Хятадууд юанийн ханшаар дахин “тоглож” эхлэв

china_yuan-middleХятадын Ардын банкны тэргүүн Жоу Сяочуан 65 нас хүрчээ. Гэвч Коммунист намын дарга нар түүнийг тэтгэвэрт нь гаргахыг хүссэнгүй. Харин Хятадын эдийн засгийг шинэчлэх том үүрэг ногдуулжээ. Тэр дунд юанийн бодлого томоохон байр суурь эзлэж байна.

Коммунист намын шинэхэн дарга болох Ши Жинпин, Лө Көцяан нар Хятадын мужийн удирдлагууд, төрийн мэдлийн бизнес эрхлэгчид болон томоохон зээлдэгч нарын дунд хараахан нөлөөтэй болж чадаагүй байгаа. Тийм учраас тэд эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэхэд нь хууччуулын дэмжлэг зайлшгүй хэрэг болно гэж үзсэн бололтой. Магадгүй энэ шалтгаанаар төв банкны тэргүүнээ солиогүй юм. Тэгвэл алдаа мадаг гаргалгүй хэрэгжүүлэхийг оролдож буй шинэчлэл дунд нь багтах юанийн бодлого барууныхны анхаарлыг нэлээд татаж байгаа бололтой.

Хятадын төв банкны хийж буй нэг том шинэчлэл нь бодлогын хүү. Хэдийгээр тус улсыг зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой гэж тодорхойлдог боловч төрийн нөлөө асар их байдаг. Төрийн мэдлийн компаниудын хөрөнгө оруулалт өдөр ирэх бүр нэмэгдэж байхад Хятадын хувийн сектор хумигдсаар ирсэн нь үүний нэг баталгаа юм. Гэтэл хажуугаар нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, мужуудын засаг захиргаа нь авлигад идэгдэн өрөндөө баригдаж орхив. Ингээд нэг л болохоо байж эхэллээ гэдгийг бүгд ойлгож эхэлжээ. “Хятадын төв банк бодлогоо өөрчлөх цаг болсон гэдгийг харуулсан нэг том нотолгоо нь мужуудын өр” хэмээн “Wall Street Journal” тодорхойлж бичсэн байна. Тиймээс дотоодын бонд болон бэлэн мөнгөний зах зээлээ шинэчлэхийн зэрэгцээ мужууддаа бодлогын  хүүгээр дамжуулан нөлөөлөхийг оролдож байгаа гэж “Reuters”-ийн шинжээчид дүгнэсэн юм.

Үнэхээр сүүлийн жил орчмын хугацаанд Хятадын төв банк бодлогын хүүгээ тогтмол өөрчилж байгаа. Энэ нь юанийн ханшийг ам.доллараас уяхаар шийдэж байсантай нь адил чухал алхам болсон хэмээн өөрсдөө тодорхойлжээ. Тус улсын томоохон дөрвөн банкны нэг болох “China Construction Bank”-ны ахлах эдийн засагч Жао Кинмин “Бодлогын хүүг шинэчилж байгааг томоохон банкууд эсэргүүцэж байна. Гэхдээ ингэлээ гээд бид юу ч хийж чадахгүй” хэмээн “Reuters”-д ярьжээ.

Бодлогын хүү ямар байхаас хамаарч зах зээл дэх юанийн нийлүүлэлт өөрчлөгдөнө. Тэгэхээр бодлогын хүүг хэрхэн өөрчлөхөөс хамаарч Хятадын юанийн бодлогыг тодорхойлж болмоор. Тус улсын хувьд юанийн хэрэглээг аль болох өргөжүүлэхийг зорьж буй. Тэр ч байтугай Төв банк нь юанийн хэрэглээг өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэхээр төлөвлөж буй. Гэхдээ экспортын хэмжээнд нөлөөлөхгүй байх тал дээр онцгой анхаарч байгаа юм байх. Энэ ажилд Ардын банкны одоогийн тэргүүн Жоу Сяочуан чадамгай нэгэн. Тэрбээр 2005 онд юанийн ханшийг ам.долларын эсрэг хэрхэн хүчээр уях вэ гэж толгойгоо гашилгаж суусан гол хүмүүсийн нэг юм. Өдийг хүртэл Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас дүгнээд үзвэл Жоу Сяочуны бодлого үр дүнгээ өгсөн гэж хэлж болно. Тэгэхээр түүнийг цаашид ч бас чухал албан тушаал дээрээ хэвээр үлдэх ёстой гэж Коммунист намын дарга нар үзэж байгаа бололтой.

Дэлхий дахины хэмжээнд юанийн хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Их Британийн супермаркетын сүлжээ дэлгүүр болох “Tesco” Хятадын пүүс, компаниудаас худалдаж авдаг бараа бүтээгдэхүүнийхээ үнийг юаниар төлөхөөр болсон тухай “Economist” сэтгүүлд бичжээ. Гэхдээ ганц “Tesco” ч биш юм. Өөр олон орны томоохон компаниуд Хятадын нийлүүлэгчдээсээ бүтээгдэхүүн худалдаж авахдаа юанийг ашиглаж эхлээд байна.

Өнгөрсөн оны сүүлийн гурван сарын байдлаар юаниар хийсэн худалдааны хэмжээ 145 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Хятадын нийт бараа эргэлтийн 14  хувьтай тэнцэж байгаа юм. Гэтэл ердөө гурван жилийн өмнө хэн ч юаниар худалдаа хийдэггүй байв. Одоогийн байдлаар Хятадын Засгийн газар дэлхий дээр байгаа нийт бэлэн мөнгөний 15 хувийг эзэмшиж байна. Энэ бүхэн 2009 оны дунд үеэс үүдэлтэй. Тухайн үед Хятадын эрх баригчид юанийн ханшийг ам.доллараас хүчээр уяж байсан нь тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэх, цаашилбал, юанийн эрэлт ихсэх нэг гол хүчин зүйл болсон юм. Тэр үеэс тус улсын Засгийн газар импортлогч, экспортлогчдоо юаниар худалдаа хийхийг дэмжиж, хөрөнгө оруулагчид нь ч үүнийг сонирхох болж.

Юанийн хэрэглээ зөвхөн үндэстэн дамнасан том компаниудын асуудал биш болжээ. Хонконгоос гадна Сингапур, Тайваниас эхлээд Лондонд хүртэл юанийн данс нээх үйлчилгээг хүлээн зөвшөөрч, хүмүүс АТМ-аас юань авч байна. Лондонд л гэхэд 14 тэрбум юанийн хадгаламж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа валютын жагсаалтын 14 дүгээрт юань бичигдэж байгаа боловч Хятадын Засгийн газар бодлого юанийг улам хүчирхэг болгож байна. Тус улс Арабын нэгдсэн Эмират улс, Орос тэргүүтэй дэлхийн томоохон 20 оронтой хийх худалдаандаа юанийг ашиглах гэрээ байгуулсан. Түүнчлэн Нигер тэргүүтэй хэд хэдэн орны төв банк валютын нөөцдөө юанийг багтаах болж. Харин ам.долларын хувьд дэлхийн нийт валютын нөөцийн 60 хувийг дангаараа бүрдүүлж байгаа ба евро, иен зэрэг валют үлдсэн хэсгийнх нь дийлэнх хувийг эзэлж байна. Гэхдээ юанийн нөлөө хурдацтай өсөн нэмэгдэж байгааг анхаарч үзэх хэрэгтэй хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Ийнхүү юань “хүчирхэгжиж” байгаатай зэрэгцээд юанийн ханш чангарсаар байгаа юм. Гэхдээ чангарах гэхээс илүү хиймлээр барьж байсан үеийнхтэйгээ харьцуулахад илүү бодит үнэлгээ рүүгээ дөхөж байгаа гэж хэлж болмоор. Энэ нь хятадуудад төдийлөн тааламжгүй. Харин экспортод түшиглэсэн энэ орны хувьд юанийн ханш хэдий чинээ сул байна, төдий чинээ л ашигтай байх гээд байдаг. Үүнээс болж бодлогын хүүгээрээ дамжуулан юанийн арилжаанд нөлөөлөх оролдлого хийж эхэлж буй бололтой.

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих