МАН МАХН-тай нэгдэж, ирээдүйгээ устгахыг хүсэв үү

mannammamammmama-Н.ЭНХБАЯР ГЭМТ ХЭРЭГТЭН ЮМ БОЛ ТҮҮНИЙ МАХН-ТАЙ НЭГДЭХ ГЭЭД БАЙГАА МАН-ЫНХАН ХАМСААТАН НЬ БОЛЖ БАЙГААГААС ГАРЦААГҮЙ ЮМ-

 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн зүгээс ирэх зур­гаадугаар сард болох сон­гуу­лийн бэлтгэлээ эрчимжүүлэхтэй зэрэг­цээд МАН яалт ч үгүй сандөрч орж бай­на. Эрх мэдэл тэднээс нүүр буруулсан болохоор арга ч үгүй. “Ядахад яр” гэгчээр өдгөө хууль, шүүхийн хөл­тэй, тол­гойтой болгон МАН-ын эс­рэг ажиллаж, тэд­ний араас тагнуулд гарсан гэхэд хилсдэхгүй. Зөвхөн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг хийгээд “МИАТ”-ын гүйцэтгэх захирал асан Ц.Орхоноор тус намын карьерийг уналгах хяналт, шалгалт дуусахгүй нь ч тодорхой. Нэг ёсны өдрөөс өдөрт өргөжих нь гарцаагүй гэсэн үг.

Магадгүй тэр бүхэн нь Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнө улам бүр хүчээ авч, Ардын намд “үхлийн цохилт” өгөхийг үгүйсгэхэд эрт бай­на. Нөхцөл байдлын эрчимтэй хурд хий­гээд эргэх хамаарлаас харахад шүү дээ. Ийм хүнд үе МАН-д өнгөрсөн хугацаанд тохиолдож бай­сан нь үгүй. Тэр хэрээр тус намын зарим нэгэн гишүүдээс элгийн гэмээр санал, санаачилга гарч байна. Тэр бүхнийг нь барьц алдаж буй гэм буруутнаар төсөөлж бодвол тус намын чамгүй олон гишүүн ялагдлын мэдрэмжиндээ “нуруу­гаа авахуулчихсан” байж мэдэх юм.

Тэдний тэргүүнд нь УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш нар яваа. Араас нь дагагсад ч цөөн биш. МАН хийгээд МАХН-ын удирдлагуудад тус бүрт нь “Хоёр намыг нэгтгэх хэрэгтэй” гэсэн уриалгыг хүргүүлсэн тэдний бүлэг өөрсдийгөө “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн холбоо” хэмээн нэрийдсэн. Зорилгоо хоёр намыг нэгтгэх гэсэн товч утгаар тодорхойлж, тэр дагуудаа МАН-ыг шинэчилж чадна гэцгээх болсон тэднийг МАХН-д ч дэмжигчид бий. Шинийн гуравны билэгт сайн өдөр МАХН-ын хэсэг ахмадууд Ардын намын удирдлагуудтай золгосон нь тэрхүү дэмжлэгийн илэрхийлэл. Үүнийг нь 90 жилийн түүхтэй гэх Ардын намынхан “МАХН-ын ахмадууд гал голомтондоо ирж зол­голоо” гэж ирээд л сүртэй нь аргагүй мэдээлсэн. Намынх нь төв хэвлэлийн эхний хуудсандаа том гэгчийн зурагтай гаргасан. Тэр бүхэн нь саяхан л “МАХН бол манайтай хамаагүй. Луйвраар байгуулагдсан цоо шинэ улс төрийн нам юм шүү. Ардын намд огт хамаагүй” гэцгээж байсан тус намын удирдлагуудын үгийг салхинд хийсгэсэн гэвэл хэт­рүүл­сэн болохгүй. Элгийн юм гэд­гийн эхний жишээ энэ. Мэдээж араас нь Д.Загджав тэргүүтний хоёр намыг эвлэрүүлэх их ухааныг жагсаая.

Уг нь тэдний ой санамж олон түмнийхтэй адил жигд ажиллаж бай­гаа бол хоёр нам нэгдэхгүй байх дараах үндэслэлийг мартаагүй байх ёстой. МАХН-ын дарга Н.Энхбаяр юуны учир МАН-аас гарч, өөрийн намыг байгууллаа. Түүнийг МАН-ын удирдлагууд болж өнгөрсөн бүх муу, муухайд шүүхээс ч дутуугүйгээр хэрхэн ялласан билээ. МАХН тухайн үедээ МАН-ын удирдлагуудыг Мон-голын тэргүүн олигархиар зарлаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулж болох байсан нэр хүндийг нь хэрхэн шороотой хутгалаа. Тус намын дэд дарга Д.Тэрбишдагва бараг л МАН-ын залуусын хувийн шүүхээр орж, улс төрийн гэмт хэрэгтэн болж байсан түүх хэзээнийх билээ… Энэ бол ердөө л зах зух нь. Тэр бүхнийг баримт, нотолгоотой нь тоочно гэвэл нэг сонины нүүр битгий хэл нэлээд олон сонинг нийлүүлж хэвлээд ч барагдахгүй. Гол нь тэр бүхнийг сонгогчид бүгд мэдэж байгаа. Өн­гөрсөн нэг жилийн турш тус хоёр намын дунд өрнөсөн улс төрийн тэмцэл бүхэлдээ сонгогчдод ил байсан.

Гэтэл одоо тэд “Бид нэг зүрхтэй” гэчихсэн явж байна. Магадгүй эх нэгтэй, эцэг ондоотой хүүхдүүд гэмээр ч юмуу. Магадгүй энэ зүйрлэл хийсвэрлэл мэт сэтгэгдэл төрүүлж болох ч тэд сиамын ихрүүд биш гэдэг нь бол хэнд ч ойлгомжтой. Гэсэн ч “Бид тусдаа” гэдэг бодлыг төрүүлэх гэж чадах бүхнээ хийж байсан МАН одоо эсрэгээр нь сурталчилж эхлэх цаг ойрхон байна. Орон гаран ой ухаантай хэсэг нөхдийг нийлүүлээд Ардын нам гээд нэрлэчихсэн юм шиг л. Харамсалтай нь энэ ой ухааны самуурал нь ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн тагтик маягтай ойлгогдож байна. Одоогийн Ерөнхийлөгчийн нэр хүнд олонд бас ч гэж муугүй байгааг тандаж мэдэхэд МАН хийгээд МАХН-ын алинд нь ч хэцүү биш. Тиймээс л “Ц.Элбэгдоржийн эсрэг хамтдаа” гэсэн уриаг гол болгож, ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахын төлөө улайрах нь. Хэрэв хоёр намыг нэгтгэх саналыг Ардын намынхан дэмжсэн тохиолдолд шүү дээ. Ер­дөө л сонгуулийн ялалтын төлөө. “Ээлж дараалан гурвантаа ялагдал хүлээчихвэл бид яана аа. Сүйрсээн” гэх айдас тэднийг элэглэн шоолох эх үндэс болж байгаа нь энэ.

Мэдээж улс төрийн намд, тэр дундаа 90 жилийн түүхтэй Ардын намд гурван удаагийн ялагдал гэдэг аймшигтай санагдах нь тодорхой. Гэхдээ бас ийм их үнийг төлөөд ч хамаагүй Ардын намыг шинэчилсэн шиг шинэчлэх зорилго тус намын олон мянган гишүүнд бий гэвэл худлаа болохгүй. Илжирсэн, ялзарсан үзэл суртлаас Ардын намыг чөлөөлж, жинхэнэ утгаар нь орчин цагийн улс төрийн хүчин болгох тийм зорилго.  Ийм зорилгын төлөө ялагдлыг ялалт болгож хувиргах ирээдүй цагийн улс төр. Энэ хэс­гийнхний хувьд бол Ардын нам МАХН-тай нэгдвэл тэр нь жинхэнэ утгаараа доромжлол болох нь ч гарцаагүй.

Яаж ч бодсон, аль ч талаас нь харсан энэ нэгдэл “Хулгайч нь хул­гайчтайгаа, авлигач нь авлигач­тайгаа нэгдлээ” гэсэн сэтгэгдлийг олонд үлдээнэ. Тэгж ч харагдана. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх гэмт хэрэгтэн гэдгийг нь тог­тоосны нэгэн адил хоёр намыг нэгтгэх санаачилгыг дэмжвэл Ардын намынхан бүгдээрээ гэмт хэрэгтэн, цайруулаад бодоход түүний хань хамсаатан болохоо баталж байгаагаас гарцаагүй юм. Тэгэхээр МАН-д ирээдүйгээ аврах эс бол ирээдүйгээ устгах гэсэн хоёрхон сонголт бий гэж дүгнэвэл үнэнээс хол зөрж, ойчихгүй биз ээ. Хоёр намын хошин улстөрчдийн сэдсэн хошин улс төрөө гэж.

 

Г.Отгонжаргал


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих