С.Эрдэнээс Н.Удвалыг салгая
Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгал (НД) -ын бүрэлдэхүүнээс Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ыг салгавал ямар вэ, гэх санааг илэрхийлэх гэсэн юм. Учир нь “албадан” даатгалын чинь үр шимийг өнөөдөр иргэд амсаж чадахгүй байна. Тэр дундаа хүн амын дийлэнх хувийг эзэлж буй энгийн ажилчид ЭМД-ын дэвтрээр эмнэлэгт үйлчлүүлж чадахгүй байна. Тиймээс өвдсөн, эмнэлгийн туслалцаа хэрэгтэй үедээ санхүүгийн эрсдэлд давхар унах боллоо.
Хэдийгээр ЭМД-ын систем улсын амин чухал “эрхтнүүдийн” нэг болов ч өнөөдөр даатгуулагчийн эрх ашиг улсын эмнэлгийн “боолын боол, босгоны шороо” болчихоод байна. Ажил эрхэлдэг хүмүүс НД-ын шимтгэлийн дөрвөн хувийг ЭМД-ын санд өгдөг. Үүний хоёр хувийг ажил олгогч, үлдсэн хоёр хувийг ажил эрхлэгч өөрөө төлж байна. Ийнхүү цалингийн дөрвөн хувьтай тэнцэх мөнгөөр даатгуулагч нь жилдээ 1 сая 328 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байдгийг дуулгавал элэг нь хатаад эвхрэх биз ээ.
Үнэхээр ЭМД-ын дэвтрээ бариад улсын эмнэлгээр шагайвал, урж тасдаад улаан нүүр рүү савах нягууртай. Ийм хэмжээнд тултлаа ЭМД-ын дэвтрийн үнэ хүнд уначихсан гэдгийг ихэнх хүн ам бардам хэлж чадна. Дээрээс нь тус дэвтрээр үйлчлүүлэх нь чанаргүй эм тариа, өвчин намдаагчаар үйлчлэх байх гэсэн “хар”-ыг төрүүлдэг нь нууц биш.
ЭМД-ийн дэвтрээ ашиглаж олон сайхан үйлчилгээ авч болох талаар дурайтал бичсэн жагсаалт байдаг нь үнэн чанартаа худал гэдгийн нэгэн нотолгоо шүдний эмнэлгүүдээр илэрдэг гэдгийг ч иргэд хэлдэг. Гэтэл сүүлийн үед төрөөс ЭМД-ын төсөвт олгодог мөнгийг даруй 30-40 тэрбум болгож “суга” өсгөх талаар яригдлаа. Харин энэхүү өсөлтөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-16 хүртэлх насны хүүхэд, цэргийн алба хааж байгаа залуус багтаж шингэдэг юм.
Өмнө нь тэдний өмнөөс төр 10 тэрбум төгрөгийг ЭМД-д зарцуулдаг байжээ. Энэ мөнгө нь аманд ч үгүй, хамарт ч үгүй ууршдаг учраас эл шийдвэрийг зүйтэй гэж үзэж байгаа юм байх. Гэтэл ЭМД төлдөг ч улсын эмнэлгийн хаалгаар хамраа цухуйлгаж үзээгүй хүн “хар мянгаараа” мэлтэлцэж байна. Тиймээс улсын эмнэлгийн үйлчилгээ, эм тариаг “нойл” заасан гэж үздэг хүмүүст хувийн эмнэлгээр үйлчлүүлэх эрх чөлөөг нь олгооч.
Муйхраар бодоход, хөдөлмөрлөж олсон мөнгөө тансаглаж дуусгах нь хүний эрх биз дээ. Тиймээс ЭМД-ын үйлчилгээг авахгүй атлаа “албадан” мөнгө тушааж байх сонирхол иргэдэд төдийлөн алга. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа даатгал гэвэл автомашины даатгал байна. Удаашралтай ч гэсэн хохиролоо төлүүлчихдэг болохоор сайн дураараа даатгуулдаг иргэд цөөнгүй болсон. Тиймээс улсын эмнэлгээр үйлчлүүлэх сонирхолтой иргэд ЭМД-ын мөнгийг сайн дураараа төлж, “албадан эмчилгээгээ” “хумивал” ямар вэ.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: