АНХНЫ ЕРӨНХИЙЛӨЛ БУЮУ ТҮРҮҮЛЖ СЭРСЭН ГУЙЛГАЧИН
Тэр бол хамгийн сэргэлэн нь. Зальтай овжин нь. Энэ чанараа хээгүй, гүндүүгүй гэх хоч, хэв шинжээрээ нуун далдалж чаддаг нэгэн. Түүнд их том алсын хараа гээд байх зүг чиг байсангүй. Өөрийн хэрээс давж хэтийдсэн зорилго, амбиц ч байгаагүй. Тэр анхных нь учраас урьтаж, өрсөж болох тэр л хүрээний ажлуудыг барьж авсан. Түүнийг Ерөнхийлөгч болж байх он цагт Монгол орон буй дүрээрээ “алтан дээр сандайлсан гуйлгачин” байв. Харин анхны Ерөнхийлөгч маань сандайлж буй алтаа бусдад зарж, гэдсээ борлуулах арга замыг “Алт” хөтөлбөрөөрөө нээлээ. Тодорхой хэлбэл, тэр “түрүүлж сэрсэн гуйлгачин” юм. “Би гуйлгачин баймааргүй байна. Сандайлж буй алтаа зарж, баяжиж хөлжие” гэж хамгийн эхэнд орилсон овжин П.Очирбат одоо Монголын толгой баячуудын нэг болжээ.
Бүсээ чангалахаас аргагүй өлөн зэлмүүн зах зээлийн ширүүн шуурганд улс орон, ард түмнээ сөхчүүлэн туйлдуулчихалгүй авч гарсан алдар гавьяа түүнд оногдоно. Гэвч энэ нийтлэлийн өнцөг бол ерөнхийлөл. Ерөнхийлнө гэдэг нь бөөрөнхийлнө гэсэн үг биш. П.Очирбатын гавьяа хийгээд балгийг түүх дэнслэх хэдий ч түүний ерөнхийлсөн гол ажил өнөөдөр Монгол Улсад тийм ч сайшаахаар үр дагаврыг авчирсангүй.
Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгээд буй гэх баримт бол шуудхандаа түүний эхлүүлсэн балаг. Тэр хэтэрхий овжин байсны харгай. Мань эр өөрөө геологи, уул уурхай талын мэргэжилтэй, бүр салбарынх нь сайдын албыг хашиж явсныхаа хувьд “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд нь дөхөм үзүүлсэн хэрэг. П.Очирбат соц нийгмийн үед хийгдсэн бүх л геологийн хайгуул судалгаа, нөөц нь тогтоогдсон ордуудын талаар мэдээлэлтэй байсны хувиар сандайлж буй алтнаасаа атгаж эхэлсэн юм. “Түрүүлж сэрсэн гуйлгачин” хэмээн оноосны учир ч ийм. Хэрэв түүний ерөнхийллийн үед хийгдсэн балгийг гэмт хэрэг гэж тооцох аваас П.Очирбатын зүйлчлэлийг шунахайн сэдэл гэж үзэх байсан биз. “Алт” хөтөлбөрийн хамаг балаг нь газар нутаг балран сүйдсэнээр зогсохгүй ээ. Монголын үнэт баялаг болох тонн тонн алт ямар ч татвар, хяналтгүйгээр гадагшаа урсан одсон юм.
Тэрбээр алт, орд газруудын лицензийг танил тал хийгээд ойр хүрээнийхэндээ хамгийн түрүүнд тарааж эхэлсэн байдаг. Улс төрийн намуудыг далдаас санхүүжүүлж байдаг уул уурхайн магнатууд тийн төрсөн түүхтэй. П.Очирбатыг Төрийн тэргүүнээр ажилласан 1992 оны есдүгээр сараас 1997 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “МАК”-ийн Б.Нямтайшир зэрэг сар бүр Солонгост очиж казино тоглодог, нэг тэрбум төгрөг намын байранд хандивладаг, сайдын суудал худалдаж авдаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд буй болсон юм. Нөгөөх “алтан дээр сандайлсан гуйлгачид” дундаас эдгээр эрхмүүд дэмий нэг, санаандгүй хувь тохиолоор товойн гарч ирээд “алтаар гулгисан баячууд” болон хувирсан гэж үү. Тэр үед л П.Очирбатын овжин зальжин, хувь хишиг хүртэмтгэй, хор хутгамтгай чанар товойн тодорсон болов уу. Эдгээр зан чанарыг нэгтгэж орчуулах аваас мөнөөх лобби гэдэг үг болой.
П.Очирбат бол өдгөө цагийн мэргэшсэн лоббичин. Өдгөө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдын албан ёсны лобби төлөөлөгч болоод байгаа бол ерөнхийлж асан он жилүүддээ албан бусаар асар олон лобби хийсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш хэмээн өөрийгөө өмгөөлж, бусдаар хамгаалуулдаг экс Ерөнхийлөгч П.Очирбат нэг л өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд эзэмшдэг болж таарсан. Тэрхүү орд газрынхаа нөөцийг ашиглаж бараг дуусгаад хятадуудад 800 мянган ам.доллараар зарснаар энэ нь ил болж билээ. Ерөнхийлөгч байсан хүн мөнгө олж, бизнес хийж, уул уурхай эзэмшиж болохгүй юу гэж адрах болуужин. Гэвч лицензийг нь олж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, ашиг сонирхлын зөрчлийнхөө үр шимээр баяжсан эсэхийг шалгаж нягтлах л ёстой мэт. “Алт” хөтөлбөрийн буруу байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй алт ухагчид, нинжа нараас л болж миний санасан, сэдсэн ажил ийм балагтай боллоо гэж ярьдаг П.Очирбат өөрөө дээрх Батширээтийн орд газраа ашиглачихаад огт нөхөн сэргээлт хийгээгүй ажээ. Гэвч угийн зальжин учраас нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ялд унахгүйн тулд хятадуудад зарж, нэрээ цэвэрлэсэн хэрэг.
Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг таван жил хашаад буусан ч тэрхүү албыг ашиглаж өөрийн байнгын ажил, орлогыг бий болгосон нь түүхэн үнэн юм. Ашиг сонирхлын зөрчил гэх нэр томъёо нь ч нэвтрээгүй байхад тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй олон шийдвэрийг гаргасан. Түүнийхээ үр шимийг хүртэж, тэр өдгөө ашиг сонирхлоо ил цагаан илэрхийлчихсэн тууж яваа. Одоо тэрбээр Монголын уул уурхайн Ассоциаци хэмээх байгууллагыг нам болон санаа нэгт нөхөр До.Ганболдын хамт удирдаж буй. Тэд БНХАУ-д Монголын уул уурхай, ашигт малтмалын лицензүүдийг худалддаг байж магадгүй гэх хардлага бий. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд До.Ганболдын зарсан лицензийн тухай баримтыг нэг удаа дэлгэж байсныг бодолцвол энэ нь үнэний хувьтай биз.
Нөгөөтэйгүүр, улс орны үндэсний аюулгүй байдал, ард олон баялагтаа эзэн суух гэх мэт үг П.Очирбатад огтоос хамаагүй, хахь хөндий болж хувирсан нь хачирхалтай. Тэрбээр хүний хүн шиг зан гаргах болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах санаархал л ил тод цухалзах болсон юм. Тухайлбал, мөнөөх Оюу толгойг эзэмших хүсэл зорилготой гадаадынхан юм л бол П.Очирбатыг өмнөө барих цагаан хоолойгоо болгож хувиргасан. П.Очирбат “Оюу толгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэггүй. Гэрээнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Оюу толгой Монголын эдийн засагт асар их үр дүн өгнө. Өмнийн говь дэд бүтэц өндөр хөгжсөн аж үйлдвэрийн асар том бүс нутаг болж хувирна. Олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө” гэх мэтээр жинхэнэ улаан булангийн ухуулагч шиг сэнхрүүлдэг. Тэртээ 1990-ээд оны эхэнд нэг нөхөр яг ингэж л ярьдаг байсан. Ингэж ярьж байгаад л газрын доорх баялгийг ухаж төнхөх, зарж арилжих хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хоёр нөхөр хоорондоо тун ч адилхан байгаа биз. Аргагүй шүү дээ. Нэг хүн юм чинь.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэгдэж явсан төрийн тэргүүн хүн төвийг сахихын оронд хэт нэг талыг баримталж, бүр эх оронч биш үзэл баримтлалыг сурталдаж буй нь энэ. Бүхэл бүтэн төрийн тэргүүн нь хариуцлагыг умартсан хөтөлбөр зарлаж, улмаар зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан лобби бүлгийг манлайлаад сууж байгаагийн цаана ямархан хүнийрхэл нуугдана вэ.
1997 онд Ерөнхийлөгчийн албаа өгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан. Удалгүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Үүнийхээ хөлсөнд уг ордоос хувь эзэмших болсон гэдэг. Ерөнхийлөгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног өрөмдөн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжүүлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон байдаг. Өдгөө тэрбээр Тавантолгой орд газрын хамгийн баялаг нөөцтэй хэсэг болох Ухаа худгийг эзэмшиж буй “Энержи ресурс” компанийн ТУЗ-д багтаж, бодлогыг нь боловсруулалцаж байгаа. П.Очирбат энэ компанид зөвлөгөө өгөөд, сард 30 мянган ам.доллар халаасладаг гэж байгаа. “Алтайн хүдэр” компани түүний хүргэнийх. Ерөнхийдөө нэг иймэрхүү.
Д.Дорно
URL: