У.Тэлмэн: 2020 оны олимпод өрсөлдөх нь бидний зорилго
Дэлхий нийтэд хамгийн их үзэгч, хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спорт манай улсын хүүхэд багачуудтай хамт өсч, торниж, төлөвшиж байна. Энэ үйл хэрэгт хамгийн чухал нөлөөтэй тэмцээн болох “Дуулиан 2020” ирэх сарын 2, 3-нд эхлэх юм.Тэмцээний зохион байгуулалт урьдынхаас хэд хэдэн онцлогтой. Тийм ч учраас зохион байгуулагчид тун завгүй ажиллаж байна. “Дуулиан 2020” тэмцээний бэлтгэл ажлын талаар “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн У.Тэлмэнтэй уулзаж ярилцлаа.
-Монголын хүүхэд, залуусын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Та энэ жилийн тэмцээний онцлогуудаас танилцуулаач?
-“Дуулиан 2020” тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болж зохион байгуулагдсаар долоо дахь жилдээ орж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь охидын 11, 13 насны ангилал нэмэгдсэн бол оюутны ангиллын тэмцээн түр завсарлана. Мөн тэмцээнүүд богино хугацаанд буюу гуравхан сарын хугацаанд болж өндөрлөхөөр шийдвэрлэсэн нь долоо дахь “Дуулиан”-ы онцлог юм. Хэсгийн тоглолтууд хариу тоглолтгүй зохиогдох болсон нь хугацааг багасгахад их нөлөөлж байгаа. Гагцхүү шийдвэрлэх шигшээ тоглолтууд л хариутай явна. Үүнээс гадна шагналын сан 35 сая төгрөг болж нэмэгдсэн. Шагнал дотроос хамгийн том нь шилдгийн шилдэг сургууль шалгаруулж, гурван сая төгрөг олгох юм. Энэ шагналд багийн тоглолт сайн байхаас гадна хөгжөөн дэмжигчид хэр байгааг харгалзан үздэг.
-Тэмцээн хаяанд ирчихсэн учраас бүртгэл дууссан байх. Хэдэн баг, тамирчин оролцохоор болсон бэ?
-Одоо тэмцээний бүртгэл дуусчихсан. Өнгөрсөн баасан гарагт тэмцээний сугалаа хийгээд, тоглолтын хуваариудаа гаргаад вэб сайт, фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байгаа. Энэ удаа “Дуулиан 2020”-д ерөнхий боловсролын 53 сургуулиас 200 гаруй баг оролцохоор болсон. Нийтдээ 3000 орчим тамирчин мэдүүлгээ өгөөд, мандатаа авна гэсэн тооцоо гаргалаа. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 2, 3-ны өдөр анхны тоглолтууд болох гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Бид тамирчдынхаа мандатыг гардуулах ажилтай л үлдлээ.
-Бид “Дуулиан 2020” гэсэн нэрийг хараад л 2020 он хүртэл үргэлжлэх юм байна гэж ойлгодог. Түүнээс цааш тэмцээн хэрхэн өрнөх бол?
-“Дуулиан 2020” тэмцээнийг анх 2006 онд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үед санаачилсан. Тухайн үед 2020 оны зуны олимпод хөлбөмбөгийн төрлөөр Монголын баг өрсөлддөггүй юм гэхэд ядаж урьдчилсан шатны тоглолтуудад Монгол Улсын шигшээ багаа амжилттай оролцож, нэр төрөө гаргахын төлөө зорилго тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын хөлбөмбөгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахыг зорьсон хэрэг. Тэр ч утгаараа “Дуулиан” тэмцээн 2020 он хүртэл жил бүр зохион байгуулагдана. Түүнээс цааш, үйл ажиллагаа маань үргэлжилнэ, гэхдээ одоогоор тодорхой зүйл гараагүй байгаа.
-Олимпын хөлбөмбөгт Монголын шигшээг оролцуулах зорилго тавьсан гэж хэллээ. Одоогийн шигшээд яваа тамирчид “Дуулиан”-д өрсөлдөж анх хөлбөмбөгт орсон гэж дуулсан. Энэ тухай ярихгүй юү?
-Тийм ээ, одоогийн хөлбөмбөгийн шигшээд байгаа залуусын 60-70 хувь нь “Дуулиан 2020” тэмцээнд хүүхэд байхдаа тоглож явсан. Одоо ч тоглож байгаа хүүхдүүд шигшээ багт орчихсон яваа юм. Тэр ч үүднээсээ бид Монголын хөлбөмбөгийн шигшээг хөгжүүлэх зорилгодоо хүрээд л явж байна гэсэн үг. Мөн жил бүр хүүхдүүд “Дуулиан 2020” тэмцээнээ асуудаг. Тов, зар гаргаагүй байхад хэзээ эхлэх вэ, энэ жил болно биз дээ гээд л надаас, шүүгчдээс маань лавладаг юм. Өнгөрсөн хугацаанд бид улс даяар “Дуулиан” тэмцээнээ зохион байгуулахыг зорьж ажиллалаа. Зөвхөн Улаанбаатар хотод биш 21 аймгийн 18-д нь тэмцээн зохион байгуулсан бол энэ оны сүүлчээр Орхон, Дархан-Уул, Төв аймагт болно. Мөн үүнээс гадна ирэх жилээс аймаг бүрээс шигшээ баг оролцуулж нийслэлд болсон “Дуулиан 2020” тэмцээний шөвөгт тунасан багуудтай өрсөлдүүлье гэж бодож байгаа. Ингэснээр тэдний хоорондын ялгаа багасч, өрсөлдөөн нэмэгдэх юм.
-Долоон жилийн турш тасралтгүй залуус, хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Жилээс жилд тамирчдын ур чадварт ахиц, өөрчлөлт гардаг байх даа?
-Мэдээж харагддаг. Эхний жилүүдэд түрүүлдэг баг нь цөөхөн байсан шүү. “Сэлэнгэ пресс”-ийн тавдугаар сургууль, “Хасбанк”-ны хоёрдугаар сургууль, 24 дүгээр сургууль гэх зэрэг цөөхөн баг эхний байруудад ордог байлаа. Гэтэл одоо тэргүүн байранд бусад сургууль ч орох нь нэмэгдэж, хурдан хөгжиж, оролцоо ч улам сайжирсан. Тийм болохоор бүгд ижил төвшинд ирээд, аль аль нь түрүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдүүдийн ур чадвар, тоо ч өссөөр байна.
-Тэмцээнд ороод тамирчдын ур чадвар сайжирч байна. Нөгөө талаас хүүхдүүдэд нийгэм, хүмүүжлийн талаас ямар ач холбогдолтой гэж үздэг вэ?
-Хамгийн гол нь, долоо хоног бүрийн амралтын өдөр багууд өрсөлдөж, тоглолт гарахаар хүүхдүүд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх боломж үүсч буй. Амралтаараа гадуур сэлгүүцэж, өдөржин дэмий явж, оройтохын оронд үеийнхэнтэйгээ хөлбөмбөгөөр “амьсгалах” боломжтой. Тэмцээний шагналын сан 35 сая төгрөг боловч багууд тэр мөнгөний төлөө түрүүлдэггүй. Харин спортын шударга өрсөлдөөний амтыг мэдрэх, түүнд дурлаж хүмүүжих нь сайн тал юм. Бид жил бүр шагналын мөнгөнөөс тодорхой хувийг нь сургуулиудад зориулж, хөлбөмбөгийн эдлэл, бааз хангамжтай болгоход зарцуулдаг. Ингэснээр хүүхдүүд “Дуулиан 2020” тэмцээндээ оролцоод дараа нь тоглох, хойтон жилийн тэмцээндээ бэлтгэл хийх боломж бага ч атугай хангагдана гэж бодож байгаа.
Өнгөрсөн жилүүдэд бид зургаан сургуулийн заалны засварын ажилд багагүй төсөв гаргаж зориулсан. Ер нь, тэмцээн зохиогоод, түрүүлсэн багт мөнгө тараагаад зогсчихгүй хөлбөмбөгийн тасралтгүй хөгжлийг хангахын төлөө боломжтой бүхнийг хийж байгаа. Жишээ нь, жил бүр “D” ангилал буюу анхан шатны дасгалжуулагчийн сургалт-семинар зохион явуулдаг. Мөн шүүгчийн сургалт-семинар жил болгон хийдэг. Сонирхолтой нь хамгийн сүүлийн сургалтад урьд нь “Дуулиан 2020” тэмцээнд оролцож явсан залуус хамрагдсан.
-“Дуулиан 2020”-д маш олон баг өрсөлддөг. Тэр болгонд тодорхой шаардлага тавьдаг байх?
-Баг бүр шаардлага хангаж байж тэмцээнд оролцоно. Сургууль сургуулиас баг бүрдэнэ. Үүний дараа насныхаа ангилалд өрсөлдөх ёстой. Энэ асуудлыг үнэн зөв байлгахын тулд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэгтэй тодорхой хэмжээгээр танилцаж шалгадаг. Дээрээс нь хэсгийн тоглолтууд тухайн сургуулийн зааланд болдог учраас танхим нь стандарт хэмжээтэй, заалны хөлбөмбөгийн тэмдэглэгээтэй байх, зориулалтын хаалгатай гэсэн олон шаардлага тавьдаг. Ядаж л тухайн тэмцээнийг шүүгч нь “D” ангилал буюу анхан шатны шүүх эрхтэй байх ёстой.
-Шигшээ тоглолтууд хаана болох вэ?
-Бидний төлөвлөж байгаагаар шигшээ тоглолтууд шөвгийн 32 багаас эхлээд Хан-Уул дүүргийн спортын газарт зохион байгуулна. Харин шөвгийн дөрөв буюу шилдгийн шилдгүүдийн тоглолт Спортын төв ордон эсвэл Буянт-Ухаа спорт цогцолборын аль нэгд нь болох юм.
-Монголд хөгжиж байгаа спортуудын дотроос хамгийн их өрсөлдөгчтэй төрөл нь хөлбөмбөг болжээ. Үүнд “Дуулиан 2020” тэмцээний үүрэг оролцоо их болов уу?
-Тэгэлгүй яахав. Анх долоон жилийн өмнө санаачилж, зорилго тавьж зохион байгуулсан ажил маань. Өнөөдрийн шигшээ багийн гишүүд “Дуулиан”-д тоглож байсан. Тамирчид жилээс жилд ур чадвар сайжирч байна гээд бидний амжилт тодорхой харагдаж байгаа гэж бодож байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: