Баялагтаа эзэн болох оролдлого
Монгол улс хөрсөн доорх баялгаа ашиглан ядуурлаас гарч өндөр хөгжилд хүрнэ гэсэн горьдлого тээсээр ирсэн ч одоо бол харин дайн самуун дэгдсэн Африкийн орнуудын араас орохгүй байх тухай чих дэлсэх боллоо. Гадныхны ойлгосноор энэ өргөн уудам “эзэнгүй” нутагт дураар дургиж болно хэмээн “басамжилсан” нь тийм ч амар биш болох нь мэдрэгдэж байгаа болов уу. Уул уурхай тойрсон бухимдал, гомдол, тунирхал, сүрдүүлэг, “тархи угаалт” үргэлжилсээр…
Оюутолгой, Хөшөөт, Төмөртэй, Тавантолгой, Нарийнсухайт, Дорнодын газрын тос мэтээс эхлээд бүр жижиг ч тэр хэл амгүй уурхай гэж алга. Уул уурхайг огт мэдэхгүй миний хувьд энэ хэрүүл тэмцлийг огт ойшоодоггүй байлаа. Гэтэл сүүлдээ монгол хүн бүр эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй байна, эх орны баялгийг хэдхэн нөхөр хувааж идлээ ч гэх шиг өөрийн эрхгүй анхаарал хандуулахаас аргагүй их “шуугиан” дунд орлоо. Бас ч үгүй бага зэрэг уншиж, судалж үзлээ. Ингээд “хэрэлдээд” яваад байх уу гэдэг асуудал байна. Монгол улсын Үндсэн хуулиар монголчууд бид бүх баялгийн эзэн. Энэ үгийг гадныхан ч батлан давтан давтан хэлсээр. Харин манай уурхайчид болон “хөрөнгө оруулагчид” гэх гадныхны ойлголтоор хөрсөн доор байгаа баялаг монголчуудынх, ухаж гаргаж ирсэн хойноо тэднийх болдог. Нэг юмны байршил солигдохоор эзэмшил нь солигддог “Ашигт малтмалын тухай” хуультай улс юм байна, бид.
Ашиглалтын лиценз гэх ганц хуудас цаасанд хамаг юмаа тавиад тууж буй баялгийн эзэд гэх нийт ард түмэн, түүнийг төлөөлөх төр засаг нэг мэдэхэд хүртсэн юмгүй хоосон нүхтэй хоцорсоор байгаа юм. Хайгуул болон ашиглалтын лицензийг гартаа оруулсан гадныхан тэрбум тэрбумаар нь хөрөнгө босгож, нэгэнт олгосон эрхийн дагуу баялгийг зөөсөөр, баялгийн эзэд хоосон хардаж, харамлахаас өөр юу ч хийж чадахгүй, уурхайн торон хашаанд юу болж байгааг ч мэдэхгүй, тийш нь нэвтрүүлэх ч үгүй, ер нь ороод ч яах билээ. Ганц хоёр удаа буу шийдэмдээ хүрч байсан л даа.
Цаашид ингэж үргэлжийн хэрүүл тэмцэл, мэтгэлцээн бүр болохгүй бол буудаад яваад байх уу? Баялгаа ашиглаж буй бүх орнууд ийм байдаг уу? Олон жилийн өрөнд ороод баялгаа алдаад явах уу гэх мэт түмэн асуултанд хариулт хэрэгтэй.
Асуудалд абсолют буюу 100 хувь бүх талууд сэтгэл ханамжтай шийдэл байдаггүй ч талуудын сонирхол ялангуяа баялгийн эздийн ашиг сонирхолд нийцсэн шийдэл олохгүйгээр ирээдүйг төсөөлөхөд бэрх байна. Ингээд өөрийн саналыг тоймлон хүргэе.
1. Монгол улсад одоогоор илрээд байгаа бүх ашигт малтмалын (том, жижиг, стратеги энэ тэр бүгдийг хамруулна) ордын мөнгөн үнэлгээг гаргах. Геологийн хайгуулын мэдээллийн сан байдаг гэж сонссон ба энэхүү үнэлгээг гаргах нь мэргэжлийн хүмүүсийн ажил билээ.
2. Тухайн ордыг тэрхүү үнэлгээгээр Монгол улсын байгалийн нөөцийн дансанд тусгах
3. Хайгуулын зардлыг хайгуул хийж, олж илрүүлсэн газрын (төр, хувийн хэвшил, гадаадын компани) нэр дээр мөн дансанд тусгах. Маш нарийн мэргэжлийн хайгуулын аудит шаардлагатай болно.
4. Монгол улсын байгалийн нөөцийн дансанд дээрх байдлаар бүртгэсний дараа олборлох сонирхол бүхий этгээд буюу оператор компанитай Засгийн газар болон хайгуулын ажил эрхэлсэн тал (төр, хувийн хэвшил, гадаадын компани) 3 талын хэлцэлд орж, ордыг олборлох эрхийг олгох. Ордын мөнгөн үнэлгээ, хайгуулын зардал, ирээдүйд гарах зардал, байгаль орчин, орон нутгийн иргэдийн асуудал зэрэг бүх талыг хамрах нь ойлгомжтой. Бүтээгдэхүүний борлуулалт, үйл ажиллагаа зэрэг бүх эрсдэлийг олборлогч тооцох нь ойлгомжтой.
Жишээ болгон Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 100кг алтны нөөцтэй орд дээр асуудал хэрхэн шийдэгдэхийг авч үзье. “А” компани хайгуул хийж нөөцийг тогтоосон.
Ордын нөөцийн үнэлгээ 5 сая доллар (Сангийн яам нөөцийн дансанд бүртгэж авна.)
Хайгуулын зардал 1 сая доллар (А компаний нэр дээр бүртгэгдэнэ)
Ордыг олборлохоор “Б” компани сонирхлоо илэрхийллээ гэж үзэхэд Засгийн газар, “А” болон “Б” компаниуд хэлцэлд орно. Олборлох зардал, бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт зэрэг эрсдэлийг тооцон “Б” компани үнийн саналаа илэрхийлэх бөгөөд “А” компани 1,5 сая доллар, Засгийн газар өөрт ирэх орлогыг 2,5 сая доллар гэж тооцох жишээтэй.
Оюутолгойн ордын хувьд асуудлыг ийнхүү шийдвэл одоогийн “Оюутолгой” ХХК оператор компани болж, хэнийгээ ТУЗ-дөө оруулна, хэдэн монгол ямар цалинтай ажиллуулах, ямар үнээр техник хэрэгслээ авах, 20,000 хувьсагчаа бодох эсэх нь тэдний асуудал болно. Оюутолгойд тусгайлсан хууль дүрэм, шаардлага хэрэггүй болж, Монгол улсын хуулийн хүрээнд ажиллаж байвал хэрхэх нь тэдний асуудал болох юм. Энэхүү шийдлээр өдгөө ажиллаж буй болон ирээдүйд ажиллах олон орд, уурхайн асуудлыг шийдвэрлэж болох юм гэж мунхаглах ч хэрхэхийг төр, засгийн удирдлага шийдсүгэй. Монгол улсын их хурлын гишүүн С.Ганбаатараар дамжуулан энэхүү саналаа зохих хүмүүст нь хүргүүлэх бодолтой байна.
Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ
http://chbata.blogspot.co.uk/2013/02/blog-post_9422.html?spref=fb
2012.2.19 Улаанбаатар хот
URL: