Хоёр нам эвсэн нэгдэх тухай дуулианы эргэн тойрон

man_mahnОРШИЛЫН ОРОНД УЧИР­ЛАХ НЬ

Бидний багад олон хүүхэдтэй зарим айлууд хагарсан шаазангаа гад­наас нь цаас юм уу, ямар нэг зүйл тавин нааж арга­цаан хүүхдүүдээ хоол­лодог­сон. Энэ нь шаазан аяга ховор байсных биз. Тэгээд хөгшчүүд “Нэг хагарсан шаазан бүтэн болно гэж байдаггүй юм. Яаж ч аргацаасан төдхөн салаад унана” гэцгээх.

Сүүлийн хоногуудад МАН, МАХН хоёр эвсэх, хүчээ хавсрах, нэгдэн нийлэх тухай шуугилдаж эхэллээ Энэхүү дуулиа­ныг сонсоод “…соотон халтар дүйвээнээр” гэг­чээр МАХН-ын 1972 оны гишүүн, өчүүхэн бичээч би бээр нэг угшил, гар­валтай хоёр нам эвсэх юм уу, нэгдэн нийлж нэг нам болж болох тухай МАН, МАХН-ын Ахмадын бай­гуул­лагуудын хамтарсан мэдэгдлийг хүндэтгэн дэм­жихийн зэрэгцээ бас энэ тэрийг эргэцүүлэн мунгинаж яваагаа хэв­лэлийн зарим мэдээлэлд тулгуурлан хэлмээр санаг­дав.

Миний бие МАХН-ын (Хожим нь МАН гэх болсон) үзэл бодолд үнэнч, үйл ажиллагааг нь хэр хэмжээгээрээ дэмжиж, бас хувь заяаных нь төлөө санаа зовж, элдвийг би­чиж, санал бодлоо хэлж явдаг нэгэн билээ. Учир нь би нам, улсад өндөр алба хашиж, том дарга даамал яваагүй хэдий ч хорь гаруй­хан настайгаасаа МАХН-ын анхан шатны болон аймаг, хотын бай­гууллагуудад өөртөө таар­сан албыг залгуулж, ажил хөдөлмөр эрхэлсэн он жи­лүүдийнхээ тэн хагасыг МАХН-ын ажилд зо­риулж бас бор ходоодоо тэжээж чухамдаа энэ на­мын буянд өнөөдөр идэх хоолтой, дуудах нэртэй яваа хэмээн бахархдаг. Өнөөгийнхний ам булаал­дан хэлэлцдэг, хэн нэг­нийг эрхэлсэн ажил, улс төрийн үзэл бодлоор нь дүгнэж цэгнэдэг жишгээр бол би улс төрч хүн биш. Харин ч аль болох хол хөндий явахыг хичээдэг. Гэхдээ сонгуульд санал өгөх эрх бүхий иргэний хувьд үзэл бодлоо илэр­хийлж болох болов уу хэмээн “Хүрд эргүүлэх боломж…” гарах завшаан бүрд үгээ хэлж, бичиж явдаг жирийн нэгэн билээ.

ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ЯРИАНЫ ШУУРГА

МАН, МАХН-ууд эв­сэх, хүчээ хавсрах, нэг­дэн нийлэх тухай дээр доргүй, манай хүнийгүй чухам л хэлээ улдтал ярьж бичиж байна. Хоёр намын Ах­мадын холбоод хамтар­сан мэдэгдэл гаргаж, “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” байгуу­лагдаж, МАН-ын хэсэг ахмад зүтгэлтнүүд “Бид­ний хүч эв нэгдэлд ор­шино” гэсэн ил захидал илгээж, мөн МАН-ын бай­ранд МАХН-ын хэсэг нөхөд очиж золголт хий­жээ. МАН-ын удирдлага, за­рим зүтгэлтнүүд, болж байгаа үйл явдлыг дуу нийлүүлэн дэмжиж шар­гуу ярьж, түргэвчлэхийг чармайж байгаа нь ч ажиг­лагдаж байна. Энэ бүх­нийг өлгөн авсан хэвлэл мэдээллийнхэн “МАН-ынхан МАХН-д ая тал зассан, дотносож нялуур­сан хуурай цагаан үгийг хайр найргүй урсгаж бай­на” гэх маягаар шуугил­даж шүүмжлэх, шоглох өнгө аястай мэдээллийг цагаан сартай уралдуул­сан нь сүүлийн өдрүүдийн сүрхий сенсаци болж ол­ны анхаарлыг эзэгнэж байгаа бололтой. МАН-ын Ахмадын Холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат барилгачин Ө.Дорж­дэрэм цагаан са­рын золголтын үеэр “Ма­най хоёр нам эвсэж, хам­тарч ажиллах шаардлага амьдралаас урган гарч ирж байна. Тийм ч учраас МАН, МАХН-ын ах­мадын байгууллагууд хам­тар­сан мэдэгдэл гаргалаа. Бас манай намын хэсэг ахмад зүтгэлтнүүд хоёр намын удирдлагуудад хан­­даж ил захидал илгээ­сэн. Ойрын үед сонинд гарна” гэж ярьж явсан бол Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш “Манай нам цаг үеийн нөхцөл байдлаас болж нэ­рээ сольсон. Түүнээс шалт­гаалан хоёр хувааг­даж багагүй хохирол амс­лаа. “Улс төрд мөнхийн нөхөр, мөнхийн дайсан гэж байдаггүй” гэдэг үг бий. Энэ бол жудаггүй, хүний мөсгүй байхыг хэлж байгаа хэрэг бус үзэл бодол, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зөрж салах өдөр байхад бас үг яриагаа ололцож, хамтарч ажиллах, нэгдэн нийлэх өдөр байна гэсэн үг юм билээ. Би тэр цагийг их холгүй гэж бодож байна” гэсэн юм.

Харин МАХН-ын Ерөн­­хий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “ТВ-9” телевизээр ярих­даа “МАХН, МАН хоёр эвсэж, хамтарч ажиллах талаар яригдаж байгаа санал бодлыг миний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ анхаарах, бодож судлах зүйл цөөнгүй бий. Өнөө маргаашгүй шийдчих асуу­­дал биш. Нэлээд цаг хугацаа шаардах байх” гэж онцлон тэмдэглэж байхад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар цагаан са­рын дараа МАН-ын бай­ранд болсон нэгэн уулзалт дээр “Нэг угшилтай хоёр намын төлөөлөл болох та бид анх удаагаа учран зол­гож байгаа нь түүхэн үйл явдал болж байна… “Эв найрамдлын уулзалт-зол­голт” хийж байгаа нь бүр ч билэгтэй учрал боллоо” (“ӨС”.2013.¹44) гэхэд МАН-ын дарга Ө.Энх­түвшин “Энэ бол маш сай­­хан сэтгэл хөдөлгөсөн уулзалт-золголт. Энэ бол түүхэнд мартагдашгүй үйл явдал, энэ бол зөвхөн МАХН, МАН-ын асуудал болоод зогсохгүй, бүр Мон­гол Улсын маань эрх ашиг тээгдсэн үйл явдал. Үнэхээр нэг гэрт төрж өссөн ах дүүс бүтэлгүй хүмүүсээс болж өрх тус­гаар­лагдсан шүү дээ” (“ӨС”.2013.¹44) гэж ол­зуур­хан тэмдэглэсний ха­риуд МАХН-ын Бага чуул­ганы гишүүн Г.Баяр­сай­хан “Баярлалаа… Төгсгөл­гүй үргэлжлэх есийн тоог бэлгэдэн хоёр намын тө­лөөлөл ес есөн хүнээс бүрдэн учран золгож буй нь ихээхэн утга учиртай. Та бид айл өрхөөр яривал нэгэн тоонотод төрж өссөн яахын аргагүй ахан дүүс мөнөөсөө мөн” (Мөн сонинд) гэсэн байна билээ.

Тэгвэл МАХН-ын Гүй­­цэтгэх товчооны ги­шүүн Г.Бямбасүрэн “Үнэн­­дээ, манай хоёр намд эргэж нийлж нэгдэх бо­ломж байхгүй. Үйл ажил­­лагаа, үзэл баримт­лалын маш том алдаа зөрч­лөөс болж салсан шүү дээ… МАН-ынхны мэ­хэнд унаж, золигт гарч мэднэ” (“ӨС”.2013.¹42) хэмээн анхааруулж байгаа бол МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир “МАН, МАХН нэгдэнэ ч гэнэ үү. Тэгвэл яах гэж салсан юм бэ. Салсанаараа л байх хэрэгтэй. Баяртай гээд явсан, тэгээд яваач дээ. Юу гэж эргэж ноцоод байгаа юм” (“УТТ” сонин. 2013 он) гэж ихэд эгдүүцэн хэн нэгнийг сүрхий заг­насан харагдана билээ. Энэ мэт ая тал засч уриал­сан, шууд дэмжсэн, дун­дыг барьж болгоомжил­сон, нам, улс орныхоо эрх ашгийг бодсон. Түүгээрч барахгүй гоморхож ту­нирх­сан, эрс үгүйсгэсэн, өс хонзон илэрхийлсэн янз бүрийн үзэл бодлын уралдаан өрнөж, үг ярианы шуурга дэгдээд байна.

ХҮНИЙ МӨС ЖУДАГ, НОЁН НУРУУ ГЭДГИЙГ ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ

Юуны өмнө хоёр нам эвсэх, хамтран ажиллах, нэгдэн нийлж нэг нам болох тухай ярьж, мэдэг­дэл гаргаж байгаа хүмүүс ялангуяа МАН-ын тө­лөөллийг ажиглахад тэд­ний ихэнх нь МАХН-ыг нам шиг нам байх үед, Монголын тэн­гэрт ман­даж, намирч яв­сан том удирдагчид байгаа нь нэг талаар бахархууш­тай. Тийн­хүү амьд домог бол­сон ахмадууд эдүгээ цаг дор өдий насныхаа өн­дөрлөгөөс МАХН-ын­хаа төлөө, эх орон, ард түмний эрх ашиг, эв нэгд­лийн төлөө ийнхүү санаа зовнин бодлоо чилээж, сэтгэлээ илэрхийлсэнд цөөнгүй хүн талархаж бай­гаа байх. Ха­рин тэдний дунд МАХН-ыг хагалж бутарган устгаж нэрийг нь сольж МАН гэгчийг бай­гуулсныг хөөр баяр болон талархагчдаас цөөнгүй хүн харагдсан нь сонирхолтой. Үнэнийг хэлэхэд тэд намын­хаа тухайн үеийн дарга нарыг, гишүүд дэм­жигчдээсээ тасран хол­дож, улс ор­ныхоо эрх аш­гийг умар­таж, улмаар намын нэрийг сольж хага­лан бутаргаж байхад таг дуугай суусан хүмүүс. Харин ч намаа бутарч МАН болсны баярт орол­цож, өнөөгийн хам­гийн “бүтэлгүй хүмүүс” болоод байгаа Сү.Батболд, У.Хү­рэл­сүх мэтээс батлах барим­тыг нь гардан авч байсан. Энэ чинь “Тун­галаг тамир” киноны Чимэг хүүхэн МАН-д эл­сэх үедээ Ловон ламыг загнаж хэлдгээр ариун явдал уу. Хоёрт гэвэл мөн ерэн оны үймээний үед ардчиллын нэр баригчдад хамгийн түрүүнд найр та­вин сүүлээ шарвалзуулж улс орноо эзэнгүй айл шиг хаяж, тогооны угаадас шиг цацаж орхигсдын үл­дэг­дэл, тэдний төлөөлөл бас цөөнгүй байгаа нь нэг л содон санагдлаа. Өнөө­дөр эв нэгдэл, хамтын ажиллагаа, нэгдэн ний­лэхийг уриалан дуудагч тэдгээр нөхөд нам бутарч, олигархиуд гаарч улс орон, түмэн олон уруудан дорой­тож байхад хаана явж, юу бодож, хэрхэн хандаж байсан хэрэг вэ? Ер нь хүний мөс жудаг, ноён нуруу, үзэл бодолдоо үнэнч, хүн чанартай бай­хын утга учир гэдэг чинь зөвхөн өнөөдөр л байхгүй болчихсон, чухамдаа энэ цагийн өнгө төрх, залуу­сын явдал бус харин ч эртний уламжлал угшил­тай юм биш үү гэсэн бодол олон хүнд бодогдож байгаа байх.

“БҮТЭЛГҮЙ ХҮМҮҮС”-ЭЭС СУРГАМЖ АВАХЫН УЧИР

Миний бие нэгэнт болоод өнгөрсөн үйл явд­лыг шүүмж­лэхийн тулд шүүм­жилж, эргэн эргэн нур­шиж байгаа хэрэг бус Ө.Энхтүвшин даргын дээр цохон дурдсан “Бүтэлгүй хүмүүс”-ээс авах сургам­жийг хэзээ ч мартаж болох­гүйг дахин дахин сануулах гэсэндээ бичиж байгаа юм. Тэгээд ч “Хүн хэрээрээ, тэмээ тэн­гээ­рээ…” гэдэгчлэн МАХН, ард түмний эрх ашиг, эв нэгдлийн төлөө санаа зовж, улс оронд маань юу болж, ард олны аж амьд­рал, нөгөө хөгжил дэвшил гээч нь чухам хаашаа хэр­хэн явж бай­гааг хараад харамсаж, зүрх шимширч явдаг хүмүү­сийн нэг. Тийм ч учраас МАН-ын (Тухайн үедээ МАХН нэртэй байсан) цаг цагийн удирд­лагад хандан санал бодлоо илэрхийлж “Мө­хөл уруу мөлхөж яваа Монгол” (“Бодлын солбицол”. 1992 оны Х сар), “Золбиншил” (“Зууны мэдээ”. 2009 оны Х сар) гэх мэтээр элдвийг бичиж, бас бухимдлаа тайлахыг орол­дож явлаа. Одоо ч бич­сээр. Даан ч мань мэтийнх­­ний үгийг үг хэ­мээн үзэж, анхааран бо­дож болгоодог эрхэм дээдэс чухам хэд байдаг бол… Энэ мэт МАН-ын (Тэр цагийн МАХН-ын) тухайн үеийн удирдагчид жирийн гишүүд, дэм­жигч­дийнхээ үгийг сонсох нь бүү хэл хүний эрх, эрх чөлөө, ардчиллын сайхан нэрийг баригч хулхи ардчилагчид­тай ил далд үгсэн хуйвил­даж, олон мянган ком­мунис­тууд, жирийн хөдөл­мөрчдийн хөлс, цусаар далаад жи­лийн туршид бий болсон баялаг, үнэт зүйлсийг яаж хулгайлж луйвардах, хэр­хэн баяжих тухай тархиа гашилгаж, нойроо хуга­салж, чөмгөө ширгээж явсныг ямар нэг арын хаалгагүй, авилга өглөг горьддоггүй түүхийн шар­ласан хуудас бэлхэнээ харуулж байна.

Энэ үгийг би “Миний бичсэнийг тоож үзсэнгүй” хэмээн гоморхсондоо бус МАН-ын зарим эрх баригчдын, жирийн гишүүд дэмжиг­чид, олон түмнээсээ хэр­хэн тасарч, өөрсдийнхөө үзэл бодол, үйл ажиллагааг намын бодлого хэмээн эндүүрч бусад нөхөд, ги­шүүд дэмжигчид, улс орон­доо тулган хүлээл­гэдэг биеэ тоосон байдал, нам олон түмнийхээ эрх ашгаас урвасан бусармаг явдалд нь харамсан хэлж байгаа юм. Тэд юуны түрүүнд МАХН-ыг ямар нэг үзэл баримтлал, онолын баримжаа, оюун ухаангүй болгохын тулд “Нагаржунай” мэтийг улиг­лан сурталдаж толгой­гүй болгосон. Хоёрт Парламентийн нам гэдэг хийрхэлийн дор жирийн гишүүдээс нь салган хөн­дийрүүлж хөлгүй болгож хаясан. Энэ бүхний цаана МАХН-ын нэрийг солих замаар Монгол Улсын түүхэнд асар их гавьяа байгуулсан, өнө удаан жи­лийн баялаг туршлагатай, тулхтай нөлөө бүхий улс төрийн том хүчнийг хагалан бутаргах. Үй олон үнэнч дэмжигчдээс нь салгах, улмаар бүрмөсөн устгаж улс орноо, бүхнийг үгүйсгэгч, бүрэлгэн уст­гагч, туйлшрагч, урвагч, тэнэмэл туршуулууд, өс хонзон өвөрлөгч, өшөө хорслоо тайлагч, хулгайч луйварчдад бялуу болгон барих, хариуд нь өөрсдөө баяжин хөлжих далд санаа агуулж байсан гэхэд хилс­дэхгүй болов уу. Ер нь МАХН-ыг толгой, хөлгүй болгож эс чадваас тэдний башир арга, хар санаа хэрэгжих боломжгүй бай­сан нь үнэн. МАХН-ыг устгахаар “Нумаа нууж, сумаа тавьдаг” далд яв­далт­­нуудынхаа санаарх­­лыг одоогийн МАН-ын тухайн үеийн удирдлагын цөөн хүн идэв­хийлэн зүт­гэж хэрэгжүүл­сэн билээ. Тэдний үйл ажиллагаа нь “Стандар­тын бус Засгийн газар” гэгч энэ дэлхийн улс тө­рийн амьдралд хаа ч байдаггүй арга залиас үүдэлтэй болохыг, МАХН-ыг дэмжиж сана­лаа өгөөд хад мөргөсөн түмэн олон сонгогчид хараахан мартаагүй байх. Үнэндээ “Уйлах хүүхдийн бөгс урд өдөр нь загат­нана” гэгчээр МАН-ын дарга нар сүүлийн хэдэн жилд өөрсдийгөө дэндүү тоож, үеийн үед төр засаг, намынхаа толгой дээр сан­дайлж суух мэтээр тө­сөөлж “Бид ялна. Би чад­на. Би хар толгойгоороо хариуцна” хэмээн занд­чиж Р.Раш, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Тэр­бишдагва нарын зэ­рэг аливаад голтой нуруу­тай ханддаг, бас ч гэж улс орноо боддог, санал бодлоо ил тод хэлж шүүмжилдэг журмын нөх­дөө элдвээр ад үзэж, шахан хавчиж, “черта”-ны гадна хаяхыг санаар­хаж түүнийгээ хэ­рэг­жүүлж байлаа.

Хамгийн гол нь УИХ-д олонхи байсан хэрнээ сөрөг хүчиндээ ая тал засан уруул дэвсэж УИХ-ын сонгуулийн хууль (Ардчиллын нэр баригчдад ялалт бэлэглэсэн шидэт хар хайрцаг, олон түмний саналыг хэзээ ч авч үл чадах зарим хүнийг УИХ-ын сэнтийд залрах боломж олгосон сонгуулийн холимог тогтолцоо гэх мэт), байгалийн эрдэс баялгаа зүй зохистой ашиглах, монгол хүн газар шороондоо эзэн байх, үндэс­ний аюулгүй байд­лаа сахин хамгаалах зэрэг зарчмын ач холбогдол бүхий амин чухал олон эрх ашгийг үл тоон буулт хийж, тэднийг зоргоор нь тавьж дураар нь дургуйл­сан. Энэ бүхэн бол МАН-ын сүүлийн жилүүдэд баримталж ирсэн бодлого, үйл ажиллагаа, алдаа гажуудлын наад захын жишээ. Ингэснээрээ МАН өөрөө албан ту­шаалын наймаачид, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг сохор зоосноос доорд үздэг урвагчид, олигар­хиуд, улс төрийн бусад үл бүтэх хүчинтэй бөөр бөгсөөрөө сүлжилдэн холбогдогсдын хоргодох байр, үүр уурхай болж хувирсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчиийн зөвлөх, салбарын сайд зэрэг өндөр алба хашиж байсан, одоо МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Цогт­баатар саяхны нэг ярилц­лагадаа “Манай намд нэг муу зуршил бий. Нэгийгээ муулахаараа бүлэглэж муул­на. Ганцаардуулаад, намынхаа хүрээний гадна гаргаж хаядаг. Тэгээд зогсохгүй түүгээрээ бүг­дээрээ бах нь ханахыг яана. Олон удаа ийм зүйл тохиолдсон. Ялангуяа сүү­лийн арван жилийг аваад үзэх юм бол нэртэй, устай нь ярьж болно” (“ӨС”.2013.¹045) гэж чухам л оройруу нь ортол онож хэлсэн байна билээ. МАН-ынхан тэр бүх­ний­хээ шанд 2012 оны сон­гуульд бодит болом­жоосоо хэтэрхий доогуур суудал авч, бас дээр нь өөрс­дийгөө тоож, томорч байж Намын бүлэггүй болоход хүрч “Дээшээ тэн­гэр хол, доошоо газар хатуу” гэг­чээр яаж бүлэг­нэж дүлэг­нэн толгой ганзагалаж, арга ядахдаа буйдантай суулт хийж байсан нь тун саяхан даа. Энэ бүхэн бол МАН тө­дийгүй манай өнөөгийн улс төрийн аль ч хүчин алхам дутамдаа са­наж явууштай наад захын хэр­нээ хатуу сургамж байж ч магадгүй.

ЭВСЭХ, ХАМТРАХ, НЭГ­ДЭХИЙГ УРИАЛАГЧДААС ЛАВЛАХУЙ

Ардын намынх­ны тө­лөө­лөл хоёр намыг эвлэ­рэх, нэгдэн нийлэх санааг илэрхийлэгчдээс дараах хэдэн зүйлийг лав­лая. Нэг. Танай намын олигархиж­сан эрх бариг­чид, Монгол Улсын улс төрийн нэр нөлөөтэй, нэгдэл нягт­ралтай том хүчин болох МАХН-ыг ашиглахаараа нэг ашиг­лачихаад эцэст нь бузар булай, муу муу­хайгаар нь дуудаж түүхийн хог дээр хаясан “МАХН” гэдэг нэр өнөөдөр та бү­хэнд чухам яагаад хэрэгтэй болов. Хоёр. Үзэл бодолдоо үнэнч туйлбартай хүмүү­сийн төлөөлөл МАХН-аа сэр­гээн байгуулахаар зүт­гэж, хуулийнхны үүд хаалга сахин царайчилж, наждаа эдэлж явахад МАН-ын эрх баригчид элдэв саад тотгор хийж, яаж дором­жилж, гадуур­хан гоочилж байсныг мартсан уу. Гурав. МАН-ын эрх ба­риг­чид Ардчил­сан намын­хантай хуйвал­даж, на­мын­хаа нэр дэв­шигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн унагаж байсныг цөөнгүй хүн халаг­­лан ярьдгийг сонссон уу. Дөрөв. Ерөнхийлөг­чийн сонгуульд ялагдсан нэр дэвшигчээ Намынхаа Бага хуралд ч оруулалгүй С.Баяр, Д.Дэмбэрэл нар хурлын танхимын үүднээс хөөгөөд явуулж байснаа арай мартаагүй биз дээ. Тав. МАН-ын эрх бариг­чид, МАХН-ын дарга Н.Энх­баярт хилс хэрэг тулган харгис хэрцгийгээр баривчлан хорьж байхад “Хуультай юм хуулиараа л явна биз дээ” хэмээн бүл­тэрч, бас “Би унтчихаад Энхбаярыг баривчлагд­саныг мэдсэнгүй” гэх­чилэн шогтож, тавлан даажигнаж байсныг Ар­дын намынхан мартлаа гэхэд хүний эрх, эрх чөлөө гэж хоолойгоо сөөтөл орил­дог хулхи ардчилагч­дын үнэн нүүр царай, бусармаг явдлыг зурагтаар шөнөжингөө зүрх шимш­рэн харж хоносон түмэн олон арай мартаагүй байх. Ер нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэрэгт унагаж шоронгийн тав болгоход МАН-ын тухайн үеийн дарга нар, тэд­гээрийн гар хөл бологчдын оролцоо чамлахааргүй гэж үздэг хүн олон байдаг юм билээ. Харин МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүв­шин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Энхбаярыг хилс хэр­гээр баривчилж, тарчилган зовоож байхад өөрөө са­наачлан Намын бүлгээ хуралдуулан байр сууриа илэрхийлж байсныг МАХН-ын гишүүд, дэм­жиг­чид дурсан талархаж байдгийг энэ ташрамд дурдъя.

ЭВСЭЖ, ХАМТАРЧ, НЭГ­ДЭХИЙН УЧИР ХИЙГЭЭД БОДИТ БАЙДАЛ

МАН бараг бүх ша­тан­даа дээр доргүй МАХН-тай эвсэх, хам­тарч ажиллах, нэгдэн нийлэх тухай ярьж энэ тэрийг ятгаж хатгах, элдэв захидал мэдэгдэл бичиж гардуулах, золголт уулзалт зохион байгуулах гээд боломжтой гэж хэлж болох суваг аргаар тун идэвхтэй ажиллаж байх шиг. Дахиад л асуулт. МАХН тийм л хэрэгтэй байсан юм бол энэ намыг байгуулахаар зүтгэж явсан хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл бод­лыг хүндэтгэж үзээд болох чадахаараа дэмжиж яагаад болоогүй юм. Дэмжих нь бүү хэл Дээд шүүхэд бүрт­гүүлэхгүй байхын тулд араас нь баалан хатгаж, өөрөөсөө шалтгаалж болох чадах бүхнээ хийсэн биз дээ. УИХ-ын сонгуульд хүчээ нэгтгэж эвсэн орж болоогүйн учир юу вэ. УИХ-д хамтран эвсэл болж орох нь байтугай МАН-ын угшилтай хү­мүү­сээс бүрдсэн Сонгуу­лийн Ерөнхий хороо МАХН-ын нэр дэвшигч­дийг янз бүрийн шалт­гаанаар нэрсийн жагсаал­таас хасч, бүр сонгуульд оруулаагүйгаа санаж л байгаа байх даа. УИХ-ын сонгуулийн ялагдлаасаа сургамж авч Орон нутгийн сонгуульд хамтран орох талаар санал санаачилга, хүч чармайлт тавьж яагаад болоогүй юм бол гэх мэт бодол, эргэлзээ ар араасаа хөвөрсөөр… Энэ мэтээс ажиглахад МАН, МАХН хоёр эвсэх, нэгдэн ний­лэхэд ихээхэн хол зай байгаа нь маргашгүй үнэн аж. Наад захын асуудал гэхэд “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”, “Ард­чилсан Нам-Шудар­га ёс эвсэл”-ийн хам­тарсан “Шинэчлэлийн Засгийн газар” маань яах билээ. Эсвэл Ардчилсан намын­хан, МАН-тай хам­тарсан Стандартын бус Засгийн газар гэгчээсээ гэнэт гарч хулхидсан шиг худрага­гүй, жудаггүй зан гаргах уу.

Энэ бүхний цаана Г.Бямбасүрэнгийн “…бид сайн бодож, тунгааж ухаан­тай хөдлөхгүй бол МАН-ынхны мэхэнд унаж, золигт гарч мэднэ” гэж дээр анхааруулан хэл­сэнчлэн мань нөхөд МАХН-ыг аанайхан янаг­лан хорлож муугий нь үзэх гэсэн ээлжит өдөөн хат­галга, башир явууллагаа хийж байгаа юм биш үү гэсэн эргэлзээг бас тө­рүүлж байна. Гэхдээ хоёр нам эвсэж болно. Тэр бай­тугай нэгдэн нийлж ч болох байх. Харин хоёр нам эвсэж нэгдэхэд хүр­вэл МАХН-ын зүгээс Ардын Намынханд нэгд Намыг хагалан бутаргаж нэрийг нь солиход нө­лөөлж гол үүрэг гүйцэт­гэсэн, Оюутолгой, Таван­толгойн болон бусад орд газрын ашиглалтын та­лаархи бусармаг булхайт гэрээг байгуулах үед эрх баригч намыг удирдаж, Засгийн газарт ажиллаж байсан дарга нарыг на­маасаа бүрмөсөн зайлуу­лах. Зөвхөн зайлуулж улс төр, ёс суртахууны ха­риуц­лага хүлээлгэх тө­дийгүй булхайг нь уудлан илчилж хуулийн бай­гуул­лалгад шилжүүлэх, хоёрт МАХН-ын дарга Н.Энх­баярыг хилс хэргээс сул­лахад, төр засгтйн одоо­гийн эрх баригчдад хан­даж, улс төрийн бусад хүчин, иргэний хөдөл­гөөнийхөнтэй хамтарч зо­хих шахалт нөлөөллийг үзүүлэх, Гуравт Намууд нэгдэн нийлсний дараа зөвхөн “МАХН” гэсэн нэрээ хадгалж хэрэглэх, өөр ямар нэг үгийг хаалт хашилтад хавсаргахгүй байх. Дөрөвт МАН, МАХН-тай нийлэхдээ тус намын гишүүд намаасаа татгалзаж улмаар МАХН-д гишүүнээр элсэх, ги­шүүнчлэлээ сэргээх хэл­бэ­рээр нэгдэн нийлэх, Тавд Намын даргаар МАХН-ын өнөөгийн үнд­сэн эрх баригчид, нэгдэн нийлсэн шинэ намын гол­лох удирдлагад сонгогдон ажиллах гээд олон талыг харж хамарсан, стратеги болоод тактикийн бодлого ухаан, үйл ажиллагааны чимхлүүр арга, жор дэгийг нарийн тохирох зэрэг шаардлага болзлыг тавьж таарна байх. Эс тэгвээс МАХН, МАН хоёр эвсэх, нэгдэн нийлэхийн тухайд нэг талд Ардын Намын гишүүн Ц.Цэнгэл гэдэг хүн сонинд өгсөн ярилц­лагадаа “Үл ойлгогдох байд­лаар хэсэг бүлэг хүмүүс манай намын хуу­чин нэр дээр нам бай­гуулж, бүртгүүлээд яв­сан… бид шалдаа буучи­хаад МАХН-ын ар өврөөр гүйгээд гуйгаад байсан юм байхгүй. …тэднээс “Нэг­дээд өгөөч” гэж хэзээ ч гуйхгүй. МАН-ынхан МАХН-тай нэгдэх гээд хушуураад гүйгээд байгаа юм алга… Тэдний хүс­сэнээр эв эеэ хичээгээд явбал МАН гэх үндсэн том намдаа нэгдээд цаашдын үйл ажиллагаагаа явуулж болно шүү дээ” (“ӨС”.2013.¹46) гэж томор­сон, мөн гишүүн Э.Мөнх-Очирын дээр дурдсан яриа зэргээс МАХН-ыг золигт гаргах, өөртөө уусгах гэ­сэн атгага санаа, басч доромжилсон өнгө аяс илт үнэртэж байх шиг. Тэгвэл нөгөө талд МАН-ын На­рийн бичгийн дарга Д.Цогт­баатар “Оны өмнө анх зоримог, шулуухан хурандаа Баярсайхан, эр­чим хүчний тэргүүлэх ин­женер их тулхтай, нуруу­тай Ганжуур ах бид хэд уулзаж… хоёр намаа эв­лэрэлцүүлж, Ерөн­хий­лөг­чийн сонгуульд МАХН, МАН-аа нэг эвсэл болгон оролцуулах, гэхдээ жин­хэнэ нэр цэвэр хүнийг гаргах талаар ярилцсан юм” (“ӨС”.2013. ¹44.) гэж мэдэгдсэнээс харахад МАН-ын Нарийн бич­гийн дарга, мөн намын зарим гишүүний яриа зэрэг нь МАН дотооддоо сүрхий зөрчилтэй, эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Тэгэхээр МАХН, МАН хоёрын эвсэх, хамтран ажиллах, нэгдэн нийлнэ гэдэг ойрын арав хорин жилийн асуудал биш бололтой. “Нэг хагарсан шаазан яаж ч оролдоод бүтэн болдоггүй” гэсэн хөдөөгийн ядуу зүдүүхэн хөх өвгөд, хөгшдийн дээр үед хэлж байсан үгийн агуулга ХХI зууны хориод онд биднийг тойрон эр­гэлдсээр… Хэрхэхийг ули­рах цаг хугацаа, үй явдал харуулах биз ээ хэмээн энэхүү тэмдэг­лэлийг өн­дөрлөе.

Сүрэнгийн ЗЭВСЭГ
МАХН-ын Бага Чуулганы гишүүн
Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих