Л.Болд: “Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгана

60078_116552УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.БОЛДООС дараахь тодруулгыг авлаа.

-Таны 2008 онд санаачилсан “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хуулийн төслийнхөө гол агуулгыг танилцуулна уу. Анх өргөн барьсан төслөө өөрчилж байгаа юу?

-Анх 2008 онд эдийн засгийн эргэлтэд орж байгаа уул уурхайн баялгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр адил тэгш эзэмшүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар боловруулж өргөн барьж байсан. Хувьцаа эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах компани байгуулна гэж хуулийн төсөлдөө тусгасан байсан. Улмаар 2008-2012 оны хамтарсан Засгийн газар завсрын шийдэл олж “Хүний хөгжил” сан байгуулсан. Цаашаагаа “Эрдэнэс МГЛ” компани байгуулж, түүний харъяанд “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэс-Оюутолгой” гэсэн хоёр ч компани байгуулж, нэг компаниас нь иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. АН-ын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нэг сая төгрөгний хувьцаа эзэмшүүлнэ гэсэн заалт байсан юм. Түүнийхээ хүрээнд тодорхой шийдвэр гаргуулж ажилласан. Харин одоо ингээд суух цаг биш. Стратегийн орд болгон дээр нэг нэг төрийн өмчийн жижиг компани байгуулахгүйгээр бие даасан хууль батлах ёстой. Тэгэхгүй бол эдийн засгийн эргэлтэд орж байгаа уул уурхайн баялаг бодлого уялдаа зохицуулалт муутай явж байгаа. Тиймээс “Эрдэнэс МГЛ” компаниа “Баян Монгол” гэдэг төсөлтэйгөө уялдуулж иргэдэд ногдол ашиг олгох юм. Хамгийн гол нь байгалийн баялгийн жинхэнэ эзэд нь ард түмэн байх зарчмыг гол болгож байгаа гэсэн үг. Уул уурхайн баялгийн талаар өмнө нь миний тооцож байснаас хэд дахин их тооцоог гаднынхан гаргаж байгаа. Хэдхэн том ордоор нь тооцвол Монголын иргэн бүрт нь сая доллараар хэмжигдэх хөрөнгө ногдож байна. Тэгэхээр хамгийн баян улс бол Монгол гээд дэлхийн хэвлэл бичдэг. “Баян Монгол” компани байгуулж ажилласнаар энэ үнэн яриа болохыг нотлоно гэж бодож байгаа. Энэ компанийн ажиллах зарчмыг хуулийн төсөлд бүхэлд нь тусгасан байгаа.

-“Баян Монгол” компанийн үйл ажиллагаа чинь “Эрдэнэс МГЛ” компанийн үйл ажиллагаатай давхцах юм биш үү. Яаж зохицуулах вэ?

-“Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгаж эрх үүргийг нь “Баян Монгол” компанид шилжүүлэх юм. Тэгэхээр стратегийн ордууд, цаашдаа эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн төслүүдийг энэ компани хариуцаж ажиллана гэсэн үг.

-Тэгэхээр хүмүүс зөвхөн “Эрдэнэс МГЛ” гэдэг нэрийг “Баян Монгол” гэдэг нэрээр солилоо гэж ойлгох юм биш үү?

-Магадгүй. Гэхдээ ингэж ойлгож болохгүй. “Эрдэнэс МГЛ” компани бол төрийн өмчит компани. Энэ компанийг зарчмын хувьд өөрчилж ард түмэн шууд хувьцаа эзэмших, төлөөллөөрөө дамжуулан удирдах, үйл ажиллагааг нь чиглүүлэх, хяналт тавих механизм бүхий компани байх юм. Нэрний хувьд анхнаасаа манай намын мөрийн хөтөлбөрт орсон төслийн нэр нь “Баян Монгол” байсан.

-Та 2008 оны сонгуулиар “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслөө танилцуулж сурталчилгаагаа хийж байсан. Харин 2012 оны сонгуулиар Ц.Оюунгэрэл сайдтай хамт Газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчлэн найруулна гэж сурталчилгаагаа хийсэн. Сонгогчдын хувьд хамгийн чухал асуудлыг хөндсөн учраас таныг хоёр дараалан сонгосон байх. Та хэзээнээс Газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж бодсон юм бэ?

-Газар эдийн засгийн эргэлтэд орж байна. Сүүлийн 20 жил иргэд газрын үнэ цэнийг мэдэрсэн. Тэр тусмаа дэд бүтэц хөгжсөн нийслэлийн газар үнэ цэнд орлоо. Үүнийг дагаад хотын хөгжил буруу замаар явсан. Ийм байдалд хүргэсэн эзэн нь төр засаг, албан тушаалтан. Яагаад гэвэл ард түмэн өмч хоёрын дунд төр засаг, албан тушаалтан орж хууль завхаруулсан. Харин одоо манай улсын хамгийн үнэ цэнтэй баялаг болох газрыг шууд иргэнтэй нь холбох хэрэгтэй гэж үзсэн. Газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад арав гаруй жил болж байхад нийт хүн амын дөнгөж 7-8 хувь нь л газраа өмчилсөн. Газраа өмчилж авахад бэрхшээлтэй байгаа учраас цөөхөн хувь нь газар өмчлөх эрхээ эдэлсэн. Тиймээс газар өмчлүүлэх цоо шинэ механизмийг бий болгохоор хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Хамгийн эхний ээлжид иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг олгоно. Иргэд эрхийн бичгээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь мөн хуулийн төсөлд тусгасан.

-2008, 2012 оны сонгуулийн өмнө таны санаачилсан хоёр хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь. Танай нам УИХ-д олонхи болсноор ийнхүү нэгэн зэрэг хэлэлцэх боломжтой боллоо гэж ойлгож болох уу. Яагаад гэвэл “Баян Монгол” компани байгуулах төслийг дөрвөн жил сөхөж харсангүй шүү дээ?

-Тийм. 2008 онд нийслэлд манай намын мөрийн хөтөлбөрийг тэр дундаа “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслийг маш их дэмжсэн. Харамсалтай нь улсын хэмжээгээр манай нам ялагдсан. Төслийн гол агуулга нь чухал зорилт байсан учраас хамтарсан Засгийн газар эх орны баялгаас шууд ашиг хүртээсэн. Энэ удаад ард түмэн бидэнд итгэл хүлээлгэж олонхийг бүрдүүлэх боломж олгосон учраас “Баян Монгол” компани байгуулах төслөө, өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн Газар өмчлүүлэх тухай хуулийн төслөө ч хэлэлцэх боломжтой боллоо. Сонгуульд ялагдсан үед хичнээн чухал асуудал байсан ч хойш тавигддаг шүү дээ. Энэ бичигдээгүй хуулийн дагуу “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төсөл дөрвөн жил дараатай байлаа.

inet.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих