Нүүрсний салбар их хямралыг даваагүй байна
Өнгөрсөн 2012 он нүүрсний салбарынханд хүндхэн жил байлаа. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, олон ч уурхай үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Өнгөрсөн оны эхэнд тонн нь 150 орчим ам.доллараар зарагдаж байсан Ухаахудагийн коксжих нүүрсний өртөг оны төгсгөлд 80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болж буурсан. Тонн нь 70 ам.доллараар Хятадын “Чалко”-д нийлүүлж байсан Тавантолгойн нүүрс оны сүүлчээр 50 орчим ам.долларт хүрэн буурч, компани нүүрс тээвэрлэлтээ зогсоов. Түүнчлэн “Энержи ресурс”, “МАК”, “Хөшөөт” зэрэг томоохон уурхайнууд тэг зогсолт хийсэн. Луу жил ийнхүү нүүрсний салбарынханд “сүүлээ шарвасны” гол шалтгаан нь олон улсын санхүүгийн хямрал байсан. Европын хямрал манай гол экспортлогч орон болох БНХАУ-ын эдийн засагт нөлөөлж, нүүрсний эрэлт буурснаар Монголын “бараа” зарагдахааргүй болсон хэрэг. Үүнээс гадна Монголын дотоод нөхцөл байдал, сонгууль зэрэг хүчин зүйлс нүүрсний салбарын уналтад нөлөөлсөн биз ээ.
Удахгүй нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт болох гэж байна. Яг нэг жилийн өмнөх уг уулзалтаар монголчууд 2012 ондоо 30 сая тонн нүүрс экспортолно хэмээн өөдрөг төсөөлж байсан. Түүнчлэн “Ойрын таван жилийн Монголын эдийн засгийн хөдөлгүүр нь нүүрс болно” гэж энэ салбарынхан итгэлтэй хэлж байлаа. Гэвч нэг жилийн дараахи энэ өдрүүдэд өөдрөг төсөөлөл эсрэгээрээ эргэж, нүүрсний компаниуд “хаалгаа барьсан” байдалтай зогсож байна. Тийм учраас энэ удаагийн хөрөнгө оруулагчдын уулзалтаас салбарынхан их зүйлийг хүлээж буй биз ээ. “Coal Mongolia” бол нүүрсний салбарынхан өнгөрсөн жилийн алдаа оноо, зовлон жаргалаа ярьж, цаашдын зорилгоо тодорхойлдог Монголын хамгийн том уулзалт. Энэ утгаараа чуулга уулзалт уналтад ороод байгаа нүүрсний салбарынханд шинэ боломжийг нээж өгөх болов уу. Салбарын аж ахуйн нэгжүүд болон төр засгийн холбогдох албаныхан нүүрсний экспортын орлого энэ жил ч бас өндөр хэвээр байна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ дэлхийн зах зээлээс гадна энэ салбарынханд “муу зүйлс” гарч ирэх бололтой. Хамгийн түрүүнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дурьдаж болно. Энэ хуулиар уул уурхайн салбарын бодлогыг нэлээд чангатгаж байгаа. Ялангуяа байгаль орчинд хор хохирол учруулдаг, нийгмийн хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэнэ гэдгийг төр засгийнхан хэлэх болсон.
Нүүрсний салбарын хувьд байгальд тийм ч ээлтэй бус гэдгийг хүн бүр хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинээр мэндлэх гэж буй хууль нүүрсний салбарынханд тийм ч таатай санагдахгүй болов уу. “Нүүрсний салбарынхан олон жилийн турш улсын эдийн засгийг түүчээлж ирсэн. Тийм учраас хүнд хэцүү үед төр засаг энэ салбараас нүүр буруулах учиргүй” гэж өнгөрсөн жилийн чуулганд оролцогсод хэлж байв. Тэр үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ хэлэлцэж байсан нь нүүрсний аж ахуйн нэгжүүдэд ийн болгоомжлол төрүүлж байсан. Харин энэ удаад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нүүрсний хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх бололтой. Нөгөөтэйгүүр Тавантолгой зэрэг томоохон төслүүд түр хугацаагаар зогссон, олон улсын хамтрагчтай хийсэн гэрээ хэлцлийг эргэн харж, өөрчлөх талаар ярьж эхэлсэн зэрэг үйл явц хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байна. Тэдний хувьд тогтвортой байдал чухал. Аль ч хөрөнгө оруулалтын чуулганд оролцогсод Монголын төрөөс тогтвортой байдлыг хүсэх нь энгийн үзэгдэл болсон билээ.
Ямартай ч энэ онд нүүрсний үнэ харьцангуй гайгүй байх магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байгаа. Түүнчлэн Хятадын эдийн засаг ч бас арай дээрдэх шинжтэй. Ерөнхийдөө ирэх дөрөвдүгээр сараас дэлхийн зах зээл сэргэнэ гэсэн хүлээлт бий. Гэхдээ зах зээл сэргэлээ гээд нүүрсний салбар шууд л босоод ирчихнэ гэж ойлгож болохгүй. Одоогоор нүүрсний компаниудын хувьцааны ханш уналттай хэвээр байна. Дээрээс нь төр засгийн бодлого чангарах нь бараг л тодорхой болж байх шиг. Хууль санаачлагчдын зүгээс шинэ хуулийг ирэх хаврын чуулганаар батлуулна гэж буй. Чуулганаар хэлэлцүүлж эхлэхээсээ өмнө сайтар боловсруулах нь зүйтэй гэж үзэн олон талын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Ашигт малтмалын хууль хэрхэн батлагдахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй. Өөрөөр хэлбэл, хууль батлагдахгүй удвал хөрөнгө оруулалтын урсгал удааширч болох юм. Харин салбар сэргэхэд хөрөнгө оруулагчид хамгийн чухал үүрэгтэй биз ээ.
Ямартай ч нүүрсний салбарынхан хүндхэн жилийг даван туулаад байна. Гэхдээ олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ жил ч бас нүүрсний салбарт тийм “аятайхан” байхгүй нь гэсэн хандлага үүсчээ.
Л.ЭНХДЭЛГЭР
URL: