Ерөнхийлөгч өө, үнэнийг дэлгээч!

erunhiioooloogggМонгол Улсын Ерөнхийлөгч нэгэн ноцтой мэдээл­лийг ярилцлагаараа дам­жуу­лан олон нийтэд хүр­гэлээ. Тэрбээр “Их өрийг тэг­лэх хэлэлцээр дээр Эр­дэнэт үйлд­вэрт Монголын талын эзэмшлийн хувь бараг 70 хувьд хүрч байсныг буцаан ухраагаад 51 хувь дээр цар­цаа­сан” хэмээсэн бай­на. Энэ бол маш ноцтой асуудал. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн хэлсэнчлэн Оюу­толгойн ордын ашиглалтын лицензийг их өрийг тэглэхдээ Фрийдландад барьцаалсан нь, мөн өр тэглэх хэлэлцээр дээр “Эрдэнэт” үйлдвэрийн 70 орчим хувь нь Монголын эзэмшил байхаар болж байсан хэлэлцээрийг царцаасан нь үнэн бол Н.Энхбаяр үнэхээр Монголын ард түмний өмнө дааж давшгүй нүгэлтэн, төлж баршгүй өртэй аж. Гэх­дээ энэ бол хэн нэгний, тэр ч байтугай эдүгээгийн Ерөн­хийлөгчийн хэлснээр батлагдах факт биш. Үүнийг нотлох ёстой.

 

Түүнчлэн Олон улсын валютын сангаас хүртэл “Бохир юм орчихлоо” гэж анхааруулж байсан гэнэ шүү.  ОУВС бол маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, хариуцлагатай байгууллага. Тэд дэгс зүйлээр мэдэгдэл хийх учиргүй. Тэгэхээр энэ бүхнийг ил болгохыг Монголын төр, ард түмэн Төрийн тэргүүнээсээ ч, ОУВС-аас ч шаардах эрхтэй.

Өнөөдөр бидэнд юу тодорхой вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэр үеийн үед Монгол, Оросын эрх баригчдын мэдэлд байсаар ирсэн. Нөлөөллийн хувьд ч тэр л төвшинд яриад шийдчихдэг. Тухайлбал 2006 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалтын үеэр тухайн үеийн Ерөн­хийлөгч Н.Энхбаяр “Эрдэнэтээс гэнэтийн ашгийн татвар авсанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмзэглэж байгаа хандлагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтарсан үйлдвэрээс нэг тал нь татвар авахдаа нөгөөдөө ядаж мэдэгдэж болдоггүй юм уу гэсэн” хэмээн ярьсан удаатай. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал уг хуулийг батлахдаа В.Путинд “айлтгах” байсан бололтой юм. Ийм яриа хөөрөө урьд нь ч байсан, одоо ч байгаа. Цаашид ч байх л болов уу. Харин Монголын талын эзэмшил 70 хувьд хүрсэн бол асуудал өөр байх байлаа. Ийм том бөгөөд чухал боломжийг хэн, яагаад алдав. Зөвхөн Н.Энхбаярын хийсэн ажил уу. Түүний зараалаар өөр хэн нэгэн боломжийг санаатайгаар алдах нөхцлийг бүрдүүлж “хэлэлцээрийг царцаасан” уу гэдгийг мэдэх эрх Монголын ард түмэнд бий. Тиймээс Ерөнхийлөгч Та нэгэнт ам нээсэн дээрээ баримтыг нь ч гэсэн дэлгэчихвэл яасан юм бэ.

“Эрдэнэт”-ийн асуудлыг Н.Энхбаяртай холбох олон сэжим байдаг. Тухайлбал УИХ-ын 2012 оны сон­гуулийн өмнөхөн нэгэн сайтад гарсан мэдээлэл анхаарал татдаг юм. Мэдээж тухайн үед сонгуулийн кампанит ажил, өнөөх “хар, цагаан пиар” гэгч нь гаарчихсан байсан болохоор уншигчид төдийлөн анзаараагүй байж магад. Гэвч хуулийн байгууллага шалгаад үзэхэд гэмгүй болов уу. Уг мэдээлэлд “Н.Энхбаярын нэр хаягтай Henlon компани 1.8 сая ам,долларын өр, авлага үүсгээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл шахааны бизнесээр Эрдэнэтийн мөнгийг гадаад, дотоодын компанийн данс руу хийгээд түгжсэн байна. Ийм загвараар дахиад 13 компани ажилласан байх юм. Ингээд өнөөдрийн байдлаар 90 сая ам.долларыг зүгээр л хог болгоод байгаа гэнэ. Тэдгээр луйврын ком­панийн дотор “Монгол спорт”, “Дэлгэрбалжин” гэх мэт жижиг гаруудын эзэмшлийн компани бас бий. “Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа Х.Оюунцэцэг ийм далд үзэгдэлтэй тэмцэх гэж эхний үед нэлээд хүч тавьсан боловч барсангүй. Сүүлдээ өөрөө хавчлагад ороод халагдаж магадгүй болжээ” гэсэн байна. Тэгэхээр Х.Оюунцэцэг үнэнийг хэлж мэдэх юм. Тэр чин шударга эмэгтэйгээс эхлээд бусад захирлаас асуухад үнэнийг хэлж л таарна. Гагцхүү асуух л оройтож мэдэх юм.

Өөр нэг асуудал. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2002 оны тавдугаар сарын 10-ны өдөр ту-хайн үеийн УИХ нэгэн тогтоол баталжээ. “Эрдэнэт” хамтарсан үйлд­вэрт хийсэн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай уг тогтоолыг батлахдаа 2001 оны долоодугаар сарын 14-ний 136 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцсэн аж. Гэхдээ УИХ-ын 2000 оны сонгуулийн дараахан уг шалгалтыг хийсэн байгааг анзаарна уу. “Эрдэнэт үйлдвэрийн 1999-2000 оны санхүүгийн баримтад хэсэгчилсэн байдлаар шалгалт хийхэд аж ахуйн гэрээг үйлдвэрийн эрх ашиг, ашигт ажиллагааны төлөө гэхээсээ илүү аж ахуйн нэгж, хувь хүмүүст ашигтай байхаар хийх, мөнгийг илүү шилжүүлэх, “Гэрээт ажил”, “Гэрээт ажлын урьдчилгаа” нэрийн дор мөнгөн хөрөнгийг завшуулах боломж олгох, үйлдвэрийн хөрөнгийг бусдад шилжүүлэх зэргээр ашиглан шамшигдуулах, ажлын хөлс, үр дүн гэдэг нэрээр их хэмжээний мөнгөөр өөрсдийгөө шагнах шийдвэр гаргах зэрэг албан тушаалын болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн байна” хэмээн уг тогтоолд дурьджээ. Ерөөсөө УИХ-д ялаад баярын нулимс нь хатаагүй байхдаа л “Эрдэнэт” рүү өнгөлздөг, үзлэг шалгалт хийдэг, идсэн уусныг нь илрүүлдэг ийм л парадокс үргэлжилсээр байгааг нь энэ тогтоолоос харж болохоор байна. Ингээд УИХ-ын тогтоолд юуны өмнө шалгалтын явцад илэр­сэн гэмт хэргийн шинж бүхий асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр тогтоосугай гэжээ. Мөн “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах үед Монголын талын авсан үндсэн зээл, түүний хүүгийн өрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад орлогоос тооцох, Монголын талын дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж байхаар заасны дагуу уг заалтын биелэлтийг гаргаж дүгнэлт хийхийг тухайн үеийн Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасан байна.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн хугацаа дуусгавар болох гэж байгаатай холбогдуулан, мөн түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувь оролцогчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн, уг үйлдвэр эдийн засгийн шинэ нөх­цөл байдалд ажиллаж байгааг харгалзан тус үйлдвэрийн талаарх хэлэлцээр, нэмэлт протоколын заалтуудыг нэгбүрчлэн дүгнэж хатаосан үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор заажээ. Түүнчлэн үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхид хохирол учруулахуйц гэрээ хэлцэл хийх, үйл ажиллагаа явуулах боломж олгож буй нөхцөл байдлыг таслан зогсоох талаар даалгаад тогтоолын биелэлтийг 2003 оны эхний хагас жилд багтаан УИХ-д танилцуулах, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/, Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/-д үүрэг бол­гож байсан аж.

Ингээд үүний дараа их өрийн асуудал эхэлсэн. Дээрх тогтоолд дурьдсан “Оросын талын хувь оролцогчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн” гэдэг нь мөнөөх 70 хувьд хүрэх шахаж байсан нөхцөл байдал биш биз.

“Хэрэв “голын нэг эрэг дээрх” хүмүүс гэрчлэх нь утгагүй гэж хардвал тухайн үеийн сөрөг хүчний томоохон лидер М.Энхсайхан, тэр ч байтугай энэ удаа уг ноцтой мэдээллийг сөхсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ч баримтаа дэлгэж болно шүү дээ”

Гэтэл их өр тэглэснийг чухал бус үйл явдал гэж үзэх арга бас үгүй билээ. Ардчиллынхан 1996-2000 онд төрийн эрхийг барьсан. Эвслийн Засгийн газар нь тогтвортой ажиллаж гадаад харилцааны асуудал шийдэх нь байтугай дотооддоо хөл дээрээ тогтож чадахгүй байсан билээ. Харин ч Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтад тухайн үеийн ОХУ-ын Ерөнхий сайдаас “Нийт өрийн 70 хувийг чөлөөлнө. Үлдсэн хэсгийг болон урсгал өрийг яаралтай барагдуул” гэсэн шаардлага бүхий захидал ирүүлсэн нь урьд хожид гарч байгаагүй том амжилт байв.

Ийнхүү гацаанд ороод байсан их өрөөр Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа оролдоод үзэхээр зориглосон. Чамлахааргүй толгой гэд­гээ харуулж 98 хувийг нь ший­дүүлэхэд нь монголчууд өөрсдөө өргүй болсон мэт иргэн бүр баярлаж байсан. Харин баярласандаа ямар наймаа хийчихэв гэж асуух сөгөөгүй байсан нь өнөөдөр харамсахад хүргэж байж ч мэдэх юм. Ямартай ч ганцаарчлан уулзаж М.Касьяновын чихэнд шивнээгүй л бол энэхүү дипломат наймааны талаар үнэнийг өчих гэрч цөөнгүй бий. Тэр тусмаа “чин шударга” гэж тодорхойлогддог гэрчүүд бий шүү.

Тухайлбал тухайн үеийн албан тушаалаар нь жагсаавал УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Т.Очирхүү, Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн дэд сайд С.Батболд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн сангийн дарга Ц.Даваасүрэн болон Элчин сайд С.Баяр. Сонирхолтой жагсаалт байгаа биз. Хэрэв “голын нэг эрэг дээрх” хүмүүс гэрчлэх нь утгагүй гэж хардвал тухайн үеийн сөрөг хүчний томоохон лидер М.Энхсайхан, тэр ч байтугай энэ удаа уг ноцтой мэдээллийг сөхсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ч баримтаа дэлгэж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн хувьд тэр үед буюу 2003 оны намар Америкаас ирээд удаагүй, тэр ч байтугай их өрийн тухайд бэлэн мөнгөөр бус экспортын бараа бүтээгдэхүүнээр төлбөрөө барагдуулсан бол зөв байсан юм хэмээн ярьж явсан.

Ер нь их өрийг тэглэсэн нь зөвхөн Н.Энхбаярыг “баалаад” зогсоогүй В.Путинд ч сүүдрээ тусгасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүртэл Монголын их өрийг тэглэсэн нь буруу шийдвэр гэх мэдээлэл тус улсын хэвлэлд харагдаж л байсан. Харин өнөөдөр бид “Эрдэнэт”-ийн талаар бүр ч аймшигтай мэдээлэл цацагдах болов. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Ростехнологи” төрийн өмчит компани Захирлуудын зөвлөлийн хурлаараа Оросын 49, Монголын 51 хувиас тодорхой хэсгийг суллаад стратегийн гурав дахь түншдээ зарах санал тавьсан тухай асуудал. Энэ талаар Монголын талаас өнөөдрийг хүртэл хэн ч байр сууриа илэрхийлээгүй байна. Гэхдээ тодорхой мэдээлэлтэй байгаа гэж найдъя.

Одоогоос хоёр жилийн өмнө бол “Эрдэнэт”, “Монголросцветмет”, тэр ч байтугай Асгатыг нэгтгэж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах санал гаргаад байгаа тухай дуулдаж байв. УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан, мөн Үйлдвэр худалдааны сайдаар богино хугацаанд ч болов ажилласны хувьд энэ бол хамгийн зөв гарц хэмээн ярьж байсан. Манай эрх баригчид ч, мэргэжилтнүүд ч энэ талаар дуугарч байсангүй. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрдэнэт”-ийн эзэмшил хувийн хэмжээг хөндсөн нь асуудал хурцдаж буйг сануулсан хэрэг биш гэж үү. Хэрэв Монголын тал тухайн үед 70 орчим хувьтай байсан бол дээрх нөхцөл байдалд сандрах хэрэггүй юм бус уу. Нөгөөтэйгүүр Монголын газар нутаг дээрх Эрдэнэтийн ордын хувь заяаг С.Чемезов, В.Путин нар шийдчихээр тийм хэврэг тусгаар тогтнол, хямдхан эрх мэдэлтэй юм гэж үү, монголчууд.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих