100 гаруй сургууль, цэцэрлэгийн удирдлагыг ажлаас нь чөлөөлнө

0cf7b4c740119f1bigНийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар сонгон шалгаруулалтын шинэчилсэн журмыг өчигдөр эцсийн байдлаар баталлаа.

Нийслэлийн төрийн өмчийн зарим сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд болоогүй гэж Удирдлагын зөвлөл үзсэн аж. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 64 сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгон шалгаруулахгүйгээр томилсон байна. Мөн нийслэлийн Боловсролын газраас сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулдаг ч тодруулсан хүмүүсийг томилдоггүй.

Сургууль, цэцэрлэгийг удирдах ажлын байр гарахад дүүргийн Засаг дарга нар захиалгаа нийслэлийн Боловсролын газарт өгдөггүй байжээ. Шинэ журмаар сургууль, цэцэрлэгийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Боловсролын газар зохион байгуулж нийслэлийн Засаг дарга тэнцсэн нэр дэвшигчийг батламжлахаар болжээ.

Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн ажлын байранд шинээр хүн томилохоор болсон аж. Энэ сонгон шалгаруулалтыг ирэх сард багтаж явуулах юм байна. Иймээс ажлаа хийж байгаа 27 сургуулийн захирал, 64 цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих