Эрдэнэстэй солир Монголд буусан бол…

solirnewsСүүлийн өдрүүдэд дэл­хийн зарим газарт солир унаж хүмүүсийг сандаргаж эхэллээ. Тодруул-бал ОХУ-ын Уралын орчимд унасан солироос болж 1200 хүн бэртэж, гэмтэн 3000 орчим барил­гын цонх хагарч, хана нь цуурсан гэнэ. Гэхдээ хүмүүс айж сандарч байх хойгуур бас нэг гоё мэдээ дуулдав. Тэр солирын  найрлагад үнэт металлууд цөөнгүй байсан гэх яриа гарчээ.  ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин онцгой байдлын албандаа 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг гаргаж, гэмтэж бэртсэн хүмүүст туслах болон солирын борооны улмаас эвдэрч сүйд-сэн барилгуудын хог хаяг­дал, солирын хэлтэрхийг цэвэр­лэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг өгсөн ч үнэт металлын талаар огтхон ч мэдээгүй юм байх.

Уг нь манайх шиг хүн ам нь сийрэг сууршдаг оронд тэр үнэт металлтай солирын бороо нь буучихсан бол мөн ч сайхан байх байлаа. Ингэж хэлж байгаад уншигч та “Яасан билиггүй юм” хэмээн жаахан адалж магадгүй. Гэхдээ учир байна. Газар нутгийг нь сүйдэлж, олны дургүйг хүргэж буй уул уурхайн компаниудыг алт, эрдэнэстэй солирын хэл­тэрхий дээр өрсөлдүүлбэл мөн ч таатай юм болно доо. Компаниуд биш юмаа гэхэд өнөөх нинжа нарыг солирын тогоо руу оруулчихвал нэлээд эрдэнэ ухаад гаргаад ирнэ шүү. Манай нинжа нар, уул уур­хайн компаниуд усан доороос, хадан дундаас ч эрдэнэсийг олоод авчихдаг мун­даг хүмүүс.   ОХУ-ын Чебаркуль нуурын орчимд тус солир унасан. Солирын хэлтэрхийгээс цацарсан үнэт эд­лэлүүд нуурт ч орсон байхыг үгүйсгэхгүй гэнэ. Тус улсад одоохондоо сандрал үргэлжилж байгаа болохоор хүмүүс эрдэнэ хайх талаар нэг их юм сэдэхгүй байгаа бололтой. Магадгүй хэдэн хоногийн дараа Чебаркуль нуур руу хүмүүс үнэт эдлэлийн хай­гуулд гарлаа гэх мэдээ дуулд­вал нэг их гайхах хэрэггүй биз. Хэрэв тийм мэдээ дуулдвал манайхан ч гэсэн хүрз, жоотуугаа бэлтгээд бушуухан шиг очих хэрэгтэй шүү.  Харин манай улс шиг 1.5 сая квадрат километр өргөн, уудам газар нутагтай орны жаахан хэсэгт тэр солирууд буучихсан байсан бол нэг их сүйдтэй юм болохгүй байх байлтай. Гэхдээ нэг гэм нь Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй гурав, дөрвөн мянган уул уурхайн компани солир буусан газар руу дайрч байгаад нэгийгээ бэртээх аюул байсан биз.

 

Л.Баатархүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих