Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа
Туйл судлаач Л.Дүгэржав өнгөрсөн оны сүүлчээр өмнөд туйлыг зориход Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аян замыг нь ерөөсөн юм. Антарктид тивийн Амундасен Скоттод байдаг газарзүйн тэг цэгт судлаач, профессор Л.Дүгэржав төрийн далбаагаа мандуулаад иржээ.
Энэ аяллаараа тэрбээр улс орны нэр хүндийг өргөх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ахиц гаргах хэд хэдэн ажил амжуулснаа Ерөнхий сайдад танилцууллаа. Тухайлбал, Антарктидын конвенцид манай улс элсэн орох талаар хэлэлцэж, тус тивийн Ливингстон арал дахь Болгарын баазын хажууд 10×20 метр харьцаатай газарт Монгол Улсын бааз байгуулах эрх авчээ. Гуравдугаар сарын 15-ны дотор Олон улсын Антарктидын конвенцид манай улс элссэнээр 48 дахь орон болох ба энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм
Эх газрын 10, цэвэр усны 80 хувийг агуулдаг баялаг нөөцтэй энэ тивд томоохон орнууд өөрийн баазаа байгуулж байгаа бөгөөд манай улс өөрийн гэсэн баазтай болбол энэ нь ард түмнийхээ төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт болохыг Л.Дүгэржав тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: