МИАТ-ын хэрэгт Сугарыг баривчилна
“МИАТ”-ийн мөнгө угаасан хэрэгт есөн хүнийг ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Тодруулбал, “Монголиан Эйрлайнес” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нар цагдан хоригдоод байгаа билээ.
Мөн уг хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан баривчлахаар болсон ч түүнийг Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрхтэй гишүүн хэмээн цагдаа болон хууль хяналтынхан албадан саатуулж чадахгүй байсан юм.
Учир нь Монгол Улсын хуулийн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно. 5.2-т Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг аж.
Хуулийн байгууллагаас Д.Сугарыг саатуулан шалгах шаардлагатай гэж үзсэн тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг албан ёсоор хүргүүлжээ.
Хэрэв түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл, Улсын мөрдөн байцаах газраас баривчлах юм байна.
Б.Саруул-ОД
URL: