Бондын хөрөнгөөр 4 төслийг санхүүжүүлэх зөвлөмж гаргалаа
Ирэх жилүүдэд өрнүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр болгохоор Шинэчлэлийн Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон.
Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй Бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан яамдын сайдууд, УИХ-ын Байнгын хороодын дарга нар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргын зөвлөх зэрэг 17 хүн ажилладаг. Бодлогын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, эхний ээлжинд бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтлоо.
1. Шинэчлэлийн Засгийн газар 2016онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.
2. Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ.
3. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.
4. Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх юм.
Бодлогын зөвлөлөөс зөвлөмж болгож буй дээрх дөрвөн чиглэлийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: