УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА
УЕП-ын газар өнгөрсөн оны ажлаа тайлагнасан хэвлэлийн бага хурлын үеэр Нийслэлийн орлогч прокурорын ажилд томилогдоод удаагүй байгаа Ц.Батболд олны анхаарлын төвд буй зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
“Цэвэр агаар сан” төслийн хүрээнд нийслэлд оршин суугаа бага, дунд орлоготой өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-т шалгаж буй байгаа ажээ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, тус дүүргийн 21 дүгээр хорооны дарга н.Атар болон хэд, хэдэн хороодын Засаг дарга, “ХАС” банкны холбогдох ажилтнуудыг сэжигтнээр татаад байгаа юм.
Харин Татварын ерөнхий газрын ажилтнуудтай холбогдох хэргийн талаар “Үндэсний татварын ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хэрэгт багагүй хугацаа шаардагдах нь тодорхой болоод байгаа. Учир нь гадаадын хэд хэдэн улсаас хэрэгт холбоотой баримт материал цуглуулах шаардлага гарсан. Одоохондоо тэдний хэрэгт нэмж сэжигтнээр хэн нэгэн албан тушаалтныг татахгүй болов уу” гэсэн тайлбар өглөө. Авлигатай тэмцэх газраас ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаяр, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нарыг саатуулан шалгаж эхэлсэн.
ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаярыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн их хэмжээний НӨАТ-аас зайлсхийсэн, харин хэлтсийн дарга, байцаагч татвар төлөгчдийн мөнгөнөөс завшиж хувийн данс нээн хуримтлуулсан, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн хэрэгт өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн буруутгаад буй юм. ҮТЕГ-ын удирдлагуудыг ямар компаниудын татварыг нуун дарагдуулсан, хэдий хэмжээний мөнгөний хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байгааг нууцалж байна.
Хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай, сайд асан Т.Бадамжунай нарыг өнгөрсөн оны зунаас эхлэн шалгаж эхэлсэн. “Завшсан мөнгийг УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд ашигласан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүд төдийгүй тухайн үед шийдвэр гаргасан яамны сайд, удирдлагуудыг энэ хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж нийслэлийн прокурорын орлогч мэдээлэв.
МИАТ-ийн хуучин удирдлагуудтай холбоотой 870 сая ам.долларын хэрэгт одоогоор есөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Прокурор, САПУ-гийн гэх нэрээр олонд танигдсан Г.Алтанг уг хэрэгт сэжигтнээр татсан мэдээллийг прокурор үгүйсгэлээ. Уг хэрэгт арилжааны банкнуудыг сэжиглэн шалгаагүй. Харин тодорхой гүйлгээний мэдээллийг олж авах асуудал байгаа ажээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын хуучин удирдлагууд их хэмжээний мөнгө хувьдаа завшсан, авлига авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Харин одоогийн удирлагуудад эрүү үүсгэсэн тухай мэдээллийг прокурор мөн л үгүйсгэлээ.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, хоёр монгол хүнийг АНУ-д хорилоо гэх мэдээлэл ор үндэсгүй зүйл гэдгийг Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболд батлав. АНУ-д Монгол Улсын хүсэлтээр ямар нэгэн баривчлах ажиллагаа явагдаагүй аж. Харин уг мэдээлэл ямар эх сурвалжтайг тогтоохоор ажлын хэсэг томилогджээ.
Мэдээллийн төгсгөлд, УИХ болон Засгийн газрын зарим гишүүнийг хууль, хяналтын байгууллагад шалгаж байгаа мэдээллийг албаны эх сурвалж баталсан ба нэрийг нь олон нийтэд ил болгох боломжгүй хэмээсэн юм.
Я.Баяраа
URL: