Ц.Туваан сайдын ам, ажлын зөрүү
Сайд аа, таны нөгөө маш хямд, боломжийн байгаа гээд байсан махны үнэ тэнгэрт хадчихлаа. Угаасаа ч нэг их “унаагүй” байсан махны үнэ өдгөө иргэдийн өмнөөс жинлүүрийн туухай даран ёжтой “инээж” байна. Сайд аа, та ядаж л танай яамтай хаяа дэрлэн байгаа Баянзүрх худалдааны төв, Нарантуул ОУХТ-ийн махны тасгийн лангуун дээрх үнэтэй танилцаад дараа нь бусаддаа танилцуулбал ямар вэ.
Тэнд кг махны үнэ хонь, ямаа, үхэр адууныхаасаа хамаараад 6500 төгрөгөөс эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, лангуун дээрх үнэ таны хар дэвтэр дэхь үнэ хоёрын зөрүү дээдчүүдийг төөрөгдүүлэв үү гэмээр тэд юунд ч эс зовсоор өнөөх хэдэн иргэд ачааг нь нуруундаа үүрсээр цагаан сарыг үдэв. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг. Бид сайхан шинэллээ. Юугаар ч дутаж гачигдсангүй.
Гэсэн ч тэтгэврийн хөгшчүүд бараг л ганц ууц аваад үлдсэнийг нь өнөөх өндөр хүүтэй зээлээр болгосон гэх яриа “найрын ширээний ууц”-ны ард хөвөрч байх нь чих дэлсэв. Угтаа бол цагаан сарын өмнөхөн ҮХААЯ-ны Дэд сайдын мэдээллээр бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр 780 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн мэдээ ой ухаанаас арилаагүй байсан юм.
Иргэд баярлан найдаж байв. Халаасан дахь бэлэн мөнгөө өндөр үнэд алдчихгүй болжээ гэж баярласан. Тухайлбал, гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийг, махны үнийг тогтворжуулах зорилгоор 81 тэрбум төгрөгийг тус бүр аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байдаг. Гэтэл юу болов.
Үндэсний гурил үйлдвэрлэгчдийн чанаргүй бүтээгдэхүүнээс үүдэж импортын гурилын үнэ тэнгэрт хадаж, угаасаа эрэлтээс шалтгаалсан нийлүүлэлт дээр шоу хийж махчид нь мах, ууцныхаа үнийг тэнгэрт хөөргөсөн нь унаж, уруудах нь уу даа гэж байсан имфляцийг өсгөснийг ҮСХ-ноос мэдээлэв. Ямар сайндаа л орос 50 кг-ын гурил энэ үеэр 70 мянган төгрөгт хүрсэн.
Иргэдийн аваад байсан “Цесна” үнэд хүрч байснаа лангуун дээр харагдахаа больсон нь гурилынхныг үнээ нэмэгдүүлэх шалтгаан болгосон. Тэгвэл одоо хэзээ мөдгүй хавар эхэлчихлээ, Ц.Туваан сайд аа. Одоо нийслэлийн иргэдийн шинэ махны хэрэгцээ нэмэгддэг улирал. Махны нөөц бүрдүүлэхэд “Жаст” компани ганцаараа шалгарсан гэдгийг та дуулгаж байсан.
Тус компани Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж нийт 12 мянган тонн мах нөөцлөх ёстойгоос одоогийн байдлаар 9000 тонныг нөөцөлж, зооринд хураажээ. Мөн тус компани Эрдэнэт, Дархан-Уул аймгийнхны хүнсний хэрэгцээг хангах зорилгоор тус бүр 1000 тонн мах бэлтгэсэн байна. Нөөцийн махыг Улаанбаатар хотод “Мишээл экспо”, “Аса” цирк, “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний төвүүдээр дамжуулж худалдан борлуулж эхэлжээ.
Ингэхдээ үхрийн махыг өрөөлийг нь нэг кг-ыг нь 5700, хонины махыг гулуузаар нь нэг кг-ыг 5200, ямааны махыг 4200 төгрөгөөр тус бүр борлуулж байгаа бол жижиглэнгийн үнэ нь нэг кг үхрийн мах 5950, хонь 5750, ямааны мах 4600 төгрөгөөр борлуулагдаж буй аж. Гурил тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл хэлбэрээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олгосон.
Тэд гурилын үнийг нэгдүгээр зэргийнхийг 550 төгрөгөөс дээш гаргахгүй байх гэрээ байгуулсан. Гэсэн ч энэ үнэ захуудын лангуун дээр 800 төгрөгөөс дээш өгсөж гэр хорооллын дэлгүүрүүдэд 1500 төгрөг болтлоо ахижээ. Гэтэл та “550 төгрөг гэсэн энэ үнэ тогтвортой хадгалагдаж байгаа” гэж мэдэгдсэн нь захын иргэний дургүйг хүргэсэн мэдэгдэл байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай санал нэг байна, манай сонин. Таниас асуух асуулт байна. “Өмнөх Засгийн газар иргэн бүртээ 21 мянган төгрөг олгодог байхад жилдээ 400-500 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ. Гэхдээ бэлэн мөнгө тарааснаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна гэдэг шүүмжлэл дагалддаг байлаа.
Одоо бэлнээр мөнгө тараахгүй, зөвхөн компаниудад 780 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгочихоод байхад яагаад мах, гурил, талхны үнэ өсөөд байна вэ. Шатахууны үнэ мөн өсчихөөд байна. Ирэх гуравдугаар сараас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Энэ талын үнэ өсөөд ирвэл үйлдвэрлэл эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх бол дахиад мөнгө олгох уу.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ”. Үүнд хариулах таны хариултыг мэдэж л байна. “Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гурван дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд нийт 240 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Монголбанкныхантай уулзаж, үнийн өсөлтийн талаар ярилцахад, өмнөх жилүүдтэй харьцуулахад инфляци баригдаж байна гэсэн.
Хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан. Цаашид цахилгаан, дулааны үнэ өсвөл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлбэл дахин хөрөнгө гаргах уу гэдэгт тодорхой мэдээлэл алга. Энэ талаар төлөвлөсөн зүйл байхгүй”. Та ингэж л хариулна. Тэгвэл сайд аа. Иргэд нэг кг махыг 5800 биш 7800 төгрөгөөр худалдаж авч байна. Махны нөөц бүрдүүлэхэд “Жаст” нэртэй ганцхан компанийг шалгаруулж. Уг нь үнийг буулгахын тулд урд өмнө хэд, хэдэн компанийг шалгаруулдаг байсан.
Зах зээлийн зарчим бол өрсөлдөөнөөр дамжиж үнэ буудаг. Ерөнхий сайд нь УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ “Аж ахуйн нэгжид мөнгө өгдөг практик туршлагаас татгалзана” гэж мэдэгдсэн. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь махны нөөц бүрдүүлэхийн тулд ганцхан компани шалгаруулчихсан байх юм. Дээр нь нөөцийн махыг одооноос эхлээд борлуулаад эхэлж, улаанбаатарчуудын махны хэрэгцээ хэд билээ.
Таван сард зарах мах нөөцөд үлдэх үү. Долдугаар сараас нааш шинэ мах гарахгүй, тэр болтол яаж махны үнийг тогтвортой барих болж байна вэ. Үндэсний статситикийн хороо, ард иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа байр суурь дэд сайд таны өгч байгаа мэдээлэл хол зөрж байна. Таны ам, ажлын зөрүү үүд хоймрын зайтай байна сайд аа.
Өмнөх засгийнхан үнийн өсөлтийг хазаарлах, цаг үеийн асуудалд бэлэн байж урьдчилан арга хэмжээ авахын тулд урт хугацааны хөтөлбөр гаргаж эрчимтэй ажиллаж байсан гэж өөрсдийгөө өмөөрдөг. Тухайлбал, “Монгол мал”, “Атрын аян” хөтөлбөрүүдээ нэрлэдэг юм билээ. Тэгвэл энэ засгийн газар иймэрхүү хоол хүнснийхээ хэрэгцээг хангах ямар хөтөлбөр, үнэ ханшийн зохицуулалт хийх вэ.
Туваан сайд аа, андуураагүй бол таны хэлсэн үг энэ байна. “Нөөцийн мах бүрдүүлэлтийн хувьд өрсөлдөөн бий болгохын тулд махан дээр ганц компани сонгосон” гэсэн. Зах зээлийн хуулиар бол харин монополь ганц биш олон аж ахуйн нэгжийг өрсөлдүүлж байж үнэ барьдаг ямар бодлого ҮХААЯ бариад байгааг хэлж өгнө үү. Юутай ч хаврын урт өдрүүд эхлэх нь дээ. Махгүй бүсээ чанга бүслэх вий дээ.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: