АРГАЛАНТ БАГИЙН НУТГИЙГ НИНЖА НАР СҮЙТГЭЖ БАЙНА

big_2cf49abc7fd594faoriginalСар шинийн өмнөх өдрүүдээс өнөөдрийг хүртэл Дөргөн сумын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар алт олборлогчид ихсэж, байгаль орчин сүйтгэж, сум орны удирдлагыг үл тоомсорлох болов. Өвлийн тэсгим хүйтнийг үл ажран энд тэндгүй дур зоргоороо 9-20 метр гүн нүх малтаж, газар сэндийлж, хог хаяж, архидаж, эмх замбараагүй байдал үүсгэж байна.
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Дөргөн сумын Аргалант багийн нутагт хууль бусаар алт ухаж байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсооход байгаль орчны болон хууль, хяналт, сум орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нэгдэн 25 хоног ажиллаж 300 гаруй хүн, 100 гаруй машиныг хуулийн хүрээнд ухуулга таниулга хийж буцаан явуулсан юм.
Тус газар нутагт харуул хамгаалалтыг үргэлжлүүлэн ажиллуулах, эргүүл хяналт хийх, үүссэн нүх, хонхрыг дарж булах, нөхөн сэргээх ажилд зарцуулагдах хөрөнгийг аймгийн Засаг даргад уламжлаад байна. Алтыг дэлхийн гагнаас гэж үздэг. Шунахай сэтгэлээр өнөөдөр байгальтай зүй бус харьцаж байгаа ч маргааш бид уух усгүй,ургамал ногоогүй болчихвол яаж амьдрах вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна.
Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Дөргөн, сумдын алтны илэрцтэй газруудад иргэд хувийн журмаар алт олборлох оролдлого сүүлийн үед ихсэж байна. Энэ сумдын төр захиргааны байгууллагаас зөрчлийг арилгахын тулд хяналт шалгалт хийх, зарим эргүүл харуул ажиллуулдаг болгоход байгаль хамгаалагч нар үүргээ биелүүлж байгаа ч хүч мөхөсдөж байгаа юм.
Байгалийн баялагтай зүй зохистой харьцаж ухаж сэндийлсэн нүх цооногийг булж,нөхөн сэргээж ганц ч атугай мод бут тарихгүй бол алт газрын баялгаа сүйтгэж оролдсон хүн тийм ч сайн яваа тухай дуулддаггүй. “Өртэй бол өрийг чинь төлөе,өргүй бол өөрийг чинь авая” гэдэг хатуу тангарагтай гэдэг.Өв дээдсийн ариун ёс заншлаа дээдэлж,хойч үед бидэнд байгалиа унаган төрхөөр нь өвлүүлж ирсэн уламжлалаа сахиж, байгаль орчныг хамгаалах тухай хууль дүрмийг сахиулах ёстой.
Ер нь алт ухаж байгаа иргэд газрын хөрсний хамгийн үржил шимтэй дээд хэсгийг сэндийлж эргүүлэн хаяж, нөхөн сэргээлгүй орхиж байгаагаараа байгаль орчинд юугаар ч нөхөж баршгүй хохирол учруулж байна. Байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж,нөхөн сэргээлт хийж,газрын хөрсийг арчилж тордохгүй бол өнөөдөр шунаж малтсан нүхэндээ маргааш өөрсдөө унах ч тохиолдол гардаг. Шинэчлэлийн Засгийн газар орон нутагт бүтэц бүрэлдхүүнээ шийдэж яаралтай ажилд оруулахгүй бол тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлож газар дэлхий сүйтгэж байгаа иргэдэд хариуцлага тооцох албан тушаалтан, байгууллага ч ховордох болов
А.Бямбасүрэн Ховд


URL:

Сэтгэгдэл бичих