Цөмийн туршилтад оролцогчдыг Пхеньян руу хийх аяллаар шагнав
Хойд Солонгосын эрх баригчид цөмийн туршилт хийхэд оролцсон эрдэмтэд, ажилтнууд, цэргийн албан хаагчдаа Пхеньянд урьсан байна. Энэ тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлжээ.Пхеньянд тэднийг Солонгосын ажилчны намын тусгай зочны хувиар хүлээн авах болно гэдгийг уг мэдээнд онцолсон байна. Уригдсан хүмүүсийг нийслэлд “гайхамшигтай өдрүүд” хүлээж байгаа гэжээ. Тэдэнд зориулан урлагийн тусгай хөтөлбөр төлөвлөсөн бөгөөд их удирдагчдын нойрсож буй Кымсусаны ордон, Мангендэ дүүрэг дэх Ким Ир Сенийн төрсөн гэр гэх мэт БНАСАУ-ын нийслэлд байдаг түүхийн дурсгалт газруудаар аялуулах аж.Эргэн сануулахад, БНАСАУ хоёрдугаар сарын 12-нд цөмийн зэвсгийн гурав дахь туршилтаа явуулсан билээ. Дэлбэрэлтийн хүчийг янз бүрийн эх сурвалжууд 5-10 килотонн хэмээн мэдээлж байсан. Энэхүү туршилт олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Пхеньянтай найрсаг харилцаатай байдаг ОХУ, БНХАУ-ын зүгээс ч энэхүү туршилтад ихээхэн шүүмжлэлтэй хандсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа амлаад байгаа.
URL: