Чирэгч

tssssssssТэр бол УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшсэн Н.Төмөрхүү. Тэгэхээр түүнтэй нэг намаас нэр дэвшигч С.Чинзоригийг “Чиргүүл” байсан гэж бүү ойлгоорой. УИХ-ын сонгуулиар Ардын нам Өвөрхангайд ялагдал хүлээсний дараа улс төрийн хүрээнийхэн Н.Төмөрхүүг “С.Чинзоригийг хөлдөө чирсэн” гэж байгаа нь нууц биш. Тиймээс ч “Алдсан хүн 10 тамтай” гэдгийн үлгэрээр С.Чинзориг хөлийнхөө улыг эргэтэл хууль, шүүхийн байгууллагуудаар гүйсэн.

Харин нэр дэвшигч Н.Төмөрхүү “Аваад ирсэн саналыг хамгаалж чадаагүй нь манай намынхны олхиогүйнх” гэдэг үгийг хэлсэн шиг ээ суусан. Өөрөөр хэлбэл, тэр ялагдал хүлээсэндээ нэг их харамсаагүй бололтой харагдаж байсан юм. Арга ч үгүй биз түүнийг “УИХ-д орж чадсангүй гээд нэг их гундаад байх хүн биш” гэлцдэг юм билээ.

УИХ-ын сонгууль болохын өмнөхөн түүний бэлтэй, бэнчинтэйг гайхсан мэдээллүүд ар, араасаа цуварч байсныг уншигчид маань санаж байгаа байх. Тухайлбал, “Намдаа 50 сая төгрөг хандивлаж нэр дэвших эрхээ олж авсан. Үүнээс өмнө  намынхаа байрыг барихад нэг тэрбум төгрөг хандивласан. Намынхаа байрыг барих тендерийг төвөггүйхэн өөрийн болгосон” зэрэг мэдээллүүд чих дэлсэж байсан. Бэлтэй хүн УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд хууль зөрчсөн л юм байж. Харамсалтай нь энэ бүхэндээ нам нэгт нөхрөө чирчихжээ. Нэр нэгтийн чих нэг гэдэг байх аа. Нэгэнт л нэг намаас нэр дэвшсэн юм хойно. Хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Харин энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь намын дотоод асуудал биз.

Р.САРАНГОО


URL:

Сэтгэгдэл бичих