Ардчилсан зарчмаасаа ухарсан ашигт малтмалын тухай хууль
Монгол Улсын эдийн засгийн ноён нуруу гэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга олны анхаарал, бухимдлыг төрүүлж буй энэ үед “Coal Mongolia 2013” чуулган өрнөлөө.
Чуулганд оролцогчдын чих тавин хүлээж байсан хэсэг ч ашигт малтмалын салбарын хууль, эрх зүйн орчны талаархи хэлэлцүүлэг байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ажлын хэсэг гарган хоёр жил боловсруулсан гэх тус хуулийн шинэчилсэн хувилбарыг одоогоор олон нийтээр хэлэлцүүлж буй.
Нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн тус хуулийн алдаа дутагдлыг ярилцаж буй нь олны талархлыг хүлээж байгаа ч агуулгад нь баярлах хүн цөөн байна. Дээрх хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт зөвлөмж өгч ажилласан Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ “Coal Mongolia 2013” чуулганд тавьсан илтгэлдээ тус хуулийг өөрчлөх болсон шалтгааныг олон улс болон дотоодын зах зээлийн орчин өөрчлөгдсөнтэй холбон тайлбарласан. Тус хуулийн гол зорилго нь ашигт малтмалын салбарын өрсөлдөх чадварыг дэмжих. Гэтэл шинэчилсэн найруулгын хүрээнд нийтлэг зорилгодоо нийцсэн эсэхэд салбарынхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг тус хурлаас харж болохоор байв. Энэ хуулийн эргэн тойронд тодорхойгүй асуудлууд олон байгааг оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, нөөцийн төлбөрийг тусгай хуулиар хуульчилна гэсэн байсан. Гэхдээ ерөнхий зарчмыг нь энэ хуулиар тодорхойлж байх шиг.
“Олборлоод, гаргасан бол татвар авна гэсэн заалт бий. Гэтэл орлого олж байгаа бол татвар авна, олохгүй бол авахгүй. Үндсэндээ овоолчихсон шорооноос нь татвар авна гэхээр тэр аж ахуйн нэгж цаашид яаж хуримтлалтай болж, бизнесээ яаж хөгжүүлэх вэ. Олборлосон болгоноос нь, олборлосон дотор нь байгаа ашигт малтмалын эрдсийн хувь хэмжээнээс нь татвар авна. Бизнесийн язгуур эрх ашиг талаасаа бол энэ үнэхээр хүнд гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Түүнээс гадна хуулийн төслийн 13, 14, 15 дугаар зүйл огт өөр бодлого чиглэлтэй заалтууд байгаа юм. Нэгдүгээрт, талбайг нөөцөд авна гэж тусгасан. Ашигт малтмалыг 1997 онд болон 2006 оны хуульд талбайг нөөцөд авах зохицуулалт байсан. Лицензийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авах мэт тодорхой үндэслэл зориулалт заадаг байсан шүү дээ. Гэтэл энэ хуулийн төсөлд ямар тохиолдолд нөөцөд авах талаар заагаагүй юм. Нэгэнт зориулалт байхгүй учраас шууд нөөцөд авна. Хувийн хөрөнгөөр орд нээсэн ч нөөцөд авна. Лицензийн хугацаа дуусахаар бодит зардлыг нь нөхөөд сонгон шалгаруулалтад оруулна гэж байгаа юм. Аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Мөн л бодит зардлыг нь олгоод тусгай хэрэгцээнд авна гэжээ. Энэ гурван заалтад тодорхой үндэслэл алга” хэмээн Н.Алгаа шүүмжилсэн юм.
Хуулийг тойрсон асуудлууд дундаас хувийн хэвшлийнхний хамгийн их шүүмжилж буй нь төрийн өмчлөх эрхтэй холбоотой асуудал. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрийн хөрөнгөөр хийсэн хайгуулын талбайг улсын нөөцөд авч болно гэсэн утга бүхий хэд, хэдэн заалт бий.
Мөн тус салбарт авилгалыг цэцэглүүлж болох 90 орчим субьектив заалт байж болохыг салбарынхан мөн хэлж байна. “Гложекс Холдинг” -ийн ерөнхийлөгч Л.Наранбаатар “Хөрөнгө оруулалт татна гэдэг өрсөлдөөний тактикийн нэг хэсэг. Гэтэл ардчилсан зарчмаасаа ухарсан “Ашигт малтмал төрийн өмч, тийм учраас” гэсэн коммунист шинжтэй байж болохгүй” хэмээн шүүмжилсэн юм.
Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа тус хуулийг захиргааны зохицуулалт давамгайлсан гэж тодорхойлсон. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хувилбараар авч үзвэл олон асуудлыг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлэхээр байгаа. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүхээр шийдүүлж болдоггүй байх жишээтэй.
Харин Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ “Улсаа гэх сэтгэл бидэнд ч байдаг юм. Алдаа дутагдлаа бүгдээрээ хэлэлцэж, засах гэж олон нийтээр энэ хуулийг хэлэлцүүлж байгаа юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талын ашиг сонирхлыг хүндэтгэн, аль болох ижил тэгш тусгаж, хамгийн боломжит хувилбарыг боловсруулахыг хууль зохиогчдод үүрэгдсэн. Үүнийг ч хурлын үеэр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр онцолж байлаа. Дээрх хэлэлцүүлгээс өмнө тус хуулийн алдаа, оноог ярилцахаар хоёр ч хэлэлцүүлэг болоод амжсан. Уул уурхайн салбарынхны тус хуулийн сайн талыг агуулгадаа бус олон нийтээр хэлэлцүүлж буй нь гэж хэлж байгаа.
Тус чуулганы үеэр хэлэлцүүлэгт уригдсан төлөөлөгч Махонни Лиотта хуулийн фирмийн партнер Жеймс Лиотта “Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниудаа дэмжих нь шалгарсан арга. 2006 оны ашигт малтмалын тухай хуулийг тойрсон шүүмжлэл агуулгыг бус хэрэгжилтийг нь чиглэж байсан. Хуулийн хэрэгжилт, зохицуулалт ямар байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь хамгийн чухал” гэв.
Тэрбээр мөн тус хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэх явцад гадаадын мэргэжилтнүүдийг оролцуулах боломж бий юу, мөн хэдийгээр УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна вэ гэж асуусан. Тус асуултад холбогдох төлөөлөл нь тодорхой хариулт өгөөгүй ч “Coal Mongolia 2013” чуулганы эхний өдрийн үдээс өмнө Уул уурхайн сайд Ч.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн барихаар төлөвлөж буйг цухасхан дурьдсан билээ. Гэвч тус хэлэлцүүлгийн үеэр зөвлөх Ч.Өнөрбаяр Үндэсний хэмжээний зөвлөлгөөнүүдийг олноор зохион байгуулсны үндсэн дээр саналуудыг тусгах болно.
Мөн тусгаагүй саналуудыг яагаад тусгаагүй бэ гэдэг үүднээс нь тайлбар өгнө Харин батлуулах цаг хугацааны хувьд улстөржүүлэхгүй байх тал дээр анхаарч байгаа тул тодорхой тов гараагүйг онцоллоо. Энэ үеэр “Гложекс Холдинг” -ийн ерөнхийлөгч Л.Наранбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-аар хэлэлцүүлмээр байна. Тэр үед жинхэнэ утгаараа төр биднийг сонсох биз” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид түүний саналыг дэмжин алга ташиж байв. Уул уурхайн салбарынхны зүгээс олон нийтээр хэлэлцүүлж буйд талархаж байгаа агаад зөвшилцөлд хүрсний дараагаар батлах нь зүйтэй гэцгээж байна. Үгүй аваас өмнөх хуулиудын жишгээр батлагдсаны маргааш маргаан гарах нь дамжиггүй. Ямартай ч Ашигт малтмалын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль хэмээн эрдэмтэд сануулж буй. Гэтэл ардчилсан зарчмаасаа ухарсан ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцүүллээ. Энэ бидний болон хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээсэн зүйл мөн бил үү.
Х.Өнөржаргал
URL: