М.Мөнхбат: Гадаад иргэдийн 30 хувь нь Хятадууд байна

hujaa-middleМанай улсад гадаадын иргэд, ялангуяа хятадуудын суурьшил хяналтгүй байгаа талаар төрийн бус байгууллагууд мэдэгдэх болсон. Энэ асуудлаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбаттай ярилцлаа.

-Монголд байгаа хятад иргэдийн тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй талаар ярих болсон. Манайд хэчнээн гадаад иргэд байна вэ?
-Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувиас илүүгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин нэг улсын иргэд нэг хувь байх ёстой. Манай байгууллагын бүртгэлд 21 мянга гаруй гадаад иргэн байна. Үүний долоон мянга буюу 30 хувь нь хятад иргэд. Гурван хувиар тооцвол манай улсад 84 мянган гадаадын иргэн байвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрнэ. Тэгэхээр нийт хүн амын гурван хувьд хүрээгүй.

-Цагдаагийн байгууллагынхан визний хугацаа дууссан гадаад иргэдийг саатууллаа гэдэг. Хууль бусаар оршин суугчид байгааг үгүйсгэхгүй юм?
-Гадаад иргэд бүртгэлг үй байх боломжгүй. Тэднийг улсын хилээр нэвтрэхэд бүртгэж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар улсын иргэн манай улсын хилээр хэзээ орж, гарсан бүртгэлийг хийж байна. А компани 100 ажилчин оруулж ирэхэд манайх ажлын байрны төрлөөс шалтгаалж оршин суух хугацааг нь өгдөг. Дээд хугацаа нь нэг жил. Өнгөрсөн жил А компани 100 ажилчин оруулж ирчихээд дараа жил дахиад оруулж ирье гэхэд өмнөх ажилчдыг гарсан эсэх мэдээлэл манайд байгаа. Хэрэв гараагүй байгаа бол дахин хүн оруулж ирэх зөвшөөрөл олгохгүй. Яахав, дэлхийн жишигт харлаад үлдэх тохиолдол байдаг. Тэд дэлхийн аль өндөр хөгжилтэй оронд оршин суухыг эрмэлзэнэ. Гэтэл манайх өнөөдөр тийм улс орны тоонд орох уу, үгүй юу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

-Манайхан гадаад ажилчдад монгол ажилчдаас өндөр цалин амалдаг хандлага бий. Тэр утгаараа манай улсыг зорих сонирхолтой иргэд байдаг байх?
-Аж ахуйн нэгж байгууллагууд Засгийн газрын тогтоолын дагуу квот аваад, гадаад ажилчдыг оруулж ирдэг. Тэд ажлаа хийхийн тулд өөрсдөдөө хүндрэл учруулахгүйгээр дараа дараагийнхаа хүмүүсийг оруулж, ажлаа амжуулах сонирхолтой байдаг. Хэн ч хохирол амсахыг хүсэхгүй.

-Гадаад иргэдийн суурьшилд хэрхэн хяналт тавьж байна?
-Иргэд байгууллагаас авсан мэдээллийн дагуу шалгадаг. Өнгөрсөн онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 300 гаруй шалгалтыг хийсэн. Мэдээлэл өгсөн даруйд нь бид шалгадаг. Манайхан хятадууд олон боллоо гэж ярьдаг. Гадаад иргэд манай улсын нийт хүн амын 84 мянгад хүрвэл аюултай байдалд хүрнэ. Тэгтэл 21 мянга байна. Одоогоор ачаалал бага үе. Ид ачааллын үед энэ тоо нэмэгддэг. Хуулиараа гадаад иргэдийн тоог тогтоосон учир бидний үүрэг бол тэр тоондоо бариулахын тулд ажиллах ёстой. Тэр тоонд ерөөсөө хүрч байгаагүй, гадаадын иргэдийн тоо замаа алдчихаж гэх үндэслэл байхгүй.

Б.Заяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих