Mонгол монголоороо үлдэх үү, MОНГОЛ ЦУС УУСЧ АЛГА БОЛОХ УУ

Монголчуудын гадаад хүргэн, бэрийн тоо 5139-д хүрчээ

Монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь жил ирэх тусам нэмэгдэж байна. ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бүртгэлээс үзвэл сүүлийн арван жилийн хугацаанд монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилджээ. Тодорхой хэлбэл, гадаадын 5139 иргэнтэй гэр бүл болж, өрх тусгаарласан байна. Үүнээс БНСУ-ын иргэдтэй 3485 хүн гэр бүл болсон нь нийт гадаад хүнтэй гэрлэгчдийн 67.8 хувийг эзэлж байгаа аж. Японы 296, Хятадын 232, ХБНГУ-ын 229, АНУ-ын 158 иргэнтэй монголчууд гэр бүл болсон нь хамгийн олонд тооцогдож байгаа аж. Түүнчлэн Аргентин, Алжир, Босни Герцеговини, Египет, Непал, Косово, Тува, Тобага, Халимаг, Этиоп кэрэг харьцангуй жижиг гэж хэлж болох, харилцаа холбоо ч бага байдаг байх гэмээр орны иргэдтэй ч ганц, хоёроор гэрлэлтээ бүртгүүлсэн нь ч байна. Иргэний бүртгэлийн байгууллага одоогоос арван жилийн өмнөөс гадаадын иргэдийг бүртгэж эхэлсэн гэнэ. Эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгүүлж байсан бол өнгөрсөн жил монголын 976 иргэн гадаадын иргэнтэй гэрлэснээ албан ёсоор бүртгүүлсэн байх жишээтэй.

Зуучлалаар гэрлэсэн эмэгтэйчүүд хамгийн их “тарчилдаг”

Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг “сайн гадаад нөхөр” бас байлгүй л яахав. Монголчуудынхаа гэр бүл болсон хүмүүсийг бүгдийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ өөрсдөө уулзаж, учирч гэр бүл болохоосоо илүү “зохиомол”-оор, тодорхой бэлдсэн сценариар гадаадын иргэнтэй гэр бүл болох хүн сүүлийн үед олширсон гэх юм билээ. Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн зуучлалаар танилцаж, Солонгос, Япон зэрэг улсын иргэдтэй гэр бүл болж буй тухай байнга л мэдээлэл цацагддаг. Гадаадын иргэнтэй гэр бүлээ бат-луулсан монголчуудын 95 хувь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд гэсэн судалгааг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргажээ. Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай мэдээлэл аваад л гэр бүлээ батлуулдаг аж. Нөхрийг нь цаасан дээр магтаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр. Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийн зари-мыг “зовлонт” амьдрал угтана. Саяхан нэг танил маань Солонгост ажиллаж байгаад ирсэн. Түүний хэлс-нээр зуучлалаар гэр бүл болсон эмэгтэйчүүдийн амьдрал их зовлонтой гэнэ.

“40 настай монгол эмэгтэй өөрөө арав гаруй насаар дүү солонгос залуутай гэр бүл болж. Гэтэл цаад залуу нь мэдрэлийн саажилттай. Ээжтэйгээ нийлж эхнэрээ зодож, янз бүрээр дарамталдаг гэнэ. Монгол эмэгтэй жил гаруй хамт амьдарч, тэр их дарамт, зовлонг тэсэхээ байгаад амиа хорлохоор дөрвөн давхраас үсэрчээ. Азаар амьд үлдсэн боловч биенийх нь доод хэсэг мэдээгүй болж, эрүүл мэндээрээ хохирсон” хэмээн ярьсан юм.

Гадаадын хөгшчүүл Монголоос “нялх ногоо” зулгааж байна

Монгол эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох сонирхолтой болжээ. Хүйсийн тэгш эрхийн төвөөс гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийж л дээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан байна. Тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дундаж нас 25, харин сүйт залуугийх нь нас 45 байжээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрээсээ 20 насаар ах гэсэн үг. Нөгөө монголчуудын хэлдгээр солонгосчууд “нялх ногоо зулгаасан” байгаа биз. Бүсгүйчүүдийн олонх нь дээд боловсролтой. Гэтэл монгол эмэгтэйчүүдийн суусан 30 нөхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгүй байсан гэнэ. Ихэвчлэн хар ажил хийдэг, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байжээ. Тэгэхээр энэ бүхэн юунаас болов. Мэдээж, эмэгтэйчүүд зуучлалаар гадаадын иргэнтэй гэр бүл болсонтой холбоотой. Хэдийгээр харь газар хүний нутагт очоод 2-3 жил болсон хэдий ч монгол эмэгтэйчүүд “Хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггүй. Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг” гэжээ.
Энэ мэтээр гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монгол эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө олон насаар ах хүнтэй “толгой холбодог” аж.

Хэдий хүний эрх ч …

Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бусдын хэрэг бидэнд хамаагүй. Гэвч дээрх сөхсөн асуудлыг бидэнд хамаагүй гэж орхиж боломгүй юм шиг. 2.6-хан сая хүн амтай Монгол Улсад бүр ч хамаатай. Манай улсын олон иргэн амьдрах газар, иргэншлээ сольж гадаадад суурьшиж байна. Тухайн улс оронд сурч, ажиллаж байгаа нь ч цөөнгүй.

Гэтэл өнгөрсөн жил 976 хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсон гэж бодохоор сэтгэл эмзэглэх ч шиг. Хэнтэй, хаана, яаж амьдрах нь тухайн хүний эрх мэт санагдавч, гадаадын иргэдтэй гэр бүл болох хүний тоо жилд энэ хурдаараа яваад байвал, мэдээж, Монгол Улс монголоороо үлдэх үү, монгол цус уусч алга болох уу гэсэн асуулт хариу нэхнэ.

Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа гэдэг. Дээрх шиг харийн гүрэнд бусдын эрхшээлд орж, дээрэлхүүлэн амьдарч яваа олон бүсгүй эх орондоо ирэхийг хүсч л суугаа даа.

SOURCE: ardchilal.com


URL:

Сэтгэгдэл бичих