Дөрвөлжин хайр

Capture21z2x4c-208x300Улс төрд дөрвөн “Э”-гийн эрин үе бий болжээ. Угшлаа дагаж хоёр “Э” нь гар барилцахаар хэлэлцээрийн ширээний ард ярилцаж эхэлсэн бөгөөд гуравдагч бас дөрөвдөгчийн эсрэг хүчтэй байхын тулд наймаалцаж байгаа нь энэ. Нарсанд суугаа нь наранд байгаадаа “За” гээд хэлчихвэл гадаадад яваагийнх нь ирээдүйн амьдрал бараантаж, өвлийн Улаанбаатарын өтгөн манан хоолойг нь хорсгов уу гэлтэй гашуун оргиулна. Харин дөрөвдөгч “Э”-д тусгайлан бэлдсэн зүйл бийг, төмөр торны цаадах эрээн амьдралаас тодотгосон байна билээ.  Тоолбол нас, төөлбөл бие чацуу МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг эвцэлдүүлэхийн тулд хоёр намын өвгөчүүл Тусгаар тогтнолын ордонд өчигдөр морилж, намаа нэгтгэх бичгийг өргөн барилаа. МАН-ын дарга ч инээмсэглэн угтаж, алгаа тосон гардав. Түүний хувьд өмнөх өдөр нь хариугаа хэлж, санаагаа илэрхийлчихсэн тул бүх юм ойлгомжтой. Гагцхүү Намбарын хүүгийн хэлэх үг эцсийн цэгийг хатгана.

Гэхдээ экс үгээ хэлснээр намын нэгдэх эсэх тухай хэлэлцээр дугуй ширээний ард жинхэнэ утгаараа эхлэх юм. Түүнээс биш шууд гал голомтоо нэгтгэж, цайгаа чанаад эхлэхгүй юм. Хоёр намаа нэгтгэх тухай яриа мэдээж хуучны сэдэв. Намбарын хүүг нарсанд эргэж очсон Ө.Энхтүвшин энэ тухай цухалзуулж, сэм ярилцсан гэх шуум эртнээс л улс төрийн хүрээнийхний дунд явган яригдсаар өнөөдрийг хүрсэн. Ямартаа л хоёр эрхмийн зэрэгцэн суугааг харсан Д.Тэрбишдагвагийн хоолой нь зангирч, эртний явдлаа дурсаж байх вэ дээ. Энэ үеэс угшлын талаарх яриа хөшигний ард хөвөрч, У.Хүрэлсүхийг улс төрөөс гараа татахад хүргэсэн гэж дүгнэж болохуйц. Х үсгийг хог дээр хаясныхаа үр дагаварыг хар толгойгоороо хариуцахаа мэдэгдэж байсан Ухнаагийн хүүгийн үг хоолойг нь боосон хэрэг. Экс Ерөнхийлөгчийг эргэж буцалтгүйгээр туурга тусгаарлахад хүргэсэн хүн бол тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл Н.Энхбаярын эсрэг ажиллаж, өвдөг шороодоход хүргэсэн хэмээн Хүк-ийг үзэн яддаг. Хурц ширүүн үгтэй генсекийн үг, үйлдэл бүр одоогийн МАХН-ын даргад таалагдаагүй. Үнэндээ ч их сунгаанд сүүл мушгиж, титэм үг тэрлээд суухаар болсон нөхрийг улс төрд хөл тавьж үймүүлээд эхлэх юм чинээ хэн ч санаагүй. Энэ бол генсекийн хамгийн том алдаа нь байлаа. Иймээс л У.Хүрэлсүхийг улс төрөөс явуулбал хэлэлцээрийн дараагийн үе эхлэх байсан бололтой юм. Энэ тухай ч Ө.Энхтүвшин гишүүндээ дуулгаж, учир явдлын талаар хуучлаад амжсан гэх яриа бий. Мэдээж, У.Хүрэлсүх шууд хүлээн авахаас татгалзсан ч гэх. Гэвч эцсийн мөчид тэр хариуцлагаа хүлээж, шийдвэрээ гаргасан нь тэр бололтой юм. Намын дарга Ө.Энхтүвшин “У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзах тухай өмнө нь хэлж байсан” хэмээн хэлж байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд ингэж таарсанд гайхаж байлаа.

Гол нь Ардын намынханд чанараас илүүтэй тоон үзүүлэлт чухал үед У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, арга нь барагдаж, сөхрөх шахсан намынхнаа тулалдааны талбарт орхив. Ар гэрийн шалтгаанаар амьдралаа бодож сонголтоо хийсэн гэх түүний тайлбар АН-ынханд олз болж, МАН-ыг муухай харагдуулж дөнгөсөн. Энэ бүхний эцэст Н.Энхбаярын хамгийн ихээр хорсож явдаг хүн улс төрөөс гараа татсан явдал. Мөн зарим  нөхөр нь албан тушаалаа өгч, чимээгүйхэн амьдрах болсон тул хоёр “Э”-д хэлэлцээрээ цааш үргэлжлүүлэхэд дөхөм болсон биз.

Ө.Энхтүвшин даргын хэлсэнчлэн хоёр намыг нэгтгэхэд татгалзах шалтгаан алга. Гэхдээ хэлэлцэх зүйл олон бий. МАН нь МАХН-даа нэгдэх үү, эсвэл нэгэнт халсан Х үсгээ бүр мөсөн устгах уу. Хувьсгалт гэх үгний мөн чанарыг өнгөрсөн хугацаанд аль аль нь ухаарсан тул авч үлдэх үү, авч хаях уу гэдэг том асуудал. 90 жилийн түүхээ хүртэл булаалдаж байсан тэд өнөөдөр өнгөрснөө мартаад урагшилна гэдэг мянгуужингийн үлгэр. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын хэлсэнчлэн МАН, МАХН хоёр нэгдэхэд бэлэн биш байна. Хувь хүнийхээ хувьд Д.Дамба-Очир гишүүн шиг бэлэн бус олон ч хүн бий биз. Харин хоёр нам хамтраад сонгуульд орохыг үгүйсгэхгүй ч ганц, нэг хүний асуудал гэхээс илүүтэй намын олон гишүүний эрх ашиг хөндөгдөнө гэдгийг буурал намын удирдлагууд мэдэж буй. Иймд эрсдэл, давуу тал нь юу байна гэдгийг сайн ярьж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр намын хооронд нэгдэл гэхээсээ илүүтэй хамтран ажиллах санамж бичгийн асуудал л хөндөгдөх бололтой юм. Өнгөн дээрээ нэгдлийн тухай хэлэлцэж, магадгүй нэгдсэн гэх яриаг ч олон нийтэд түгээж мэднэ. Энэ бол сонгуулийн өмнөх шоу. Бас хоёр “Э”-гийн улс төрийн уран ухаан.

Гуравдагч “Э”-г хамтдаа унагаж, найрын ширээгээ чимэглэхийн тулд тэдний хуурамч нөхөрлөл юу юунаас чухал. М.Энхсайханы сэтгэл хөрч, хэзээ ч бүлээцэхээргүй болсон шиг Н.Энхбаярын өнгөрсөн үеэ гэх дурдатгал хар бараанаар будагдчихаад байхад Ө.Энхтүвшинтэй зүү орох зайгүй нөхөрлөж, нэг дээвэр дор оршин тогтноход асуудал их. Ахмадуудынх нь хэлж байгаачлан үндэс, түүх нэгтэй байж болох ч үргэлжлэх зам нь өөр болсон тул гангар шаазан шиг л харагдаж байна, үнэндээ. Ц.Элбэгдоржийг бас М.Энхсайханыг намнах гэсэн Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нарын үйл хэрэг биелэлээ олох биз. Гол нь учиртай гурван “Э”-гийн үйл хэрэг дуусахгүй. Бас дундуур нь жихсэн дөрөвдөгчийн хүсэл мөрөөдөл ч хязгаарлагдахгүй л болов уу.

Л.НИНЖСЭМЖИД

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих