“Эрдэнэс МГЛ”-ыг “Баянмонгол” болгосон эрх ашигийн үндэслэл нь юу байв

1101-saidzassan-middle“Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгана. Ийм нэгэн өгүүлбэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын  амнаас өнгөрсөн долоо хоногт унасан юм. Тэрээр 2008 онд эдийн засгийн эргэлтэд орж буй уул уурхайн баялгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр адил тэгш эзэмшүүлэх ёстой гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлан боловсруулсан гэх “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж байсан юм. Гэсэн ч дээрх төсөл буцаагдаж  2008-2012 оны хамтарсан Засгийн газар завсрын шийдлээр “Хүний хөгжил” сан байгуулсан. Цаашлаад  “Эрдэнэс МГЛ” компани байгуулж, түүний харъяанд “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэс-Оюутолгой” гэсэн хоёр ч компани байгуулж, нэг компаниас нь иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн юм. Ийнхүү “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани байгуулагдаж стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа эрхлэх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх  үйлчилгээ үзүүлэх  зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл Сү.Батболдын засгийн газрын үед буцаагдаж байсан өнөөх “Баянмонгол” төслийг  Н.Алтанхуягийн засгийн газар дэмжлээ.  Харин үүнтэй холбогдон дээрх хоёр компаний үйл ажиллагаа давхцах юм биш биз гэсэн асуулт урган гараад байсан. Гэтэл тийм зүйл огт болохгүй гэнэ. Учир нь төслийг санаачилж, зүтгүүлж, бас дахин зүтгүүлж эцэстээ дэмжүүлж чадсан Л.Болдын хэлж буйгаар “Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгаж эрх үүргийг нь “Баян Монгол” компанид шилжүүлэх аж. Ингэснээр  стратегийн ордууд, цаашдаа эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн төслүүдийг энэ компани хариуцаж ажиллах юм байна. Харин “Эрдэнэс МГЛ” компанийг “Баянмонгол” компани болгох эрх зүйн үндэслэл, эдийн засгийн үндэслэл, эрх ашигийн үндэслэл нь яг юу байв гэдэг асуултууд тодорхой хариулт хүлээсээр үлдлээ.

А.Алтантуяа


URL:

Сэтгэгдэл бичих