УИХ-ын дарга “Хөшөөт”-ийн хятадуудад үйлчлээд ирэв үү
Түүнийг Ховдоос буцсаны дараахан “Мо Эн Ко” нүүрс зөөх эрхээ авлаа Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн босгон дээр Монголын баруун хязгаар Ховдод “Цэцэг нуурын дугуйлан” дахин байгуулагдлаа. Ховдчууд энэ удаа эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө биш газар нутаг, байгаль орчноо баялагт нь шунасан харийн луйварчдаас хамгаалахаар сэтгэл нэгджээ.
Ховдын дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамарсан нүүрсний арвин баян орд газар болох Хөшөөтийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани эзэмшдэг.
Өмнөговийн Тавантолгойтой эн зэрэгцэхүйц сайн чанарын нүүрсний баялаг нөөцтэй Стратегийн ордын нэг боловч манай нэр бүхий улстөрчдийн хамгаалалт дор өнөөдрийг хүртэл хятадуудын бүрэн эзэмшилд байж, монголчуудад төдийгүй ховдчуудад ямар ч хүртээлгүй байгаа. Тиймдээ орон нутгийнхан болон холбогдох яамдын ажлын хэсгийнхэн Хөшөөтөөс нүүрс түүхийгээр нь зөөх “Мо Эн Ко” компанийн санаархлыг хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын хуулийн дагуу ажиллахыг шаардаж байсан юм.
Гэтэл УИХ-ын дарга Д.Дэмбрэл саяхан тус аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ орон нутгийнхны саналыг үл ойшоон Хөшөөтийн нүүрсийг Хятад руу зөөхийг илт дэмжин “шахснаар” аймгийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын “Мо Эн Ко” компанитай гэрээ байгуулан нүүрс зөөхийг нь хүлээн зөвшөөрчээ.
Уг нь Хөшөөтийн энэ ордыг Монгол Улсын Стратегийн ордод оруулах эсэх асуудлыг УИХ-аар дахин хэлэлцэхээр хүлээж байгаа. Стратегийн ордод оруулах нь зүйтэй гэсэн ЭБЭХЯ-ны ажлын хэсгийн санал сайд Д.Зоригтынх сейфэнд улс төрийн шалтгаанаар шарлаж хэвтсээр хагас жилийн нүүр үзэж буй. Гэвч УИХ өнгөрсөн жилийн нэгдүгээр сард өгсөн үүрэг даалгавраа биелүүлэхийг шаардахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь Хөшөөтийг тойрсон улстөрчдийн хуйвалдаанд УИХ-ын дарга ч холбогдсоныг үгүйсгэх арга алга.
Тиймээс орон нутгийн хэмжээнд гэрээ байгуулан нүүрс зөөх эрхийг олгосноор Хөшөөтийн баялаг Хятадын баялаг болох нөхцлийг бүрдүүллээ гэж нутгийнхан үзэж байгаа тул ийнхүү дугуйлангаа дахин сэргээж эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдсэн бололтой.
Д.Оюун
“Зүгээр мн”
URL: