“Оюутнуудад олгох ёстой мөнгө захирлынх нь дансанд байршиж байсан тохиолдол ч гарсан”

8538af4977770df2bigАвлигатай тэмцэх газарт хандан иргэдээс ирүүлсэн “Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд оюутнуудын тэтгэлгийг олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хугацаанд нь өгөхгүй чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн мөрөөр тус газраас шалгалт явуулж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ гаргажээ.  Энэ талаар  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой ярилцлаа.

-Шалгалтад хэчнээн их, дээд сургууль хамрагдсан бэ. Ямар зөрчлүүд илрэв?

-Шалгалтын хамрах хүрээг тогтоохдоо нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нэрсийн жагсаалтад түүвэрлэлт хийх замаар сонголт хийж, тухайн сургуульд суралцагчдын тоог харгалзан үзсэн. Төрийн өмчит Батлан хамгаалахын их сургууль, ЭМШУИС, ХААИС, Удирдлагын академи, МУИС, хувийн их, дээд сургуулиас ХИС, “Отгонтэнгэр”,“Улаанбаатар”, “Цахим”, “Этүгэн”, “Ач”, “Энх-Орчлон”, “Түшээ”, “Евро-Ази”, Хөдөлмөрийн дээд сургууль, “Монгол”, “Шихихутаг”, “Урлах эрдэм”, “Эм А Ю” зэрэг нийт 20 их, дээд сургууль, коллеж хамрагдсан.

Сургалтын төрийн сангаас 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар төрийн болон төрийн өмчийн 98 их, дээд сургууль коллежийн 145375 суралцагчдад 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг олгосон. Үүнээс дээрх  20 их, дээд сургуульд нийт 21 тэрбум 936 сая 600 мянган  төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл  олгогдвол зохих дээрх дүнгээс 11 сургуульд 300 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Үүнийг холбогдох сургалтын алба, санхүүгийн ажилтнууд хичээлд огт суудаггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудын тэтгэлэг гэдгээр холбон тайлбарласан ч ингэх ёстой гэж зохицуулсан дүрэм журам байхгүй. Ер нь сургуулиудын хувьд  санхүүжилттай холбоотой  мэдээлэл ил, тод нээлттэй бус байна л даа.

-Оюутнуудад олгогдоогүй мөнгө хууль бусаар зарцуулагдсан, өөр дансанд байршуулсан гэх мэт зөрчил байсан уу?

-Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиуд Сургалтын төрийн сангаас санхүүжилт авснаас хойш оюутны тэтгэлэг олгох суралцагчийн судалгаа гаргах, оюутны бичиг баримтын бүрдүүлэлт хийх, картжуулах, данс нээлгэх зэрэг шалтгааны улмаас эхний удаагийн тэтгэлгийг 1-3 сар,  9-12 сарын тэтгэлгийг хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан шинээр элсэгчдийн бүртгэл судалгаа гаргах, оюутнууд сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлэх хүсэлт гаргана гэсэн хүлээлтийн улмаас 1-2 сарын дараа олгодог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн Сургалтын төрийн сан болон сургуулиуд суралцагчийн шилжилт, хөдөлгөөний тооцоог нийлэх явцад сургуулиуд суралцагчийн талаарх мэдээллийг бүрэн өгдөггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудыг тоог хасалгүйгээр танилцуулж санхүүжилт авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Харин Сургалтын төрийн сангийн тухайд суралцагчийн судалгаа, бүртгэлд тавих хяналт хангалтгүй байна. Тухайлбал,  “Цахим” дээд сургуулийн захирлын хувийн дансанд  оюутнуудад олгох ёстой мөнгө байршиж байсан.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх, “Цахим”, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудаар тусгайлан шалгуулах, төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад аудит хийлгэх, дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллах, түүнд хяналт тавих асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд уламжиллаа.

-Өнгөрсөн онд танай хэлтсээс төрөх эмнэлгүүдэд шалгалт хийж зохих арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан. Энэ шалгалт юу болсон бэ?

-Иргэдээс ирсэн гомдлын дагуу төрөх эмнэлгүүдэд тодорхой шалгалт хийх ажлын төлөвлөгөө гарчихсан байгаа. Хараахан хэрэгжүүлж эхлээгүй байна. Яг одоогоор манайх орон нутагт хүч хаяж ажиллаж байгаа. Орон нутагт сум хөгжүүлэх төвүүдээр дамжиж их хэмжээний мөнгө төсөвлөгддөг ч тэр нь мэдээлэлтэй, танил талтай хэдхэн хүний халаасанд ордог байдалд хяналт тогтоохоор идэвхтэй ажиллаж байна. Үүний дараа төрөх эмнэлгүүдийг шалгана.

Г.Долгорсүрэн
www.time.mn

URL:

Сэтгэгдэл бичих