Хэврэгшил

hevrЦаг үргэлж цагираглаад байдаг могой жилд МАН, МАХН-ынхан нэгдэнэ гэх яриаг намын нөхөд нь гаргав. Тэр ч бүү хэл, хэлэлцээр хэдийнэ эхэлсэн тухай ч бор шувуу нисгэжээ. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва энэ бүхнийг батлаагүй ч бас үгүйсгэсэнгүй. Харин ах намынхан нэгдэхэд хэзээд бэлэн гэдгээ үг хэлэх бүртээ тодотгох болж. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэх эртний үгийг ишлэл болгон айлдсан тухай амтай бүхэн жиргэж байна.

 

Улмаар сар шинийн өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд МАХН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд зочилсон нь дээрх ярианд улам хүч нэмэх нь тэр. Түүнчлэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр намын эв нэгдлийг хангахад татгалзах зүйлгүй гэжээ. Энэ талаар “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны гишүүн Д.Загджав ам алдсан байна. Тус хорооны гишүүд МАН-ыг шинэчлэх хүрээнд МАХН-тай нэгдэх ёстой гэсэн саналыг дэвшүүлж намынхаа удирдлагад уриалга хүргүүлээд байсан юм.

 

Уриалгынхаа хариуг өчигдөр авсан бөгөөд энэ үеэр намын дарга нь дээрх үгийг хэлжээ. Тодруулбал, Ө.Энхтүвшин “Хоёр намын эв нэгдлийг хангахад тат­галзах шалтгаан алга. Гол нь дан ганц МАН-аас хамаарах асуудал биш учраас МАХН-ын удирдлага, мөн гишүүдтэй ярилцаж уриалгаа хүргүүлэх ёстой. МАХН-ын зүгээс хүлээн зөвшөөрвөл МАН-ын төвшинд татгалзах шалтгаан байхгүй” гэсэн байна.

 

Мөн тэрбээр хоёр намын нэгтгэхийн төлөө ажиллаж байгаа тухайгаа ч гишүүддээ дуулгасан гэнэ. Иймд тус уриалгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангид очиж, Н.Энхбаяр даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Уриалгад “Эв нэгдлээ хангая. Салсан хоёр намын эв нэгдлийн хурлыг хийе. Үүний өмнө хоёр намаас хамтарсан ажлын хэсэг байгуулъя” гэжээ. Тэгэхээр Н.Энхбаяр хариугаа өгчихвөл хэлэлцээр ил тодоор үргэлжилнэ.

Сонгуулиар амьсгалсан луу жилд ах намынхан алдсан нь Х үсгийн балаг. МАХН гэх нэрний Х үсгийг авч хаяснаар салан тусгаарлаж, сарниж одсон ах дүүс эргэн уулзахын тулд тэмүүлж байна. Үнэндээ ч нарсанд суугаа экс Ерөнхийлөгч хууччуултайгаа гар барилцахыг хүсэмжилж буй. Ингэж байж хонгилын үзүүрт гэрэл цухуйж, мань хүнд аврагдах гарц олдож мэднэ. Гэвч наран дахь орон зайг нь эзэрхэж байгаа нөхдүүдэд хуучин руугаа буцах нь “ашиггүй”.

 

Урьдын адил туслах дүр бүтээж, улс төрийн амьдралаа дуусгахыг хүсэхгүй байгаа учраас тэд энэ хувилбарыг сонгоход хүндрэлтэй. Харин буурал намынханд Засгийн хаяа түшсэн угшил нэгтнээ атгах нь юу юунаас чухал. Мөн голомт доторх өрсөлдөгчөө дарж авна гэдэг түүнээс ч илүү олз. Ингэж буурал намынхан нэг сумаар хоёр туулай буудахын хүслэн болж буй.

 

Мэдээж эхний ээлжинд шууд гар барилцаж, нэг гэртээ толгой хорогдчихно гэдэг юу л бол. Иймээс л Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хамтран ажиллах санамж бичиг үзэглэхээр хэлэлцэж эхэлсэн бололтой юм. Энэ бол Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнөх хуучин МАХН-ынхны хөзөр. Тэд угшлаа дагаж, гар барилц­санаар Ардчиллынхны эсрэг хүчтэй довтолж чадна.

 

Нэгэнт эксийн мөрөөдөл биелэхгүй нь тодорхой болсон тул МАН-аас нэр дэвшигчийг өрдөж, Эбэ-г унагаснаар нарсанд биш наранд гарна. Бас улс төрийн тавцан дээр дахин гол дүр бүтээх боломж түүнд бий болно. Улмаар сэтгэл нь хөрсөн М.Энхсайханд ч гэсэн барих гэнэтийн бэлгүүд түүнд бий. Иймд МАН-аас нэр дэвшигчийг балайшиглах нь гарцаагүй.

 

Нэгэнт л өөрийнх нь намд бодлого барьдаг нь битгий хэл бодлого боддог нь байхгүй болсон тул үүнээс илүү оновчтой хувилбар олдох нь юу л бол. Харин хоёр нам нэгдэж нэг дээвэр дор орох эсэх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр эцэслэгдэнэ. Гол нь Ц.Элбэгдоржтой хэн өр­сөл­дөх вэ гэх марафоны хариу үнэн шударга байх учиртай. Ард түмнийхээ шүүлтүүрээр нэр дэвшигчээ тодруулж, дахин батал­гаажуулна гэж зарласан МАН-ынхны үг үнэн болов уу.

 

Одоогийн байдлаар намын дарга Ө.Энхтүвшин, бүлгийн дарга Н.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар нам дотроо өрсөлдөж буй. Дор бүрнээ хор найруулж, бага хурлын гишүүдээ ятгаж эхэлсэн гэх. Гол нь Эбэ-д зажлагдахааргүй залгигдчих зөөлөн хоол хэрэггүй. Иймээс л ард түмний санаа бодлыг тандах гэсэн ах намынхны эцсийн арга энэ.

 

Долоо хоног бүр явуулдаг судалгаагаар өнөөгийн Ерөнхийлөгчийн нэр хүнд тун тааруу байгаа гэх. Үүнийг мэдсэн Ц.Элбэгдорж шуурхайн ажиллаж эхэлснийг нь сүүлийн өдрүүдийн үйл явдал гэрчлэх аж. Засгийн газрын анхны нээлттэй хуралдаан дээр угшил нэгт ах, дүү нараа зэмлэж, шинэчлэлийнхнээ олны өмнө муухай харагдуулсан. Хотын даргыг ч хэлэх үггүй болгож, буурал үсээ элэхэд хүргэсэн юм.

 

Энэ бүхний эцэст Эбэ сайхан харагдаж, буруу талдаа хүрдтэй машин эзэмшигч нарын магнайг тэнийлгэсэн. Товчхондоо, мань хүн олноос чамлахааргүй Like цуглуулж чадав. Тэгвэл түүнд зажлагдахгүй байж чадах хүн хэн бэ. Энэ л хамгийн чухал. Хэрэв энэ удаагийн их сунгааны түрүүг Ардчиллынханд алдвал буурал намынханд дахин өндийхөд багагүй цаг хугацаа шаардлагатай. Иймээс МАН-ынханд энэ удаад алдах эрх байхгүй.

Дээрх нэр дэвшигчдийн тухайд нам доторх хүчтэй өрсөлдөгчид л байхаас биш Тусгаар тогтнолын ордноосоо хальж, Эбэ-г дэгээдэх хүн хуруу дарам. Нарсанд суугаа эксийн холын зайн “сургалт” л МАН-аас нэр дэвшигчийг тодотгож, олны итгэлийг хүлээлгэхэд нэмэр болох болов уу. Аз нь гийж МАН сонгуулиар ялалт байгуулж, МАН, МАХН нэгдсэн ч гангар шаазан шиг хэврэг хэвээр үлдэнэ. Шуудхан хэлэхэд, энэ намд хэдийнэ эвдрэлийн үүд нь нээгдчихсэн.
Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих