт, шинжилгээ хийлгэж, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авах, Сум, дүүрэг, хороо, баг бүрт ариун цэврийн сайн дурын идэвхтэнг ажиллуулж, тэднийг урамшуулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулсан байна. Мөн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн сум, дүүрэг, хороо, баг, айл өрхийг шалгаруулан сурталчлах, эрүүл аж төрөх ёс, орчныг бохирдуулахгүй байх, халдварт өвчнөөс сэргийлэх талаар цуврал сургалт, сурталчилгааны арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах, албан даалгаврын хэрэгжилтийг гарган ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор Эрүүл мэндийн яаманд ирүүлэхийг даалгасан байна. Тус яам энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг эрүүл мэндийг дэмжих сар буюу ирэх дөрөвдүгээр сард дүгнэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих