Ерөнхий сайд аа, яавал таны ивээлд багтах вэ
Арчилсан нам засгийн эрхийг авснаасаа хойш Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, өмнөх бүтцэд ажиллаж байсан зарим яам агентлагуудыг татан буулгахыг нь татан буулгаж, өөрчлөхийг нь өөрчлөн дарга нарыг нь чөлөөлсөн. Ийнхүү өөрчлөлт, халаа сэлгээний дундуур зарим нэг агентлагийн дарга нар, бүр өөрсдийн хүсэлтээрээ ал-бан тушаалаа өгсөн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Өмнөх засгийн үед үүрэгт ажилдаа дуртай байсан дарга нар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яагаад өөрсдийн хүсэлтээрээ хэр баргийн аавын хүү, ээжийн охинд олдоод байдаггүй эрх мэдэл, албан тушаалаа зүгээр орхиод явчихав гэдэг нь сонирхолтой л асуулт.
Өнгөрсөн сард Ерөнхий сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийсэн. Тэр үед нэгэн сэтгүүлчийн “Төрийн албаны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэднийг орлох үүрэг гүйцэтгэгч томилох болсон. Яагаад үүрэг гүйцэтгэгч томилох болов. Үүрэг гүйцэтгэгчийг хэзээ жинхлэх вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг эргэн сануулъя. Тэрбээр “Өнгөрсөн таван сард бид өнгөрснийг ухаж төнхөөгүй. Гэтэл ажил хийх явцад өчнөөн асуудал гарч ирсэн. Бид яагаад үүрэг гүйцэтгэгч тавьсан бэ гэхээр өмнө байсан засаг, нам болбол өөрийнхөө хүнийг тавьдаг. Тэр хүн нь мөнхөд тэр албан тушаалдаа суудаг хуулийг бий болгочихсон. Төрийн нарийн бичгийн дарга төрийн албан хаагч мөн үү гэвэл мөн. Гэтэл тэд хийе гэснээ гурван минутад хийдэг. Хийхгүй гэснээ 30 хоног дардаг. Бид ийм хүмүүстэй шинэчлэл өөрчлөлт яриад суух боломжгүй. Дээр нь өчнөөн мөнгө идсэн. Мөн гүйцэд баригдаагүй олон объект тэдэнтэй л холбоотой. Яармагт босох ёстой байсан 300 ортой төрөх эмнэлгийг хараарай. Тэр эмнэлгийг нэг Төрийн нарийн бичгийн дарга арван хэдэн тэрбум төгрөгөөр араг яс болгон дампууруулсныг бид нар намар үзээд хэлсэн шүү дээ. Ийм хүмүүсийг өөрчлөхөөс аргагүй. Эдгээр хүмүүсийн оронд үүрэг гүйцэтгэгч томилохгүй, өөр хэнийг тавих юм бэ. Өмнө нь УИХ дээр сайдуудыг томилж байхад хоёр Төрийн нарийн бичгийн даргыг сайдаар томилсон. Тэр үед бид “Чи үнэхээр л төрийн албан хаагч юм бол төрийн алба хаагч шиг л байх ёстой. Түүнээс биш төрийн албан хаагч гэх баг өмсөж, намынхаа хүмүүсийг байршуулж, мөнгө идэж уудаг ёс хаана байгаа юм бэ. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нэрээр намчирхдаг, мөнгө иддэг явдлыг Шинэчлэлийн засгийн газар таслан зогсооно. Одоо тавигдсан Төрийн нарийн бичгийн дарга нар ч гэсэн бусармаг үйлдэл гаргах юм бол өөрчилнө. Ерөнхийдөө Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагуудын дарга нар халагдаад явсандаа баярлах хэрэгтэй. Ажлаа өгсөн дарга нарын ихэнх нь өргөдлөө өгсөн. Тэднийг ажлаас нь чөлөөлж байхад заргалдсан уу гэвэл заргалдаагүй. Учир нь болж бүтэхгүй маш их юм хийсэн. Одоо харин тохирох хариуцлага шийтгэлийнх нь асуудал хүлээгдэж байгаа” хэмээн хариулсан байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр Шинэчлэлийн Засгийн газрын хурдыг, ил тод байдлыг хүлээн зөвшөөрч ажиллах хүмүүс өмнө нь ажиллаж байсан Төрийн нарийн болон агенлагийн дарга нарын дунд цөөхөн байсан гэнэ. Тиймээс ч халаа сэлгээ хийжээ. Тэгэхээр Ерөнхий сайдын ивээлд багтаж, даргынхаа суудалд үлдсэн хүмүүс хэн хэн байгаа нь бас л сонин.
МАН-ын засгийн үед төрийн дээд албан тушаал хашиж, нэлээд хөрөнгө “цохисон” хүмүүсийг бүгдийг нь Ерөнхий сайд маань илрүүлчихсэн. Одоо харин тэдний оронд ямар хүн хүмүүс очих вэ, мөн хариуцлага алдаж, хувийн ашиг сонирхлоо бодож байсан дарга нарыг яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Төрийн нарийн болон агенлагийн даргаар очих хүмүүс ч яах вэ. Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. За, тэгээд Шинэчлэлийн Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тод байдлыг нь хүлээн зөвшөөрөх хэн нэгэн л Ерөнхий сайдын ивээлд багтаж, даргын сэнтийд залрах байх. Харин өч төчнөөн хөрөнгө мөнгө завшсан хүмүүсийг зүгээр л нэг ажлаас нь халах төдий хариуцлага тооцвол “Ерөнхий сайд өөрийнхөө хүнийг тавих гээд олон хүнийг ажлаас нь чөлөөлжээ” гэх хардлага олон хүнд төрж болох юм.
“Амар хялбар ажиллаж байсан чинь та нар юу гэнэ ээ. Хагас сайн өдөр хүртэл ажилла гэсэн үү. Би чадахгүй” гээд өргөдлөө өгсөн хүн ч байгаа тухай Ерөнхий сайд хэлж байсан. Тэгэхээр ажил амралтын өдрийг умартан, өөрийн эрх ашиг бус зөвхөн улс эх орныхоо төлөө ажиллах хүмүүс л Ерөнхий сайдын ивээлд орох нь.
Төрийн албыг хэвийн үргэлжлүүлж, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг алдагдуулахгүйн тулд зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон агенлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэднийг томилсноос хойш даруй гурав, дөрвөн сар өнгөрчихөөд байхад одоо болтол жинхлээгүй байгаа. Уг нь төрийн ажлыг бодсон ч тэр жинхлэх цаг аль хэдийнэ болсон. Гэвч өдийг хүртэл жинхлээгүй байгааг бодоход Ерөнхий сайдын ивээлд багтах хүн олдоогүй гэж үү. Ер нь яавал түүний ивээлд багтах юм бол оо.
Ж.Баттуул
URL: