Их, дээд сургуулиуд нийт 300 сая төгрөгийг оюутнуудад өгөөгүй байжээ
-”Цахим” дээд сургууль оюутны 70 мянган төгрөгийг захирлынхаа дансанд шилжүүлсэн байна-
Нэр бүхий их, дээд сургууль оюутны 70 мянган төгрөгийг өгөхгүй удааж байна гэсэн гомдлын дагуу АТГ-аас шалгажээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Д.Бат-Отгоноос тодрууллаа.
-Хэзээнээс эхэлж их, дээд сургуулиудыг шалгав?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим их, дээд сургууль оюутны 70 мянган төгрөгийг хувийн дансандаа шилжүүлж, хүүг нь завшиж байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс ямар шалтгаанаас болоод оюутнууд 70 мянган төгрөгөө авч чадахгүй байгааг өнгөрсөн сарын 5-наас эхлэн шалгасан.
Төрийн зургаа, хувийн 16 сургуулийн данс, бичиг баримттай танилцлаа. Оюутнуудад cap тутам 70 мянга 200 төгрөг өгөх ёстой. Гэтэл олон сургууль 200 төгрөгийг дутуу шилжүүлсэн нь илэрсэн.
-Ямар ямар сургууль шалгалтад хамрагдав?
-БХИС, ЭМШИУС, ХААИС, Удирдлагын академийн Удирдлагын коллеж, МУИС-ийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургууль, Худалдааны дээд сургууль зэрэг төрийн өмчийн, мөн хувийн 16 дээд сургуулийг шалгалтад хамруулсан.
-ШУТИС-тай холбоотой гомдол хамгийн их байсан. Яагаад шалгаагүй юм бэ?
-Бид иргэдээс ирсэн гомдлын мөрөөр шалгалт хийдэг. Өөрсдийн дураар сонгож шалгасан юм биш. Энэ удаад ШУТИС багтаагүй. Хэрэв оюутнуудаас гомдол ирвэл шалгахыг үгүйсгэхгүй.
-Иргэдийн яриад байгаа шиг сургуулийн удирдлагууд нь хувийн дансандаа суралцагчдын тэтгэлгийг шилжүүлсэн зөрчил илрэв уү?
-Шалгалтаар “Урлах эрдэм” болон “Цахим” дээд сургуулиудтай холбоотой ноцтой зөрчил илэрсэн. Тиймээс энэ хоёр сургуулийг нарийвчилсан санхүүгийн шалгалтад оруулна. “Урлах эрдэм” дээд сургууль 80 гаруй сая төгрөгийг оюутнуудад бэлнээр олгосон гэж байгаа ч албан ёсны гарын үсэгтэй баримт байхгүй.
АТГ оны өмнө уг сургуулийг санхүүгийн гүйлгээг баталгаажуулсан бичиг баримтаа шалгуулахыг хүссэн. Гэвч одоог хүртэл танилцуулаагүй. “Цахим” дээд сургууль оюутны 70 мянган төгрөгийг захирлынхаа хувийн дансанд шилжүүлсэн байсан. Эргээд өөр дансанд хийхдээ тодорхой хэмжээний мөнгийг сургуулийн захирлын дансанд үлдээсэн нь илэрсэн.
Түүнээс гадна 11 их дээд сургууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийн үлдэгдэл 300 сая төгрөгийг суралцагчдад тараагаагүй байсан.
-Оюутнуудын ийм олон сая төгрөгийг ямар зорилгоор өгөхгүй байсан юм бол?
-Манай хэлтэс асуудлын учир шалтгааныг тогтооно. Шалгах эрх байхгүй шүү дээ. Ихэнх сургуулийн удирдлага шилжсэн, бичиг баримт нь дутуу зэрэг зөрчилтэй оютнуудын мөнгө дансанд үлдсэн гэж тайлбарласан.
-Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой зөрчлийг хэрхэн арилгах вэ?
-Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зохицуулж буй журам нь түвэгтэй юм билээ. Тиймээс зайлшгүй өөрчлөх хэд хэдэн журам байгаа. Түүнчлэн тэтгэлгийг суралцагчдын дансанд бэлэн бус хэлбэрээр шилжүүлсэн нь дээр гэсэн шийдэлд хүрсэн. Энэ тухай ч БШУЯ-нд өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн.
Эх сурвалж:
URL: