М.Дамдинсүрэн: Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн металл алдац эрдэнэтийнхээс доогуур байгаа нь хачирхалтай

527-13617844112debebd928ec07c3bigОны өмнөхөн Оюутолгойн нээлт болсон. Нээлтийн үйл ажиллагаанд олон зочид төлөөлөгчид оролцсоноос гадна мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженерүүд ч нээлтэд очжээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцож байсан доктор М.Дамдинсүрэн гуайтай Оюу Толгойн асуудлаар ярилцлаа. Мэдээж түүнд энэ хоёр том ордын нээлтэнд оролцож байсны хувьд харьцуулж ярих олон зүйл буй бизээ.

-Оны өмнөхөн Оюутолгойн нээлт боллоо. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг нээлтийн ажиллагаанд таагүй хандаж байсан санагдаж байна. Ялангуяа ТВ9 телевиз Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээж аваагүй мөртлөө нээлтээ хийлээ гэх мэтээр ярьж байсан. Эрдэнэтийн үйлдвэрийг бүтээн босгож байсан хүний хувьд Та энэ тал дээр ямар бодолтой байсан бэ?

-Миний хувьд, хоёр том ордын нээлтийн ажиллагаанд оролцож байсан гэж хэлж болохоор. Эхнийх нь гэвэл, Эрдэнэтийн үйлдвэрийн нээлтийг өөрөө зохион байгуулж, өөрөө оролцож байснаа би тодхон санаж байна. Хоёрдахь нь саяын оролцсон Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэрийн нээлт байлаа. Оюутолгойн орд нээлтээ хийж байгаа нь дэлхий нийтэд мэдээлэх талаасаа бол эерэг сайн зүйл болсон.

 

Гэхдээ нээлтийн ажиллагаанд учир дутагдалтай олон зүйл байсан. Тухайлбал, саяын нээлтэн дээр зөвхөн хоёр тээрмээ эргүүлж харуулаад л болох жишээтэй. Уг нь дараагийн технологийн дамжлагууд, өөрөө нунтаглах тээрэм, уулын баяжуулах дамжлагуудыг ажиллуулсан бол жинхэнэ нээлт болох байв, гэсэн ч тэдгээрийг ажиллуулж харуулсангүй.

-Тэгэхээр Таны төсөөлж байсан шиг нээлтийн ажиллагаа болж чадаагүй гэж хэлж болох нь ээ?

-Алт агуулсан баяжмал энэ тэр нь яаж гарч байгаа юм гэж сонирхтол тэр нь ерөөсөө гараагүй. Баяжмалыг гаргаад өтгөрүүлдэг, хатаадаг, хадгалдаг, шүүдэг гээд олон шат дамжлага бий. Хэрэв үнэхээр саяын нээлт бүрэн төгс нээлтийн ажиллагаа байсан бол эдгээр бүх дамжлагууд бүгд л хөдөлж явж байх ёстой. Тиймээс энэ бол зүгээр ёс төдий нээлтийн ажиллагаа юмуу даа гэж бодогдсон.

-Ёс төдий гэдгийг Та Эрдэнэтийн ордын үйлдвэрийн нээлттэй харьцуулж дүгнэж хэлж байна уу? Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн нээлт ямар шат дарааллаар явагдаж байсан бэ?

-Яагаад ингэж дүгнэж байна гэхээр, жишээ нь Эрдэнэтийг бид нэг секцийг 4 сая хүдрээр нээхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон Монголчууд нийлж байгаад явуулах тохируулгын ажлыг бараг бүтэн хоёр, гурван cap шалгаж үзэж байгаад, дамжлагуудын ажиллагаа бүрэн төгс тэгшрээд, яг тэр зураг төсөлд заасан үзүүлэлтээ хангаад горимоороо ажиллаад эхлэхтэй зэрэг жинхэнэ албан ёсны нээлтийг хийж байсан.

 

Уг нь би баяжуулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаа гэхтэй зэрэг өөрөө 30 гаруй жилийн өмнө үүн шиг том үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцоод, өөрөө бараг зохион байгуулж байсан учраас яг тийм юм болно гэж өндөр сэтгэгдэлтэй Оюутолгойд очсон, харамсалтай нь 11.6 метр диаметртэй нунтаглах хоёр тээрмийг эргүүлээд л болчихсон, түүнийг нь ажиллуулах товчлуурыг нь нээлтийн ажиллагаанд зориулаад бэлдчихсэн.

 

Яахав манай Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөх товчлуурыг нь дараад хоёр тээрмийг эргүүлсэн төдий нээлт боллоо. Ер нь л нэг ийм л ёс төдий нээлтийн ажиллагаа болсон. Тэрнээс үйлдвэр яг бүрэн бүтэн хүчин чадлаараа ажиллаагүй. Нэг үгээр хэлбэл, бүх шат дамжлага нь ингэж ажиллана гэдгийг нээлтэнд ирэгсдэд харуулж чадаагүй. Иймэрхүү л нээлт боллоо доо.

-Тэгээд дээрээс нь нээлтийн олон өдрийг яриад байгаа шүү дээ?

-29-нд нээлт хийлээ л гэнэ, мөн 1-р сарын 27-нд нээлт хийнэ л гэнэ. Уг нь ном ёсоороо үйлдвэрийн бүх үйл ажиллагааг жин тан болгоод нэг л удаа нээлт хийх ёстой баймаар. Магадгүй энэ мэт олон өдөр товлоод нээлтийн үйл ажиллагааг хуваагаад байгай нь цаанаа ямар нэгэн нарийн учир шалтгаантай байх.

-Нээлтэд очсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженерүүд Оюутолгойн орчин үеийн техник технологийг хараад “дуу алдацгааж” байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацагдсан. Таны сэтгэгдлийг сонсоход ийм юм болоогүй юм шиг санагдлаа.

-Нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бас ирсэн. Хөгжлийн хэлтсийн дарга доктор Гандаа, доктор Гэзэгт, үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Эрдэнэтийн ерөнхий баяжуулагч доктор Баатархүү, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан доктор Давааням, мөн өшөө ч олон хүн байсан. Эд нар нээх тийм айхтар сэтгэл нь хөдлөөд уйлаад дуулаад байсныг би лав ерөөсөө хараагүй.

 

Үнэндээ эдгээр хүмүүс тэгэх ч ёс байхгүй. Тэд бол өчнөөн нарийн техник технологийн асуудлыг шийддэг, тэгээд ч түүнийгээ шийдээд сурчихсан мэргэжилтнүүд, тэгтэл 11 метрийн тээрэм хараад учиргүй юм үзээгүй хүн шиг сэтгэл нь хөдлөөд, зүрх нь цохилоод байх тийм улсууд бишээ. ёстой л дамждаг газраар нь дамжаад, ордог газраар нь ороод, үнэхээр юм үзэж хашир суусан “докторууд” л ирсэн шүү дээ.

 

Эд нар бол жинхэнэ мэргэжлийн хүмүүс. Эд нар бол хараад над шиг л ахиад нэг томоохон хэмжээний зэс алтны үйлдвэр бараг бэлэн болж байгаа юм байна, тээрэм нь эргэж эхэлж байна, ямар ч байлаа гэсэн ёслолын ажиллагаа болж байгаа юм байна, дутуу зүйлүүдээ ойрын үед гүйцээгээд хийх байлгүйдээ гэсэн тийм эерэг сэтгэгдэлтэй л бүгд ирцгээсэн.

-Улсын комисс хүлээж аваагүй мөртлөө нээлт хийлээ гэж яриад байгаа. Улсын комисс ийм том хэмжээний үйлдвэрийг хүлээж авах асуудал дээр Та ямар бодолтой байгаа вэ?

-Улсын комисс гэдэгт дээгүүрээ УИХ-ын хэдэн гишүүд, Засгийн газрын хэдэн сайд нар байлцаж байгаад энэ том үйлдвэрийг хүлээж авнаа гэвэл тэдний мэдлэг мэргэжлийн төвшин мэдээж хүрэлцэхгүй. Тиймээс Улсын комисс Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хүлээж авахдаа юуны түрүүнд ажлын комисс гэдгийг байгуулаад сайн сайн эрдэмтэн докторуудыг цуглуулж, мөн эдийн засаг, санхүү болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хүмүүсийг оролцуулсан тийм мэргэжлийн ажлын комисс байгуулаад, тэгээд тэр комисс нь Оюутолгойд очоод дор хаяад хагас cap ажиллах ёстой. Бүх юмаа нарийвчлан судлах ёстой.

-ТЭЗҮ-г дахин судална гэсэн үг үү?

-Ажлын комисс ТЭЗҮ-г судлахгүй, учир нь ТЭЗҮ-ээр үйлдвэрлэл байгуулагддаггүй, өөрөөр хэлбэл ТЭЗҮ гэдэг бол хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хүчин чадал гээд бүх юмыг үндэслэсэн, энэ үйлдвэрийг, энэ ордыг эзэмшихэд эдийн засаг санхүүгийн хувьд бол ашигтайигэдгийг үндэслэсэн, технологийн гол гол хүчин чадлыг үндэслэсэн бичиг баримт. Тиймээс үйлдвэрийг ТЭЗҮ-гээр байгуулдаггүй.

 

Харин ТЭЗҮ гэдэг бичиг баримт баталгаажсанаар дараагийн үйл ажиллагаа юу гэхээр Техникийн зураг төсөл гэж гардаг. Тэгэхээр энэ очиж байгаа ажлын мэргэжлийн комисс Оюутолгой ордыг техникийн зураг төслийнхөө дагуу баригдаж уу үгүй гэдгийг маш нарийн тооцоолж, технологийн дүрэм журам, Монгол Улсын мөрдөгдөж байгаа хууль, дэлхийн стандарттай тулгаж маш сайн шалгах ёстой.

-Нарийн тодруулж тайлбарлавал?

-Ажлын комисс юун түрүүнд ил уурхай ямар янзтай явагдаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээд дараа нь ил уурхайгаас хүдрийг олборлоод гаргаад ирлээ, уурхайн орц гарц ямар янзтай байгуулагдсан байна, зам талбай нь хөдөлмөр хамгааллын дагуу баригдаж уу үгүй юу гэдгийг судална, мөн доголын өнцөг гээд олон юм байдаг. Бүгдийг нь зураг төсөлтэй нь шалгаад ил уурхайгаас хүдэр олборлоход хангалттай түвшинд бэлэн болсон байна гэдэг дүгнэлтээ хийгээд, мөн ийм ийм зүйл дутуу байна гэдгээ бичээд олборлолтын хүрээн дэх дамжлагыг ингээд судалж болж байна.

 

Харин олборлогдсон хүдрүүд 220 тонны даацтай том машинуудаар зөөгдөөд том бутлуурт хүрч ирэх ёстой. Хасах 150 мм-ийн тийм хэмжээний хүдэр бутлагдаж гарч ирээд тэр нь өөрөө тээрэмд очих ёстой байдаг. Энэ бүх л дамжлагуудыг бүгдийг нь ажиллуулж үзэх хэрэгтэй. Тийм учраас би улсын комисс хүлээж авахын өмнө ажлын комисс энэ нарийн техник технологийн хүрээнд ажиллаад өөрийнхөө санал дүгнэлтээ гаргах ёстой гэж хэлээд байгаа юм.

 

Улсын комисс болохоор өөрийнхөө баталсан мэргэжлийн комиссын санал дүгнэлтийг юуны өмнө үзэж байж, тэгээд дараа нь тухайн дүгнэлт дээр үндэслэн Оюутолгойд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нартай ярилцан тэдний саналыг сонссоны дараа хоёр талынхаа мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, тэдний гаргасан санал дүгнэлтийг мөн харгалзаж байж баяжуулах үйлдвэрийг хүлээж авах ёстой. Ердөө гол зарчим нь энэ.

-Гэтэл саяын нээлт Таны ярьсан зарчмын дагуу ерөөсөө болсонгүй. Хугацаанд шахагдан яараад байгаа юм шиг санагдсан?

-Улсын комисс очоод нээх сайхан баяр ёслолын байдалтай нэг акт гаргачихаад гарын үсэг зурчихаад ирж ерөөсөө болохгүй. Ингэвэл том алдаа болно. Оюутолгой дээр бол засгийн газар,  УИХ-ыг хараад байхад 30 гаран жилийн өмнө Эрдэнэтийн овооны орд газрыг эзэмших том барилга бүтээн байгуулалт ямар янзтай явагдсан гэдгийг мэдэхийн хувьд, мөн яамны газрын дарга байсан, өөрөө тэр ажилд гар бие оролцож өөрөө бүр сүүлдээ ажилгүй болж лааз өшиглөх хүртэл байдалд байсан учраас би энэ юмыг яаж хүлээж авах ёстой юм гэдгийг өөрийнхөө амьдралаар жишээ болгож хэлэхэд ийм л байна.

 

Манайхан бол Оюутолгой дээр Монголын талын мэргэжилтнүүдээ огт ашиглаагүй. Эрдэнэтийн үйлдвэрийн энэ 30 жилийн хугацаанд маш олон чадварлаг мэргэжилтнүүд өсөж бий болсон, одоо Эрдэнэт үйлдвэрийг дан монголчууд аваад ажиллуулаад явж байна. Гэтэл Оюутолгойн ордод өөрийнхөө талын хүмүүсийг огт оруулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гээд гурван мэдэхгүй хүн гэрээг хийсэн.

 

Энэ гэрээн дээр эрдэмтдээс ч орсон хүн байдаггүй, бид ч орсон юм байхгүй, гэхдээ яахав Оюутолгойн ТЭЗҮ гэдэгт шинжээчдийн группт ажилласан монголчууд байдаг юм, би ч өөрөө хоёр гурван удаа ажилласан, доктор С.Авирмэд, манай сайн эдийн засагч, инженер Балжинням гэх мэт хүмүүс орж ажиллаж байсан. Ер нь ажиглаад байхад, шинжээчдийн груптт ажиллаад сүүлд нь сураггүй болчихдог тал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг байгуулж байх үед энэ шинжээчдийн груптт ажиллаж байсан,

 

Эрдэнэтийн үйлдвэрийг хариуцаад дэлхийн түвшинд ажиллаж байгаа хэдийгээ бүгдийг нь оролцуулах хэрэгтэй байсан. Энэ үйлдвэрийг Ул-\сын комисс хүлээж авах гэж байгаа юм бол ерөөсөө л тэрний өмнө монгол талынхаа мэргэжлийн хүмүүсийг оруулж, мэргэжлийн хүмүүсийнхээ санал дүгнэлтийг үндэслэсний үндсэн дээр Оюу-толгойн үйлдвэрийг хүлээж авах ёстой.

-Шинжээчдийн группт орох үед Оюутолгойн ТЭЗҮ ямар санагдаж байсан бэ, тэр үед та ямар санал хэлж байв?

-Бид чинь Оюутолгойн ордын ТЭЗҮ дээр шинжилгээ анализ хийсэн улс шүү дээ, тэрнээс техникийн зураг төсөл дээр ажиллаагүй, түүнийг бол хараа ч үгүй, үзээ ч үгүй, Тэгэхдээ ТЭЗҮ гэдэг бол их олон талын техникийн зураг төслийн эхний үе шат болж өгдөг. Ер нь Оюутолгой нөөцөөрөө ч тэр, агуулж байгаа баялгаараа ч тэр дэлхийд нэгт бичигдэнэ гэдэг нь тодорхой болчихоод байгаа шүү дээ.

 

Индонезийн Грасбергийг зэс, молибденээр бол дэлхийд нэгт жагсдаг гэж үздэг. Тус ордын хүдрийн нөөц 2.8 тэрбум тонн гэж тогтоогдоод байгаа. Гэтэл Оюутолгойн геологийн нөөц гэхэд 6.5 тэрбум. Тэрэн дотор байгаа алт, зэс бүх л юмыг үнэлэх юм бол Оюутолгойн орд яахын аргагүй дэлхийд нэгт бичигдэх нь ойлгомжтой. Гэтэл Оюутолгойн хайгуулын ажил дуусаагүй үргэлжлээд л байж байгаа. Хүдрийн биетүүд тэрний хил хязгаарууд бол энд дуусаж байгаа юм байна гэдэг нь тогдоогдоогүй, тэгэхээр цаашдаа бол нэмэгдээд л явна гэсэн үг. Тэр утгаараа дэлхий дээр байхгүй номер нэг орд гэж ойлгогдохоор.

 
-Оюутолгойн техник технологийг Эрдэнэт үйлдвэрийнхтэй харьцуулвал Та ямар дүгнэлт хийхээр байна?

-Энэ том баялгийг түшиглэж байгуулж байгаа уул уурхайн баяжуулах үйлдвэрийн техник технологи гэдэг утгаараа дэлхийн хэмжээний хоёр дахь гурав дахь үйлдвэр болохоор харагдаж байна лээ. Экскаваторын шанаганы багтаамж гэхэд 42 мЗ, харин хүдрийг ачиж явдаг, мөн өөрөө буулгадаг том машин механизмууд нь 220 тоннын даацтай юм билээ. Энэ бол ил уурхайн тоног төхөөрөмж гэсэн үг.

 

Баяжуулах үйлдвэр дээр хагас суурийн нунтаглах тээрэм одоогоор хоёр угсрагдсан байгаа, цаашдаа гурав болно. Тэрний диаметр 11.6 метр. Саяын нээлтэн дээр очиход үнэхээр том тээрэм харагдаж байна лээ. Эрдэнэтэд бол 9 метрийн хагас суурийн нунтаглах тээрэм байгаа, Оюу-толгойнх бол Германы Сименс компаний тээрэм, явж байгааг нь харахад хэдий 11.6 метр боловч Эрдэнэтийн тээрмээс тийм ч том харагдахгүй байсан.

 

Миний ажигласнаар Эрдэнэтийн тээрэм арай богинохон юмуу даа гэж бодогдсон. Баяжуулах үйлдвэрийн том тээрмээс гадна баяжуулах хэсэг дээр том том машинууд байгаа. Эрдэнэтийн үйлдвэрт байхгүй шинээр орж ирсэн зүйл гэвэл баяжмалыг босоо тээрэмд дахин нунтаглаж цаашаа цэвэрлэгээний дамжлага руу орж байгаа юм. Тэр босоо тээрэм бол Эрдэнэтэд байхгүй, ер нь Монголд ч байхгүй.

 

Бас нэг гол юм гэвэл алт агуулсан баяжмалд баганат машин гэдгийг хэрэглэж байгаа юм билээ. Энэ нь 5 метрийн диаметртэй, 10 гаруй метрийн өндөртэй машинууд байгаа юм. Энэ мэт ийм шинэлэг техник технологиудыг оруулж ирсэн байсан. Оюутолгойг техник технологийн хувьд Эрдэнэттэй харьцуулахад нэг иймэрхүү байна.

-Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал ойрын хэдэн жилдээ ямар байхаар байгаа вэ?

-Оюутолгойн баяжуулах үйлдвэр хүчин чадлаараа дэлхийд эхний гуравт орох биз. Эхний хэдэн жил 35 сая тонн хүдэр олборлоод, баяжуулах үйлдвэрт өгөөд улмаар баяжуулаад гарах баяжмалын хэмжээ 1.6 сая тонн байх юм билээ. Эрдэнэт ойролцоогоор 600 мянган тонн гаргаж байгаа. Чилийн дэлхийд хүчин чадлаараа дөрөвт бичигдэх Коло-хаусын баяжуулах үйлдвэр хоногтоо 4300 тонн зэсийн баяжмал гаргадаг.

 

Тэгэхээр Оюутолгой жилдээ 1.6 сая тонн зэсийн баяжмал гаргана гэхээр хоногтоо 4800 тонн баяжмал гаргана гэсэн үг. Ингэснээр дэлхийд дөрөвт бичигдэх Чилийн тэр том баяжуулах үйлдвэрийн өмнө орно гэсэн үг. Энэ утгаараа явсаар байгаад хүчин чадлаараа дэлхийн номер нэг үйлдвэр болж болох юм.

-Баяжуулалтын технологийн хувьд шүүмжлэлтэй зүйл байсан уу?

-Үйлдвэрийн хувьд нэг шүүмжлэлтэй хандъя гэвэл бас нэг дутагдалтай зүйл байсан нь металл авалтын шат дамжлагын асуудал юм. Оюутолгойд металл авалт 85 хувьтай байгаа гэсэн. Гэтэл Эрдэнэт 86 хувь давчихсан байгаа. Хам болоод ялгах дамжлага нарийн технологитой, тийм их нарийн технологиор яваад байхдаа Эрдэнэтийн үйлдвэр металл авахдаа 86 хувь давчихаад байхад Оюутолгой Эрдэнэтээс бага байгаа нь гайхмаар.

 

Уг нь Оюутолгойн хүдэр Эрдэнэттэй харьцуулахад хамаагүй хялбар баяжигдах зэсийн хүдэр юм. Гэтэл металл авалт нь 85 хувь, хэдий энэ үзүүлэлт өндөр тоо боловч ийм өндөр технологи ашиглаж буй үед лав Эрдэнтээс өндөр байх ёстой. 87, 88, бүр цаашлаад 90 байх ёстой. Өнгөц бодоход ганц хоёр хувийн ялгаа байхгүй мэт боловч Оюутолгой шиг жилдээ 35-60 сая тонн хүдэр боловсруулах энэ том хэмжээний ордын хувьд металл авалт нэг хувиар дээшилнэ гэдэг бол маш их хэмэээний зэс, алт ороод ирнэ гэсэн үг.

 

Энэ бол учир дутагдалтай технологи гэж үзэж байгаа. Мөн хүдрийн хаягдалд агуулагдаж байгаа зэсийн агуулга Оюутолгой дээр өндөр байна. Хөрөнгө оруулагчид манайхныг мэдэхгүйгээр нь далимдуулж ихээхэн мунхруулдаг юм шиг санагддаг. Оюутолгойг та нар чадахгүй, Оюутолгой чинь арав дахин том орд газар шүү дээ гэж яриад байгаа. Нөөцийн хувьд том гэдэг нь үнэн.

 

Технологийн хувьд хамаагүй хялбар технологитой. Ер нь л мэдэхгүй чадахгүй аливаа нэг юмыг хүчгүйдүүлдэг, буурай дорой болгож харагдуулдаг. Оюутолгойн нээлтэнд ороод явж байхад Эрдэнэтийн том үйлдвэрийг авч явж байгаа ээлжийн инженер нэг хүнийг аваачаад тавихад Оюутолгойн аль ч шат дамжлагыг хариуцаад ажиллаж чадахаар сэтгэгдэл төрсөн. Энэ бүхнийг анхаарахгүй, гадаадынхны үгэнд ороод мунхраад л яваад байх юм.

-Эрдэнэт үйлдвэрийг байгуулахтай зэрэгцэн Эрдэнэт хотыг барьж босгосон. Оюутолгойн дэд бүтцийн асуудал Танд чамлалттай л санагдаж байгаа байх?

-Дэд бүтэц гэдэг бол том үйлдвэрийг ухаандаа эрчим хүчээр яаж хангах уу, технологийн усыг хэрхэн хаанаас хангах уу, үйлдвэрийг ажиллуулахад хэчнээн хүн ажиллах уу, тэдгээр ажилчид хаана амьдарч, юугаар хангагдах уу гэсэн олон цогц асуудлыг дэд бүтцэд хамруулж ойлгодог. Уг нь миний бодлоор өмнийн говьд Эрдэнэт, Дархан шиг тийм сайхан хот байгуулах ёстой байсан юмсан, даанч тийм хот байгуулна гэж ерөөсөө төлөвлөсөнгүй.

 

Ердөө л хоноод өнжөөд явах түр зуурын байшин бүхий тосгон ухаантай л юм барьсан байна лээ. Хот байгуулах тухай манай засгийн газар ч хөрөнгө оруулагчдыг шахсангүй, хөрөнгө оруулагчид ч тийм санал гаргасангүй, ингээд хотын асуудал бол бүрмөсөн орхигдсон. Бид Эрдэнэт хотыг байгуулахдаа дөрөв, таван хороололтойгоор, бүр цаашлаад амралтын газрыг нь хүртэл байгуулаад, мөн залуучуудад зориулсан дотроо усан сантай спорт цогцолбор хүртэл барьж байсныг мэднэ.

 

Ингэснээр Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүсийн бүрэн шаардлагыг хангаж байгаа юм, тэр үед эмнэлэг нь сайн, сургууль гэхэд хоёр гурав байсан санатдаж байна. Хотыг хүнсний ногоогоор хангаж байхын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг хүртэл байгуулж байсан шүү дээ. Гэтэл Оюутолгойд хот байгуулна гэдэг асуудал хаана ч яригдсангүй. Тэр чигээрээ дэд бүтцээс нь хаягдаад хасагдчихсан. Тавантолгойн Цогт цэций суманд коксжих нүүрсний том орд бий. Уг нь дунд нь нэг сайхан том хот барьчихвал өмнийн говь нэг том “нийслэл” хоттой болох байлаа.

-Оюутолгойн дэд бүтцийн асуудал дээр Таны бодол?

-Хятадаас эрчим хүчээ авна гээд байгаа. Үүнийг нь Монголын тал зөвшөөрчихсөн. Оюутолгойн архан талд Тавантолгойн орд бий. Тэр бэлэн нүүрсийг нь зөөгөөд 450 мегабайтын цахилгаан станц барина гэсэн юм байдаг. Энэ юм нь одоо эхлээгүй л байгаа шүү дээ. Дэргэд нь нүүрс нь байгаа. Харин монголчууд Ухаа худагийг ашиглахдаа жижигхээн боловч цахилгаан станц бариад дэргэдэх сумаа цахилгаанаар хангаж чадаж байна.

 

Зам тээвэр бол дэд бүтцийн бас нэг чухал асуудал. Оюутолгойн үйлдвэрээр гарсан 1.6 сая тонн алт агуулсан зэсийн баяжмалыг урд хөрш руу нийлүүлнэ гэвэл одоохондоо авто замаар нийлүүлж таараа. Автозам нь баригдаж дууссан юмуу хэн ч мэдэхгүй. Энэ нь эргээд Монголын говийн байгалийг сүйтгэх хор уршигтай болоод байгаа юм.

 

Тээврийн асуудал гэдэг бол энэ том үйлдвэрийн хувьд хамгийн чухал асуудал байх ёстой. Тэгтэл төмөр зам барих уу, үгүй юу гэдэг одоо хүртэл тодорхойгүй.

-Оюутолгой усны нөөцөө гүний хоолойгоос татна гээд байгаа?

-Оюутолгойн усны нөөцөө хаанаас татах вэ гэдгийг байгаль орчны сайд баталсан юм билээ. Гүний хоолой ундаргыг 870 л/сек байна гэж баталсан. Гэтэл Оюутолгойд ашиглагдах усны хэрэглээ тэр 870-даа хүрчихээд байгаа юм. Тэгэхээр Гүний хоолойн ундаргыг дээд хэмжээгээр нь аваад байвал нөөц нь багасаад ирнэ биздээ. Хэрэв Оюутолгойн хүчин чадлыг жилдээ 56-60 сая тонн олборлохоор ихэсгэвэл усны асуудал дахин босч ирнэ. Оюутолгойн энэ том ордыг хөдөлгөхөд юу юу хэрэг болох вэ гэдгийг ойрын хэдэн жилээр урагш нь харахад иймэрхүү юм санаанд орж байна.

-Ийм олон асуудал байхад, зэс хайлуулах үйлдвэр барих тухай бүр ярилтгүй болох шив дээ?

 

-Оюутолгойн шиг том ордыг дандаа ургаш нь ачаад байхаар зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг яах вэ гэдэг асуудал ерөөсөө яригдсангүй. Явж явж Хятад улсын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, түүхий эдийн бааз маягтай улс болж хувирах төлөвтэй. Дэлхийн хэмжээний номер нэг орд дээр алт агуулсан зэсийн баяжмалыг хайлуулаад зэсийг зэс хэлбэрээр, алтыг алт хэлбэрээр, молибденийг молибденээр нь гаргах ёстой. Оюутолойд баригдах алт агуулсан зэсийн баяжмалыг хэрхэн болосвруулах гэдэг асуудал бүр орхигдчихлоо. Хөрөнгө оруулагчид үүнийг сонсох ч бодолгүй байдаг юм шиг байна лээ. Оюутолгойг дуусан дуустал ийм маягаар явах санаатай дагаа, лав тэд.

-Оюутолгойн алтны нөөц их тодорхой бус байх юм. Хоорондоо зөрүүтэй олон тоо баримт гарч байна?

-Зэсийн геологийн нөөцийн хэмжээ нь яг нарийн тогтоогдоогүй байгаа. Одоогоор 6.5 тэрбум хүдрийн нөөцтэй. Үүнээс 1800-аад тонн алт байгаа гэж байгаа. Алтны агуулга цаашаа хүдрийн хэмжээ өсөх тусам нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйлдвэр байгуулаагүй цагт тэр алтыг хэзээ ч олж харахгүй. Өөр үгээр хэлбэл, Хятадад очоод л хятадын юм болж хувирна гэсэн үг. Мөнгө ч мөн адил.

-Оюутолгойн асуудал дээр бас нэг орхигдуулаад байгаа сэдэв бол ховор металлийн асуудал. Үнэхээр алт, мөнгө, зэс арвинтай ч ховор металлын нөөц багатай орд юм уу?

-Алт, мөнгөний зарчимтай яг ижил. Зэсийн баяжмалыг задлаагүй, боловсруулаагүй цагт энэ асуудал хэзээд боломжгүй байсаар байх болно.

-Алтыг маш хямдханаар олно, ховор металыг ерөөс үнэгүй орж ирнэ гэсэн хөрөнгө оруулагчдын нууц яриа үүнтэй холбоотой байж болох нь ээ?

-Манай өнгөт төмөрлөгийн салбар гэдэгт холимог металл орж байгаа. Хар тугалга, цайр гэх мэт. Монголд холимог металлын дөрөв таван орд байснаас одоогоор Улааны, Цавын, Төмөртийн овоон гэсэн гурван орд нь ашиглагдаж байгаа. Эдгээр ордууд Монголынх гэвэл биш. Мардайтай залгаа, баруун талд нь байрлах Улааны орд нь 30 гаруй жилийн хугацаатайгаар 100 хувь хятадын хөрөнгө оруулалтын компаний эзэмшилд байгаа.

 

Улааны ордоос хар тугалга, цайр гаргадаг. Бид ноднин жил Эрдэнэтийнхэнтэй очиж холимог металл, технологийн аудит хийсэн. Тэр үед бидэнтэй шөнө том том машинууд зөрөөд өнгөрч байсан. Тэр их хар тугалга, цайрын баяжмал ачсан машинууд дандаа шөнө явдаг юм билээ. Их сонин санагдаж байлаа. Зөвхөн хар тугалга цайр байгаа юм биш. Тэр дотор гурав дөрвөн өөр металлын хүдрийн биетүүд ч бий.

 

Ийм ордоо 34 жилээр өгчихсөн нь харамсалтай. Тэдгээр машинууд боомт дээр очоод хар тугалгын, цайрын баяжмалыг гаргахдаа ямар ямар элемент гарч байгаа гэдэг нь ямар ч тодорхойгүй. Уран энэ тэр байгаа нь ерөөс тодорхойгүй. Мэдээж лаборатори байдаг байх л даа. Гэхдээ л бүгдийг нарийн шалгахгүй л байгаа болов уу. Улааны ордоосоо зүүн тийшээ 130 км яваад Цавын орд байгаа.

 

Мөн л Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Харин Төмөртийн овоо бол Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаас 10 гаруй км зайнд байгаа. Төмөртийн ордын хувьд бүр социализмын үед Монгол болон Ардчилсан Германий хамтарсан хайгуулын баг аль хэдийн нөөцөө тогтоогоод, бүр усаа хүртэл хаанаасаа авч ашиглах уу гээд бүгдийг нь тогтоочихсон байсан. Мөн л Хятадын мэдлийн компани эзэмшдэг. Уг нь хамтарсан үйлдвэр гэдэг юм билээ. Гэхдээ Хятадын талын эзлэх хувь нь 60. Ер нь л холимог металл гэдэг чинь ийм л юм болчихоод байгаа шүү дээ.

-Сүүлийн асуулт болгож Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар асууя. Өнгөрсөн онд УИХ-ын хоёр гишүүн энэхүү гэрээний зөв, буруугийн талаар хэлэлцсэн. Та энэ тал дээр ямар байр суурь дээр байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр олон юм хаягдсан. Өөр нэг гол хэлэх зүйл бол Оуютолгойн энэ их бүлэг ордыг бүхлээр өгөх нь буруу байсан, жишээлбэл,’ монголчууд Оюутолгойн ордын өмнөд хэсгийг өөрсдөө ашиглаад, монгол менежерүүдээ ажиллуулан өөрсдөө аваад явсан бол үйлдвэрээ ч барьчихна, хотоо ч босгочих байсан. Ийм чадварт хүрсэн байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдад юу гэх вэ гэвэл тэр босоо амыг өгөх ёстой.

 

Блокоор хөндийлөн олборлолт явуулах технологитой гэгддэг тэр газрын доорх олборлолтын босоо амаа өгчих ёстой. Moнголчууд бол чадахгүй. Энэ хэсгийг гадныханд өгөөд явж болох байсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 1 хувьд Монгол Улс 34 хувийн мөнгөө гаргахын тулд зээл аваад тэр нь өндөр хүүтэй, өөрсдөө өрөнд орчихоод байгаа. Газрын дор байгаа баялгаа үнэлээд үнийг нь тогтоогоод Монгол Улс өөрөө авлагатай үлдэнэ үү гэхээс өртэй үлдэнэ гэж байхгүй.

 

Тэгтэл өртэй байгаад байдаг. Ер нь л гэрээ хийхдээ энэ бүх асуудлыг яриагүй, мэргэжлийн хүмүүсээ оруулаагүй, гэтэл Монголын сайн сайн эрдэмтэд зөндөө байж байгаа шүү дээ, өрөөсгөл талаараа хийгдсэн гэрээ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Монголын 34 хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хувиа өсгөх ёстой гэдэг. Үнэндээ анхны хөрөнгө оруулалт гэдэг юм нь хэдэн онд яаж төлөгдөх нь ерөөсөө тодорхойгүй байна.

 

Монголын талд мөнгөний урсгал бол хуваагдаж байгаа ашгаараа л хэмжигдэнэ гэхээс биш мөнгөний урсгалаар хэмжигдэхгүй шүү дээ. Нөгөө тал 66 хувийг авах нь байна. Оруулсан хөрөнгө оруулалт нь эргэж нөхөгдөөд бид өрөө төлөөд ирэхээрээ ашгаа авч эхлэх нь байна. Тэгэхээр Оюутолгойн олборлох, баяжуулах үйлдвэрийг босгох хөрөнгө оруулалтын хэмжээ анхны тохирсон дүнгээрээ явах ёстой.

 

Тэр нь хаашаа ч хөдөлдөггүй, бүх л бүтнээрээ өөрчлөгдөхгүй байх ёстой. Гэтэл энэ дүн нь өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Өөрчлөгдөх тусам Монгол Улсын өрөө төлж дуусах хугацаа хойшилно л гэсэн үг. Эрдэнэтийн гэсэн томоохон жишээ байхад манай талаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийгчид үүнийг ерөөсөө анхаараагүй. Үл мэдэгдэх олон тэгшитгэл байдаг, хувьсаж өөрчлөгддөг ухаантай юм яриад байсан.

 

Ингэж монголчууддаа буруу ойлголт төрүүлж тархи толгойг нь эргүүлж байж болохгүй. Уг нь Долоон буудлын Должин эмээд ч ойлгогдохоор ярьж бай гэдэг үг байдаг байхаа. Тиймдээ ч би энэхүү ярилцлагадаа аль болох энгийн үг хэллэг оруулан ярихыг хичээлээ. Тэрнээс мэргэжлийн үг хэллэг оруулаад ярьж болно шүү дээ. Ингээд ярилцлагаа төгсгөе дөө.

 
Ярилцсан Э.Үүрцолмон

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих