Экспорт харлах бус шарлана
-2020 он гэхэд баяжмалын зах зээлд 2.5 сая тоннын зэсийн хомсдол үүснэ-
Манай улсын экспортын 97 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүн дотроо чулуун нүүрс, зэс, төмрийн хүдэр ба баяжмал, түүхий нефть зонхилж буй. Өнгөрсөн хугацаанд экспортын өнгийг нүүрс тодорхойлж байсан. Тэгвэл нүүрс халаагаа өгч, зэс эргэн ирж байна. Экспорт харлах бус шарлах шалтгаан гарч ирлээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 30 хүртэлх хувиар буурсан, Төмөр замын төсөл гацсан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, дотоодын нүүрсний компаниудад санхүүгийн бэрхшээл тулгарч эхэлсэн, урд хөршийн нүүрсний эрэлт буурсан гээд нүүрс тааруухан амжилт үзүүлэх боллоо. Мөн уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт багасаж, “чөдөртэй” хууль чөлөөт зах зээлийн орон зайг эвдэж эхэллээ. Энэхүү уул уурхайн салбарыг тойрсон ээдрээ нүүрсийг дөнгөлж, зэсийг зэмлэх болов. Гэсэн ч зэм хүртсэн зэс дөнгө зүүсэн нүүрснээс түрүүлэх нь мэдээж. Тиймээс экспортын өнгийг зэс, зэсийн баяжмал тодорхойлох бололтой.
Зэс экспортыг өнгөлөх дөрвөн шалтгаан бий. Үүнд, Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллартай тэнцэж, ханшаа тогтвортой хадгалах болсон, Оюутолгой зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн, Эрдэнэт үйлдвэрийн экспортын орлого өссөн, БНХАУ-д зэсийн эрэлт үүссэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэсээс олж болох ашгийн “алтан үе” айсуй. Зэсийн үнэ дунд болон урт хугацаандаа өөдрөг байна хэмээн шинжээчид дүгнэж буй. Тиймээс нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голчлон анхаарах цаг хэдийнэ болжээ.
Монгол Улс цэвэр зэсийн 36.3 сая тонн нөөцтэй. Таамаг нөөц нь 1.2 тэрбум. Зэсийн түшиц орд нь Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт. 2020 он гэхэд дотоодын зэсийн нийт олборлолт хоёр дахин өсөх тухай Ашигт малтмалын газрын судалгаа бий. Энэхүү өсөлтийн 70 гаруй хувь нь Оюутолгой ордод ногдож буй. Манай улсын эдийн засаг Эрдэнэт, Оюутолгой ордоос төсөвт эзлэх зэсийн хувиас ихээхэн хамаарна. Эрдэнэт үйлдвэр 2011 онд 519 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 911.6 сая ам.долларын экспортын орлого олсон. Энэ нь манай улсын эрдсийн нийт бүтээгдэхүүн экспортын орлогын 36.8 хувийг эзэлж байна. Тэгвэл удахгүй Оюутолгой төсөл зэсийн баяжмалаа гадаад зах зээлд гаргаснаар экспорт харлах бус шарлахад түлхэц болох юм. Өмнө нь экспортын орлого нүүрсээр төрөлжиж байсан бол ирэх жилүүдэд Оюутолгой, Эрдэнэтийн зэс гадаад худалдаанд түүчээлэх нь. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого нүүрснээс бус зэсээс хамаарах “урьдын шүтэлцээ” сэргэж байна.
Эрдэнэтийн орд дөрвөн сая тонн зэсийн нөөцтэй бол Оюутолгой 30 сая тонн зэсийн нөөцтэйг онцлон тэмдэглэе. “Дэлхийн боловсруулсан зэсийн нийт эрэлт хэрэгцээ 2020 он гэхэд 40 хувиар буюу 27 сая тонн хүртэл өсөх хандлагатай байгаа” гэж Оюутолгой компанийн Ерөнхийлөгч Камерон Макрей хэлсэн удаатай. Түүнчлэн 2025 он гэхэд Хятадын 221 хот нэг саяас багагүй хүн амтай болох бөгөөд үүнээс 23 нь таван саяаас илүү хүн амтай болох аж. Энэ нь манай эдийн засагт төдийгүй зэсийн эрэлтэд эерэг байдлаар нөлөөлөх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Хятадаас үүдэлтэй урт хугацааны эрэлт хэрэгцээ үүсэж байна. Тухайлбал, 2025 он гэхэд урд хөршид 4-5 сая шинэ барилга байшин барьсан байхаар төлөвлөжээ. Энэ нь 50 мянган тэнгэр баганадсан өндөр барилгын хэмжээнд буюу Нью-Йорктой дүйцэх арван хот барихтай тэнцэх юм. Мөн Хятад дахь хайлуулах үйлдвэрийн хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдсэнээр 2020 он гэхэд баяжмалын зах зээлд 2.5 сая тоннын зэсийн хомсдол үүсэх таамаг гарчээ.
Б.Баяртогтох
URL: