Атаархах зүйл үгүй

Хойд Солонгосын жирийн иргэдийн амьдралын талаарх шилдэг ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа.
Нээрээ бид бас ийм байдалд байсан шүү дээ гэж өөрийн эрхгүй халагламаар, ах дүү хэмээгдэн асан тэр ард түмнийг хайрлан өрөвдмөөр, тогтолцоог нь үзэн ядаж цухалдмаар, өөрсдийгөө зэрэгцүүлэн бодож харьцуулмаар, алмайран гайхмаар, итгэж ядмаар…
Барбара Демикийн “Атаархах зүйл үгүй” хэмээх номыг уншихад дээрх бүх мэдрэмж төрөх аж. 2010 онд БИ БИ СИ-гийн шилдэг номын шагналыг авсан энэхүү бүтээлийг орчуулагч Шаравдоржийн Энхжаргал монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн байна.

Барбара Демик Өмнөд Солонгост Лос Анжелес Таймс сонины сурвалжлагчаар ажиллаж эхлэхээсээ л Хойт Солонгосоос зугтаж ирсэн хүмүүстэй уулзан, ярилцаж эхэлжээ. Ингээд уулзсан бүх хүнээсээ нийгмийн өөр өөр давхаргыг төлөөлөх хэд хэдэн хүнийг сонгон авч номдоо оруулсан аж. Номыг нь уншууртай болгож байгаа хамгийн гол онцлог нь улс төрийн том онол, таавар энэ тэр дэвшүүлсэнгүй, ердөө л жирийн иргэд тэнд хэрхэн аж төрдгийг чухам тэнд бүх насаараа амьдарсан хүнээр яриулсанд нь л оршино.

Уншигч харин өөрөө тэр бүгдээс ажиглах зүйлээ ажиглаж, дүгнэлтээ гаргах ёстой. Бага насны хүүхдийн сурах бичгийн агуулга, хичээлийн тухайд л гэхэд цэцэрлэгийн багш байсан Ми Ран бүсгүйн ярьсныг толилуулахад байдал тодорхой. Жишээ нь:

… Цэцэрлэг 8 цагт ажиллаж эхэлнэ. Нүүр дүүрэн инээмсэглэн, хүүхдүүдээ угтаж аваад хуваарьт суудалд нь суулгасныхаа дараа Ми Ран баян хуур хөгжмөө авчрав. Багш нар баян хуур хөгжим тоглож сурах шаардлагатай, Багшийн сургууль төгсөхдөө Ми Раны өгсөн хөгжмийн шалгалт гэж өмнө бичсэн маань баян хуурын шалгалт байсан юм. Тоглодог л бол хэн ч бай баянхуур хөгжим үүрээд барилгын талбай зэрэг биеийн хүчний хөдөлмөр эрхэлж буй газар ажилчдыг дэмжих, урамшуулах зорилгоор хувьсгалт маршийн ая тоглох нь түгээмэл учир “ард түмний хөгжим” хэмээн нэрлэдэг ажээ. Ингээд багш нар хүүхдүүдтэйгээ хамт “Бидэнд энэ дэлхийд атаархах зүйл үгүй” хэмээх алдарт дууг дуулна.

Эцэг минь, бидэнд
Энэ дэлхий дээр атаархах зүйл гэж үгүй
Бидний гэр намын ивээлд буй
Бид бүгд ахан дүүс
Хөөрхөн хүүхдүүд минь
Аюулт галын дөл ойртон ирсэн ч бүү ай
Хүндэт эцэг минь бидэнтэй байна
Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй

… 1977 онд бичсэн Социалист Боловсролын тухай Илтгэлдээ Ким Ир Сен “Зөвхөн ухаалгаар боловсруулсан улс төр, үзэл суртлын мэдлэгийн үндсэн дээр ард түмэнд шинжлэх ухаан, технологи болон биеийн тамирын боловсролыг амжилттай олгоно” хэмээжээ. Хүүхдүүд уншиж чадахгүй тул Ми Ран удирдагчдын сургаалаас уншин өгч, цээжлэх шаардлагатай мөрүүдийг нь дагуулж уншина. Өхөөрдмөөр хөөрхөн жижигхэн амьтад Ким Ир Сений үгнээс татсан ишлэлүүдийг шингэн хоолойгоор даган унших нь томчуудын хайрыг хүргэж, сонссон хэн бүхэн өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Үзэл суртлын хичээл дууссаны дараа хүүхдийн сэтгэхүйд арай ойр хичээлүүдийг зааж эхэлнэ. Гэхдээ хүүхдүүд ямар ч хичээл үзэж байсан агуу их удирдагч сэтгэл зүрхэнд нь үргэлж ойрхон,байнга хамт байдаг байв. Математик, газарзүй, унших бичиг, дуу хөгжим, зураг гээд бүхий л хичээл заавал их удирдагчийг шүтэж, дайсныг үзэн ядах талаар ухуулсан утгатай байна. Нэгдүгээр ангийн математикийн өгүүлбэртэй бодлогод:

• Найман хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг магтсан сүлд дуулал дуулж байна. Нийт хэдэн хүүхэд дуулж байна вэ?
• Солонгосын Ардын Армийн гурван цэрэг Америкийн гучин цэргийг буудан устгажээ. Хэрэв цэрэг тус бүр адил тооны цэргийг буудан хөнөөсөн бол нэг цэрэг хэдэн Америкийг устгасан бэ? гэсэн байх жишээтэй.

Бас нэгдүгээр ангийн дуу хөгжмийн хичээл дээр “Янки зулбасгануудыг буудацгаая” гэдэг дуу заадаг.

Эгнэгт бидний дайсан бол
Эх орныг минь булаан эзлэхээр санаархах
Америк зулбасганууд
Өөрийн гараар хийсэн буугаар
Тэднийг би буудна. Пүн Пүн Пүн.

Зохиогч номоо “Атаархах зүйл үгүй” хэмээн нэрийдсэний учир нь дээрх хүүхдийн дуу юм. Энэ дуу нь бүх хүүхэд бараг хэлд орохдоо л сурдаг, манайхаар бол “Маамуу нааш ир” нь. Ийм үзэл сурталжсан дуу сонсож хэлд ороод, цэцэрлэг бага ангиасаа ийм тоо бодож, ном уншиж боловсроход их удирдагчаа шүтэхээс өөр ямар ч аргагүй болдог ажээ. Тийм ч учраас өлсөж үхэж байхдаа хүртэл намаа магтсаар төгсдөг байна. Өлсгөлөнгийн тухай хэсэг бол энэ номын хамгийн жихүүцмээр, айдас төрүүлсэн хэсэг нь юм.

Тэр их өлсгөлөн, үзэл суртлын дунд нандин сайхан хайр ч байсан тухай бас номд бий. Ми Ран, Жун Сан хоёрын хайр сэтгэлийн түүх номын нэг гол шугам. Жун Сан нь Өмнөд Солонгос руу зугтахдаа Монгол улсаар дайрах бөгөөд тэндээс Монгол улс хоёр Солонгосын асуудалтай ямар нөхцөлөөр холбогддогийг ч мэдээд авч болно.

Монгол уншигчдын хувьд дэлхийн бусад улсынхтай харьцуулахад энэхүү номыг илүү ойр хүлээн авч, ойлгох бол уу гэж бодож байна. Учир нь тэдний бага нас эгээ л бидний адил, пионер, эвлэлд элсэж байгаа, нам гэгч хир чухал болох гээд л адил тал ихтэй, бас систем задармагч хэцүү болж эхэлсэн буюу манайхнаар бол картын бараанд ордог үе нь яг адил, харин манайхаас ялгаатай нь чухам тэр үеэс хойш тэд буруу замаа хадгалаад явчихсан, тэгээд л мөнөөх аймшигт өлсгөлөн, бүх зүйл эхэлнэ дээ.

За тэгээд уншигч та өөрөө уншаад үнэлгээгээ өгнө биз ээ. Ямар ч байсан үе үе Хойд Өмнөд Солонгос дахиад л муудалцлаа гэсэн мэдээ гараад л, саяхан л гэхэд Хойд Солонгос хоёр ч экс сайдаа цаазаар аваачлаа гэж зарлаад л байгаа яг энэ үед тэнд үнэндээ юу болоод байгааг тус ном маш тод хэлээд өгөх юм билээ. Энэ оны заавал унших ном бол Барбара Демикийн “Атаархах зүйл үгүй” мөн.

Дашрамд дурдахад орчуулагч Ш. Энхжаргал нь боловсролын болон олон улсын байгууллагуудад олон жил ажилласан манай англи хэлний тэргүүлэх сэхээтний нэг бөгөөд энэхүү номыг зүгээр нэг сонирхолтой юм байна гээд дур мэдэн барьж аваад орчуулчихсангүй, зохиогчтой нь олон жил холбоотой байж, найз нөхөд болсны үндсэн дээр эрхийг нь албан ёсоор авснаараа бас онцлог юм. Номыг Аз хур, Интэр ном, Билэг их дэлгүүрийн номын тасаг, Мөнгөн ном, Эрдэм дэлгүүр, УИД-ийн номын тасаг, Мир, Ухаан далай зэрэг дэлгүүрээс худалдан авч уншиж болохоос гадна орчуулагчтай шууд 9989-1955, 8800-1969 утасаар холбогдон авч болно.


URL:

Сэтгэгдэл бичих