Нөмрөх гамшиг сөрөх ухааныг дуудна
Цаг хугацааны хувьд өнгөрсөн ч гэсэн Энэ нийтлэлийг дахиж орууллаа.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу аймшигт цунами болохоос хоёр хоногийн өмнө Японы зүүн хойд эргийн орчимд 7.3 баллын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын газарзүйн судлалын хүрээлэнгээс байгалийн онц аюултай үзэгдэл болж мэдэхээр байгааг анхааруулж байсан билээ. Гэвч тэр үед тохиосон Токиогийн өндөр байшингуудын савлалт, энэхүү сануулга хоёрын аль аль нь баасан гарагт болсон үлэмж их аюулаас сэрэмжлүүлж чадсангүй.
Өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш Японы зүүн хойд эрэг орчмоор Рихтерийн шатлалаар 8.9 буюу бараг есөн баллын хүчтэй газар хөдөлснөөс далайн мандалд 10 метр гаран өндөртэй давалгаа үүсэн асар том цунами Японы зүүн хойд нутгаас эхлэн арлын энэ улсыг нөмрөн авсан байна. Зогсоох аргагүй маш хурдтайгаар түрэн орж ирэх усны урсгал өмнөхөн нь болсон хүчтэй газар хөдлөлтөд эвдэрч сүйдсэн байшин барилгуудынг хаман машин болоод усан онгоцнуудтай хамтаар усанд далдрах хотуудын дээгүүр урсгасаар байв.
Энэ гамшгаас учирсан хохирлын хэмжээг тогтоох аргагүй хэмээн Японы эрх баригчид хэлж байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр амь хохирсон хүний тоо албан мэдээгээр бол 1200 гарч байгаа гэсэн хэдий ч мэдээллийн хэрэгслүүд амь эрсдэгсдийн тоо арван мянгаас давсан гэх мэдээлэл цацаж эхэлжээ. Цунамийн урсгалд хамгийн их нэрвэгдсэн Мияаги мужийн захирагчийн хэлснээр бол зөвхөн энэ мужид гэхэд арав гаран мянган хүн нас барсан байх магадлалтай байгаа аж.
Цунамид нэрвэгдсэн олон зуун км газарт сая гаран орон сууц усны хүчтэй урсгалд туугдан эвдэрч сүйдэж нурж живжээ. Мияаги мужид орших Минамисанрику хэмээх боомт хот тэр чигээрээ цунамийн урсгалд сүйдэн газрын хөрснөөс арчигдсан байна. Тэнд байсан оршин суугчдын талаархи мэдээлэл маш баримжаагүй, олон мянган хүнийг эрж хайсан хэвээр байгаа бөгөөд нурангин доор болон сүйдсэн газар нутагт үлдэж хоцорсон байж болох хүмүүсийг хайж олох нь нэн түрүүний зорилт гэж Японы эрх баригчид мэдэгджээ. Мөн Футаба хотын байшингуудын 90 хувь нь цунамийн эрчтэй давалгаанд хамагдан сүйрчээ.
Ерөнхий сайд Наото Кан, “Хүний амийг аврах нь бидний гол зорилго” гэж мэдэгдсэн бөгөөд эрж хайх ажиллагаанд дайчилсан 50 мянган гаран цэргийн албан хаагчдын тоог хоёр дахин нэмж 100 мянгад хүргээд байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол нийтдээ гурван сая орчим өрх эрчим хүч болон харилцаа холбоо гэх мэт хэрэглээний хангалтаас таслагдаад байгаа юм.
Бас нэг том асуудал бол цэвэр ус болон халаалт, дулаан хувцасны хүрэлцээ муутай байгаа явдал юм. Хэдийгээр агаарын температур нэмэх хэмтэй байгаа ч чийглэг, далайн орны хувьд хаврын жиндүү уур амьсгал орсон энэ үед орон гэргүй хүмүүст хүйтэн гэдэг бас нэг бэрхшээл тулгарч байгаа тухай японы мэдээллийнхэн дурдсаар байна. . Нийтдээ 215 мянган хүн 1350 түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд нэг сая гаран өрх цэвэр усны хангамж хүрэлцээ байхгүйгээс хүнд байдалд орсон тухай ням гарагт мэдээлж байлаа
Цунамигаас цөмийн аюул руу…
Япончуудад учирсан бэрхшээл зовлонг нимгэлэхийн тулд дэлхийн улс орнууд боломжтой бүхнээ хуваалцаж эхлэхийн сацуу өөр нэг түгшүүр айдсыг нь хамтдаа хуваалцахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Энэ бол газар хөдлөлт болон цунамийн хүчтэй урсгалд нэрвэгдсэний дараа дэлбэрэлт болж үйл ажиллагаа нь аюулын төвшинд хүрчихээд байгаа японы атомын цахилгаан станцуудын нөхцөл байдал билээ.
Тэндээс цөмийн түлш алдагдаж болзошгүй осолтой нөхцөл үүсээд хоёр хонож байгаа бөгөөд цөмийн нэг реактор нь хэдийнээ дэлбэрч “амжжээ”. Хүчтэй газар хөдлөлт болон цунами болсны маргааш буюу бямба гарагт Фукушимагийн атомын цахилгаан станцын 1-р реакторын хэсэгт дэлбэрэлт гарсан билээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол дэлбэрэлтийн өмнө тус реакторын дотоод даралт байх хэмжээнээсээ 200 кило.Паскалиар илүү гарч тэлэлт өгсөн байсан гэнэ.
Дэлбэрэлтээс болж цацраг идэвхт бодис алдагдсан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч агаар т цацагдаж байгаа цацраг идэвхийн хэмжээ байж болох төвшнөөс хэтрээгүй гэж зарлаж байв. Ямартай ч Фукушимагийн ойр орчмын 20 км-ийн тойрог дотор байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж гаргажээ. Нийтдээ 170 гаруй мянган хүнийг нүүлгэх үеэр цацраг идэвхийн хордлогыг нь шалгахад хэд хэдэн хүний биеэс хордлогын шинж тэмдэг илэрсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байлаа.
Үүний зэрэгцээ Фукишима дахь атомын цахилгаан станцын 3 дахь реакторт дэлбэрэлт болох аюул байсаар байгааг Японы албаны хүмүүс мэдээлж байна. Энэ реакторыг өнгөрөгч бямба гарагт дэлбэрсэн 1-р реакторынхаа “хувь заяаг” давтахгүй байлгахын тулд техникийн ажилтнууд нь уйгагүй ажиллаж байгаа аж. Гэвч нөхцөл байдал осолтой хэвээр байгаа бөгөөд дэлбэрэлт гарах магадлал тун өндөр байгаа гэдгийг өчигдөр орой Японы засгийн газрын төлөөлөгч ноён Эдано мэдэгджээ.
Хэрэв энэ 3-р реактор дэлбэрвэл өмнөхөөсөө илүү их аюул тарьж болохоор байгаа юм гэж газар дээрээс нь мэдээлэл бэлдэж байгаа ВВС-ийн сэтгүүлч онцолжээ. Бусад реакторууд нь зөвхөн уранаар цэнэглэсэн байдаг бол энэ 3-р реактор нь уран болоод плутонийн түлшээр давхар цэнэглэгдсэн байдаг аж. Иймээс тус реакторыг хөргөж халалтаас үүсч болзошгүй дэлбэрэлтээс сэрэмжлэхийн тулд бүхий л бололцоог дайчилж байгаа гэж японы албаны эх сурвалж хэлжээ.
Мэдээллийг хийрхлээс салгая
Эцэст нь нэг зүйлийг орхиж болохгүй мэт санагдав. Монголын нэг телевизээр японд сурч, амьдарч байсан нэгэн залуугийн хэлсэн үг бодууштай үг мэт санагдаж байсныг онцолмоор байна. Тэрээр Японы мэдээллийн хэрэгслүүд хэцүү бэрх цагт ард иргэдийнхээ санаа сэтгэлийг аль болох дэмжиж, байдлыг дэвэргэх биш харин бодит байдлаар нь, илүү дутуу “хачиргүйгээр” хүргэх зорилготой ажилладаг гэж ярьж байлаа.
Үнэхээр ч монголынхоо телевизийн мэдээллийг хараад цочирдож байсан би бээр NHK-ийн сувагт ярилцлага өгөн тайван дүр төрхтэй гарах япончуудыг хараад уужрах шиг болж байсан юм. Мөн дээр дурдсан залуу япончууд тэндээ байдлыг бодитоор харж хүмүүсийг илүү үйлдэл хийхээс сэргийлж байхад харин монголын мэдээллийн зарим суваг нөхцөл байдлыг хэт “хөөсрүүлж” дуулиан болгон өөрийн иргэдийг түгшээж байсныг шүүмжилсэн юм. Хэвлэл мэдээллийнхэн бид хүний үгийг сонсож, хүлээж авдаг болох цаг болсон байх аа. Шуурхай байх, оновчтой мэдээлэх боломж бий гэдэг нь харагдсан нь сайн ч гай зовлон гэдэг бэрх цагт сийрэг ухаан сийлэхийг шаарддаг болохоос “сенсаци” хөөж далимдуулан “рекламдахыг” тулгадаггүй л байлтай. Энэ мэт “нялхсын өвчнөөсөө” л нэг салчих юмсан даа, хэдүүлээ.
М.НАСТ
URL: