ОХУ-ыг тойрсон үхлийн хар бараан өдрүүд иргэдийг цочирдуулсаар байна

1_1361323648-ХАЧИРХАЛТАЙ ҮХЛҮҮД НИЙГЭМД АЙДАС АВЧИРЧ, ИРГЭДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХҮРТЭЛ НӨЛӨӨЛӨХ БОЛЖЭЭ-

Сүүлийн үед ОХУ-ын нөлөө бүхий хуульчид, өмгөөлөгчид, эрх баригчдын туслах зэрэг хүмүүс ор сураггүй алга болж, амиа алдсан тохиолдол ихэсч байна. Үүний хамгийн тод жишээ Нэгдсэн Орос намын гишүүн асан Михайл Пахомовын үхэл. Түүнийг өнгөрсөн долоо хоногт алга болсон даруйд хуучин намын гишүүд нь ар гэрийнхэнтэй нь холбогдон хайж эхэлсэн. Харамсалтай нь түүний цогцос Москва хотоос 700 км-ын зайд орших хагас сая хүн ам бүхий Липецк хотын ойролцоо цементтэй торхноос олджээ. Энэ талаар хэвлэлээр өчигдөр цацагдсан бөгөөд цогцсыг ар гэрийнхний хүсэлтээр зандаршуулсан талаар CNN агентлаг мэдээлэв.

Тэрбээр ОХУ-ын Нэгдсэн Орос намд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байсан сайн хуульч байсан юм. Москва хотын Цагдаагийн газар, Липецк хотын цагдаагийн газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаа. Гэмт хэрэгтэн ямар ч хүн байж болох талтайг мөрдөн байцаагчид хэлсэн. Учир нь түүний хамгийн сүүлд ажиллаж байсан хэрэг үхлийн гол шалтгаан болсон байх магадлал өндөр аж. Гэмт этгээдүүд түүнийг удаан ажигласан нь тодорхой гэдгийг ч мөрдөн шалгах ажиллагааны үеэр тодорхой болсон байна. Гэмт хэрэгтэй холбогдуулж ямар нэгэн хурууны хээ, эд мөрийн баримт олдоогүй аж. Ганцхан савтай шатахуун байсан нь хохирогчийг шатаах гэж байсан бололтой.

Түүний хэрэг дээр ажиллаж буй холбогдох албаны хүмүүс машин олдсон газраас холгүйхэн байсан цементэн торх барилгын нэгэн компанийх болохыг олж тогтоосон бөгөөд 36 настай байсан хуульчийг улс төрийн намын золиос болсон байж магадгүй гэдгийг онцолжээ. Ямартай ч түүний үхэлд холбогдуулан сэжигтнээр 12 хүнийг саатуулаад байгаа бөгөөд эд мөрийн баримт нотолгоонуудыг цуглуулж байгаа аж. “Новости России” агентлагийн мэдээлж буйгаар түүний дансанд сая 500 мянган рубль “орлого” болон шилжсэн байна. Энэ нь хууль бус мөнгө байхыг үгүйсгэхгүй гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Өнгөрсөн жилийн арваннэг­дүгээр сард Москва хотын хуульч, өмгөөлөгч Ватислав Анатолигийн цогцосыг муу усны шугамаас цагдаагийнхан олсон хэрэг гарсан. Мөн оны наймдугаар сарын 13-ны өдөр Санкт хотын барилгын дээврээс Думын хэвлэлийн албаны төлөөлөгчийн цогцос олдсон. Гэхдээ түүнийг амиа хорлосон мэт байдалтай олсон нь тун хачирхалтай санагдсан гэдгийг эхнэр нь хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байсан.

Мөн саяхан гуравхан настай жаал хүү амь үрэгдсэн талаар хэвлэлээр цацаж хойд хөршийн анхаарлын төвд ороод байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-д насанд хүрээгүй Орос хүүхдүүдийг үрчлэхгүй байх хуулийг баталсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  АНУ-ын Массачусетс мужид дөрвөн настай орос жаал америк эцэг эхийн гарт амиа алдсан талаар ОХУ-ын Гадаад Хэргийн сайдын хүний эрхийн тусгай төлөөлөгч  мэдэгдлээ. Яг үүнтэй адилхан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж байсан юм.

Жаал хүүг америк эцэг эх нь зодож, амийг нь хөнөөсөн бололтой. Задлан шинжилгээний үеэр хүүгийн дотор эрхтэн бяцарсан байдалтай байжээ. Америкчууд сүүлийн үед Оросоос хүүхэд үрчилж авах нь ихэссэн бөгөөд Америкчууд орос хүүхэд үрчлэн авахыг хориглосон хууль батлагдахаас өмнө 1000 орчим орос хүүхэд Америкт үрчлүүлсэн тухай АНУ-ын Төрийн департментаас онцолж байсан. Энэ бүх нууцлаг аллага нийгэмд цочрол өгсөөр байхад өөр нэгэн үйл явдал иргэдийн анхаарлыг татсан. Тэр нь В.Путины гадаадад явуулж буй шинэ төлөвлөгөө.

ОХУ олон улсад хүмүүнлэгийн тусламж илгээхээр болсон байна. Ингэснээр тэд гадаад дахь иргэдээ эх орондоо татах бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Эхний ээлжинд Сири рүү хүмүүнлэгийн тусламж бүхий хоёр нисэх онгоцыг илгээсэн. Сири улсад 34.5 тонн тусламжийг илгээснээр олон улсад сүүлийн нэг жилд хийгээгүй хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь энэ. Тусламжийн илгээмжид хоол хүнс, хөнжил, хувцас, майхан, лаа зэрэг эд зүйл багтсан аж. Илгээмжийг хүргэж байгаа “Ил-62”, “Ил-76” нисдэг тэргээр Сири улсад ажиллаж амьдарч байгаа тус улсын иргэдийг эргүүлэн татах талаар “Риа новости” агентлаг мэдээлэв. Улмаар Африкийн хэд хэдэн орнууд руу дараагийн тусламжийн цуваа хөдлөх талаар холбогдох албаныхан мэдэгджээ.

Б.БААТАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих