Баатар аа бааранд хамтдаа оръё
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 21 нас хүрээгүй хүн шөнийн цэнгээний газрын босгыг давах хориотой. Хэрэв зээ үүнийг зөрчвөл хэн ч байсан шууд цагдан хоригдож, аж ахуйн нэгжийн эрхийг цуцлан хаах арга хэмжээ авах хуулийн заалттай. Үүний сургаар шөнийн цэнгээний газрууд 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй гэх хуурамч шошиго наах болсон билээ.
Арчилсан хүчин 16 жилийн дараах ялалтын баяраараа шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг 04.00 цаг хүртэл сунгаж магадгүй гэх яриаг улсын баатар цухалзуулаад амжсан. Даруулга хэрэгтэй замбараагүй газруудад дур зоргоороо авирлах эрх олгох нь ардчиллын зарчим юм байх. Уг газруудад маш олон сэтгэл эмзэглэм түүх байгааг бид мэднэ.
Тэгтэл улсын баатар маань чухамдаа хориг тавиад, стандарт тогтоочвол асуудал гарахгүй гэх бодол өвөртөлж яваа юм даг уу. Бодож байгаа зүйлээ ч оны өмнө шөнийн цэнгээний газруудын эзэдтэй уулзах үеэрээ “Та бүхэнтэй гэмт хэрэгтэн шиг харьцдагаа больё. Хамтран ажиллаж, стандарт тогтооё” гэх үгээрээ илтгэсэн. Шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг мэдэх тэр тусмаа захирамжийн хэрэгжилт хэр байгааг тандах зорилгоор хотын захад байрлах “Kenzo”, “Queen”, “Roxy” клубуудыг зорилоо.
СХД дэх нэгдүгээр хороололд орших “Kenzo”, “Queen”, “Roxy”-ын үйл ажиллагаа хэзээ хэзээнээс л асуудалтай байж ирсэн. Үүдээр нь ороход хэдэн настай вэ гэхээсээ илүү юуны түрүүнд хэдүүлээ явж байгаа бэ гэж асуух юм. Бичиг баримт шалгаж удаасангүй. Танайх хэдээс хаах юм бэ гэж тодруулбал 02.00 цагт эсвэл хүн ихтэй байвал 03.00 цагаас үүдээ барина гэж үйлчлэгч хариулж байхыг үзвэл шалгалт ирдэггүй бололтой.
Ажиллах цаг нь хэтэрчихсэн байхад хүртэл хэзээ үүдээ барихаа ингэж дур зоргоор тогтоогоод ажиллаж байна. “Roxy”-д ороход 2000 төгрөгийн такс авна. Уг нь хоорондоо ойрхон бөгөөд ялгагдаад байх зүйлгүй боловч такс авдаг учир нь хамгийн сүүлд үүдээ барьдагт гэнэ. Үүнийг нь хүмүүс андахгүй. Хаалгыг нь гаднаас нь тогшиж байгаад л орно.
Цэнгээний газрууд гадаанаа шалгалтынхныг харуулддаг тагнуул ч зогсоох үе ч бий. “Роху”-д байсан залуугаас тойруулж асуувал “Цагдаа нар 03.00 цагт орж ирж байдаг. Онц юм болдоггүй. Гарсан хойно нь дахиад дуугаа тавиад л бүжиг үргэлжилнэ дээ” хэмээн ярьлаа. “Kenzo”, “Queen”-д үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь оюутнууд. Жинхэнэ ардчилсан залуус.
Тэдний хооронд сонин содон яриа өрнөнө. Чих тавин яриаг сонсвол “Андаа мөнгө байна уу? Дахиад ганц юм ууя. 70 буухаар надаас аваарай” гэхэд хариуд нь “Одоо алга 70 буухаар тэртэй тэргүй дахин бут авна шүү дээ” гэх аж. Өнөөх улсын мөнгөний урсгал энд явагдаж байгаа энэ. Ширээнийхээ залуугаас цагдаа орж ирдэг юм уу? гэж асуувал “Орж ирдэг л дээ гэхдээ тэр үүд хавиар хүмүүстэй уулзаж байгаад л гараад явдаг.
Би 20 настай боловч бааруудаар орж л байна. Намайг нэг удаа байтугай шалгасан. Эхлээд айдаг байлаа. Биед минь бичиг баримт байхгүй болохоор бас давуу талтай. Цагдаа шалгая гэхэд манай найз л үзүүлчихдэг. Насаар надаас ах. Тэгээд нэг сургууль энэ тэр гээд л болоо доо. Дагуулж явсан арван жилийн охиныг хүртэл манай найз охин гээд л хэлчихсэн. Бидэнтэй юу ч яриагүй” гээд инээж байх юм.
21 настан алхаж болохгүй гэх энэ газруудад тэд алхах нь битгий хэл ардчиллын эрх чөлөөгөө эдэлж тэдний хэлдгээр бут авч байна. Эр эмгүй тамхи сорж бүжгийн талбайг олон янзын хөдөлгөөнөөр чимэж байх нь захирамжийн хэрэгжилт муу байгаа гэдгийг харуулж дахин нэг анхаарах хэрэгтэй гэдгийг сануулна. Хэрвээ сунгаад дэмжээд өгвөл энэ байдал бүр ч их нэмэгдэх аястай.
Дэгсдүүлж хэлэхэд оюутнуудын оромж болох нь ээ янз нь. Хөөгдөн хөөгдөн 00.00 цагтаа тарж байвал ядахдаа эрт харина. Хотын төвөөр сонсох нь ээ хуучнаар “Ленин” клубын дэргэд байрлах “Элит” 06.00 цагийн хүртэл ажилладаг гэнэ. Ямар эзэнтэй болохоор үүдээ цагтаа барилгүй ажилладаг юм бол. Хуульдаа өглөөний төрийн дуулал эгшиглэтэл ажиллаж болно гэсэн зөвшөөрөл байдаггүй баймаар.
Энэ мэт олон газар бий. 00.00 цагаас хойш ажиллуулахгүй болсоноос хойш гэмт хэрэг буурах нь битгий хэл өссөн гээд л ярьсан. Харин уртасгаж өгсөнөөр гэмт хэрэг багасана гэж үзэж байгаа гэхэд буруудахгүй. Ардчилсан хэлбэрээр л юм байх. Үүнийг дахин нэг эргэж харах хэрэгтэй санагдана. Эрхэм хотын дарга Бат-Үүлээ таныг судлах талаар ярьж байхад амьдрал дээр ажил хэрэг болон мөрдөгдөж эхлээд байна. Шуудхан хэлэхэд таны санаачилга биелэлээ олчихож.
Г.Золбоо
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: