Азид дэлгэрсэн муу зуршил Монголд халдварлажээ
Хар тамхины хэрэглээ хөгшин Европоос хальж Азид хүрээгээ тэлэх болсныг УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэг Мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулав. Нэг ёсондоо Азид хар тамхи худалдаалах, мансуурах бодисыг хэрэглэх гэмт хэрэг тасралтгүй өсч байгаа бөгөөд үүнд Монголын иргэд өртөн хохирогч болсоор байгаа аж. Өнгөрөгч онд л гэхэд энэ төрлийн хэрэгт манай улсад 171 хүн шалгагдаж, 38 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт холбогдогсдын 80 хувь нь 18-35 насныхан гэнэ. Мөн гадаадын цөөн иргэн хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэргээр мөрдөнгийн хаалгыг татаад байгаа гэнэ.
Мөн мансуурагчдын тоо өссөн хийгээд нас залуужсаар байгааг судлаачид хэлж, анхааруулсаар байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд ч иргэд мансуурсан тухай мэдээлэл байнга бүртгэгдэх болсон. Өнгөрсөн өдрүүдэд ч энэ төрлийн хэрэг цөөнгүй бүртгэгдсэн байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б мансуурч байгаад амиа алджээ. Тэрбээр сав, шаазан эдлэл угаах зориулалттай “Гайхмаараа” шил угаагч шингэн бодисыг уусан нь амиа алдахад нөлөөлсөн аж. Уг хэрэг энэ сарын 14- 15-нд шилжих шөнө гарсан бөгөөд хохирогч Б нь 23 настай нэгэн байж. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байшингийн дээвэр дээр үл таних хүн толгойдоо гялгар уут угласан байдалтайгаар нас баржээ. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр хохирогч нь хий үнэрлэж байгаад нас барсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн дунд сургуулийн сурагчид ч цавуу үнэрлэх, унтуулах үйлчилгээтэй эм бэлдмэл хэрэглэх нь ихэссэн. Энэ мэтээр залуусын дунд мансуурах явдал өсч байгаа ч үүний эсрэг төр дорвитой ажил зохиож чадахгүй байна.
Хар тамхи сөрөг нөлөө ихтэй. Наад зах нь элэг цөс, дотор эрхтэн, хараа, сонсгол муудна. Арьс хуурайшиж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ. Дэлхий нийтэд хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг төгс эмчилж чадахгүй хэвээр байгаа. Манайд бол бүр ч чадахгүй. Тийм хэдий ч мансууруулах бодисын хэрэглээ буурах биш ийнхүү өссөөр байна. Хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины хэрэглээ хэр байгааг судалжээ. Судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис буюу тайвшруулагч мансууруулагч бодис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан байх юм. Мөн 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байжээ. Манай улс анхны судалгаагаа 1999 онд хийж байсан бөгөөд 45 хүн хэрэглэгч байсан бол одоо 10 мянга болж өссөн гэнэ. Мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг. Ялангуяа, буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан гэмт бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ явуулах нь нэмэгддэг аж. Гаднынхны нүдээр бол Монголын эдийн засаг буурай, хууль эрх зүйн орчин нь хангалтгүй байгаа. Энэ утгаараа гаднын оронд Монголын иргэд хохирогч болох нь элбэг гэдгийг хуулийн байгууллагын хүн ярьж байна. Тухайлбал, хил дээр таарсан хэн нэгэн нутаг нэгт чинь чамд хандаж “Энэхүү чемоданыг хил гаргаад өгөөч” хэмээн гуйна. Харин энэ үед манайхан гэнэдэж чемоданыг нь зөөвөрлөөд гэмгүй атлаа хэрэгтэн болдог байна. Нөгөө талаар энэ үйлдлийн цаана асар их мөнгөн дүн яригддаг учраас манай иргэдийн олонхи нь сайн дураар хар тамхи зөөх ажилд оролцоод азгүйтдэг байна. Учир нь гаднын орны хил гаалийн чагнах, шалгах төхөөрөмж нь өндөр хөгжсөн, хар тамхи мансууруулах төрлийн бодисыг шууд илрүүлэх хүчин чадалтай байдаг гэнэ. Гэтэл манайхан үүнийг бодолцолгүй их мөнгөн дүн сонсоод өөрсдийгөө эрсдэлд оруулдаг байна. Гаднын оронд хар тамхи зөөх, тээвэрлэх, хэрэглэх нь онц хүнд гэмт хэрэгт тооцогдож өндөр ял оноодог. Монголоос бусад дэлхийн улс орнуудад хар тамхи тээвэрлэсэн хэрэгт хамгийн багадаа 25 жилийн ял оноодог бөгөөд ихэнхдээ бүх насаар нь хорьж, эсвэл цаазаар авдаг.
Хар тамхинд донтсон хийгээд их мөнгөний амлалтад итгэж зөөх ажилд орсон хүн өглөөнөөс эхлээд орой унтах хүртлээ ганцхан үүнийхээ л төлөө явдаг аж. Манайхан ингэж насан туршдаа зовохгүйн тулд ганц удаа үгүй гэж хэлэх хэрэгтэй аж. Ингэж чадвал өөрийгөө эрсдлээс хамгаалж буй хэрэг гэнэ.
URL: