Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маршал цолтой юу
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Суданд алба хааж буй энхийг сахиулагчдаа эргээд ирлээ. Манай улс 2000 оноос НҮБ-ын мандат дор Ирак, Афганистан, Чад зэрэг дэлхийн халуун цэгүүд рүү цэнхэр дуулгатнуудаа илгээж,үүрэг гүйцэтгүүлэх болсон. Энэ 13 жилийн хугацаанд Монгол цэргүүд дэлхийн тавцанд нэр төрөө өндөрт өргөж явсан ч, байнга шахуу бөмбөг дэлбэрч, цаг тутам буудлагын “бай” болж байдаг цэргүүдээ халуун цэг дээр нь очиж эргэсэн Ерөнхийлөгч түүнээс өөр үгүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчын энэхүү айлчлал энхийг сахиулагчдынхаа цог хийморийг сэргээсэн онцгой үйл явдал байлаа.
Харин Өмнөд Судан улсад энхийг сахиулагчдаа эргэж явсан Зэвсэгт хүчний ерөнхий командлагчын зургийн цомгоос нэгэн сонирхолтой зүйл олон нийтэд анзаарагджээ. Тэр нь Ерөнхийлөгчийн өмсч явсан офицерийн дүрэмт хувцсанд хадаастай байсан Төрийн соёмбот мөрдэс байв. Нээрээ ч Төрийн тэргүүний мөрөндөө хадсан мөрдэсийг зэрвэсхэн харахад маршалын мөрдэстэй төстэй ч юм шиг содон харагдсан. Учир нь, алхан хээгээр хүрээлсэн голдоо алтан соёмботой мөрдэсийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын маршалууд л зүүдэг байсныг түүх өгүүлдэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань маршал цолтой болсон ч юм болов уу, гэж бодогдлоо. Хуулиараа бол цэргийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Тэгэхээр түүний мөрдэс маршалынх байлаа гэхэд Ерөнхийлөгч өөрөө өөртөө маршал цол олгосон ч юм шиг. Гэсэн ч орчин үед энэ цол байдаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс Төрийн тэргүүний зүүсэн мөрдэсийн талаар албаны хүмүүсээс сонирхлоо.
Юуны өмнө Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Зэвсэгт хүчний тухай хуульд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэргийн ямар цолтой байх талаар заасан зүйл алга. Ер нь ч цол зэрэг байдаггүйг албаныхан хэлж байна. Харин Монголын түүхэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын төр удирдаж явсан хүмүүс маршал цолыг зүүж байсан учраас хүмүүс Төрийн тэргүүн маршал цолтой байх ёстой гэж эндүүрэх гээд байдаг тал бий гэнэ. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал гуай энэ цолыг зүүснээс хойш өөр ямар ч төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн энэ цолыг аваагүй ажээ. Тэгээд ч 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш маршал цол байхгүй болсон юм байна. Эндээс Ерөнхийлөгчийн мөрөнд хадаатай байсан мөрдэс цэргийн ямар цол вэ гэдэг асуулт урган гарч ирлээ.
Энэхүү алхан хээгээр хүрээлсэн алтан соёмбот мөрдэсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа зүүж, олны өмнө гарсан юм биш байна. Түүнээс өмнө Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан хүмүүс энэхүү мөрдэсээр гоёж байсныг эх сурвалж хэллээ. Гоёж гэдэг нь албан ёсоор буюу Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу ийм загвартай цэргийн мөрдэс болон түүнд тохирох цэргийн цол байдаггүй юм байна. Харин Төрийн тэргүүн болон Батлан хамгаалахын сайд нар зэвсэгт хүчинтэй холбоотой арга хэмжээнд очихдоо цэргийн дүрэмт хувцсаар гоёхдоо чамирхаж зүүдэг мөрдэс бололтой юм. Албаны хүний хэлж байгаагаар бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайдаа хоосон мөртэй явуулаад байх нь хаашаа ч юм, гэсэн шалтгаанаар энэ аргыг бодож олсон гэнэ. Ингэхдээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн статуст нь дөхөм болгож, дээр үеийн маршалын мөрдэстэй төстэй мөрдэсийг урлаж өгсөн юм байх. Түүнээс Ерөнхийлөгч маань маршал цолыг өөрөө өөртөө олгоогүй юм байна шүү.
URL: