Замын ажилд 462,5 тэрбум төгрөг төсөвлөжээ

kossНийслэлийн Удирдлагын зөв­лөлийн өргөтгөсөн хурал өнгөрсөн баасан гарагт болж энэ онд шинээр барих авто зам болон замын барилгын ажлын төсөл арга хэмжээний талаар хэлэлцжээ.  Уг хуралдаанд  дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа агентлагуудын дарга нар оролцсон юм. Энэ жилийн хувьд шинээр буюу он дамжин хэрэгжих нийт 45 авто зам, замын барилгын ажил байгаа бөгөөд 462 тэрбум 497 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 75.5 километр авто замыг шинээр барих юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн  улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мөн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх гэж байгаа ажлууд аж. Үүнээс гадна гадаадын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэд, хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто зам, гүүрийн өргөтгөл, шинэч­лэлтийн ажил хийх юм байна.

Энэ талаар нийслэлийн За­саг даргын Зам, тээвэр, дэд бүт­цийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулсан юм. Үүний хариуд удирдлагын зөвлөлийн гишүүд “Хотын авто зам, за-мын байгууламжийг өргөтгөж шинэч­лэх, засварлах үед шугам сүл­жээтэй холбоотой хүндрэлүүд маш ихээр гардаг. Тухайлбал зам засаж дууссаны дараа дулааны ч юм уу,  цахилгааны шугам сүлжээнд гэм­тэл гарлаа, шинэчлэх гэж байна гэх мэтээр зассан замыг эргэж хуулах, гэмтээх тохиолдол  түгээмэл байдаг.  Энэ хариуцлагагүй байдлыг халахын тулд эхнээсээ маш нарийн төлөвлөгөө, график гарган ажиллах хэрэгтэй” гэсэн саналуудыг гаргаж байсан юм. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга “Зам засварын ажлыг хугацаанд нь эхлүүлж төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхнь чухал. Зам засварын ажил хугацаандаа дуу­саагүйгээс болж дараа дараагийн ажил эхлэхэд хүндрэл үүсдэг. Энэ нөхцөл байдал нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулдаг. Тиймээс сонгон шалгаруулалтаа яаравчлан эхлүүлж, засварын ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр онцгойлон анхаарч ажиллах ёсто” хэмээн хол­богдох албан тушаалтнуудад санууллаа. Харин замын ажил удааширдаг байдлыг нийслэлийн Авто замын газрынхан “Зам засвар, арч­лалт шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах үед шугам сүлжээний байгууллагууд  техникийн нөхцлийг гаргаж өгдөг боловч хугацаа нь 1-6 сар буюу маш удаан байгаа учраас зам засвар барилгын ажлын явцыг удаашруулдаг. Мөн шугам сүлжээний байгууллагууд техникийн нөхцөл өгөөд тэрнийх нь дагуу ажлын зураг боловсруулаад ирэхээр дахин өөрчилдөг.  Зарим тохиолдолд өгсөн техникийн нөхцлөө гурван ч  удаа өөрчлөх үе бий. Энэ нь хугацаа их  алдуулдаг” хэмээсэн юм.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих