УИХ-ын 76 дахь гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулиар тодорхой болно

uihhhhssУИХ-ын 76 дахь гишүүнийг  Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 26 дугаар тойргоос сонгоно. Өөрөө хэлбэл Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, Ардын намаас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нарын хэн нэг нь парламентын 76 дахь гишүүн болон Төрийн ордонд орно гэсэн үг юм. УИХ-ын сонгуулийн үеэр тус тойрогт нийт 113983 саналыг сонгогчид өгсөн. Үүнээс Л.Эрхэмбаяр 30659, Д.Сумъяабазар 28521 сонгогчийн санал авсан юм. Энэхүү саналын тоог аль аль тал нь хүлээн зөвшөөрч байгаа ч нэр дэвшигч Л.Эрхэмбаяр сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүний үнэмлэхээ авах бүрэн боломжтой гэж үзэн маргаан үүсгээд байсан юм. Анхан шатны шүүх Л.Эрхэмбаярын УИХ-ын гишүүний үнэмлэх олгох эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэж хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн. Иймээс 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах тогтоол хүчинтэй байгааг шүүхээс шийдвэрлэсэн юм. Уг нь өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар тус тойрогт дахин санал хураалт явуулах байсан ч шүүхийн шийдвэр гараагүй гэх шалтгаанаар хойшлуулсан. Харин одоо шүүхийн шийдвэр гарсан учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтыг явуулах нь. Үүнээс өмнө дахин санал хураалт явуулах нь төсөв хөрөнгийн асуудалтай холбоотой учир Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь хийх тухай шийдвэр гаргасан. Харин санал хураалтыг хамтатган явуулснаар маргаан будлиан үүсвэл яах вэ гэдэг нь тодорхойгүй. Дахин санал хураалтаар хамгийн их санал авсан нь ялалт байгуулж, УИХ-ын гишүүнийхээ тангаргыг өргөх учиртай. Хэн орж ирэх нь Ардын нам, Ардчилсан намынхны аль алиных нь эрх ашгийг хөндөж буй нь тодорхой юм.

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Эрхэмбаярыг сонгуулиар намдаа ялалт авчраагүй учир хариуцлага тооцон албан тушаалаас нь огцруулж түүний оронд Ө.Пүрэвбаатарыг томилсон гэх мэдээлэл байсан. Үүнийх нь дараа Л.Эрхэмбаяр хуралдаан зарлаж, М.Чинболдод намын даргын тамгыг гардуулан өгсөн юм. Харин намын хорооных нь гишүүд эрхзүйн чадамжгүй болчихоод тамгаа өөр хүнд гардуулсан гэж шүүмжилсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын улс төрийн ажилтан н.Нямтулгаас тодруулахад “Манай дүүргийн Ардчилсан нам өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд хурлаа хийн намын даргаа томилсон. М.Чинболд гишүүдийн гуравны нэгийн саналыг авч Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга болсон юм. Үүнээс өмнө зарим хүн хууль бус хурал зарлан намын даргыг томилсон байсан. Бид тэдэнд дүрмийн дагуу хурлаа хийе гэдэг л саналыг тавьсан шүү дээ” гэсэн юм. Шинээр томилогдсон М.Чинболдыг Л.Эрхэмбаярын “хүн” гэж ярьдаг юм билээ. Хэл амтай томилогдсон М.Чинболд намын дүрмийн хүрээнд намын дэд даргыг сонгох эрхийн дагуу Ардчилсан намын “5А” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор таван дэд даргыг санал болгон батлуулсан байна. Тус намын хэсэг залуус Л.Эрхэмбаярыг Сонгинохайрхан дүүргийн намын хороог “өмчилсөн”, тиймээс залуучуудаар удирдуулах хэрэгтэй хэмээн шүүмжилж байлаа. Гэсэн хэдий ч тус дүүргийн Ардчилсан намынхан М.Чинболд гэх шинэ даргаар удирдуулан ажиллахаар болов. Л.Эрхэмбаярын зарлан хуралдуулсан хурал нь дүрмийн дагуу гэдгийг намынх нь зарим гишүүн хэлсэн юм. Ямартай ч Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга болон УИХ-ын нэг гишүүний асуудал ийнхүү шийдэгдэх шиг боллоо.

 

Ц.Энхцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих