Хуучин байсан алдаанууд давтагдах хандлага гараад байна
Энэ онд хийгдэх зам барилгын ажлуудын явцын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс тодрууллаа.
-Энэ онд хийгдэх зам, барилгын ажлууд ямар шатанд явж байна вэ?
-Зарим ажил зураг төсвийн хүрээнд явж байна. Зарим нь тендерийн шалгаруулалтын түвшинд явж байгаа. Эхлэлийн явцаас харахад хуучин байсан алдаанууд давтагдах хандлага гараад байна. Юу вэ гэхээр ажлууд нь хоорондоо уялдаа холбоо байхгүй, нэг нэгэнтэйгээ давхацдаг, нэг ажил нь нөгөө ажилдаа тээг болчихдог ийм байдал гарч ирэх гээд байна. Жишээлбэл зам барьж байхад дулааны шугамын засвар хийгдээгүй гэх мэтчилэн.
Бид ямар ч байсан энэ ажлаа уялдуулан хийхээр төлөвлөсөн байгаа. Ер нь бид байнга шуурхай зөвлөлдөж, хуралдаж байна. Бас нэг бэрхшээлтэй зүйл нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих сайд нарын багцад байгаа, дээрээс нь нэмж Засгийн газрын санаачлагаар хийгдэх зэрэг нэмэлт орж ирэх ажлууд тодорхойгүй байгаад байдаг. Яг ямар зохион байгуулалтаар хэрхэн хийх гээд байна гэдэг нь тодорхойгүй байгаа. Ер нь ажлын уялдаа сайн байж бүх юм тодорхой байхгүй бол Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил замбараагүй явагдсанаас зогсолтонд хүрэх аюултай. Тэгээд ч энэ жил Улаанбаатар хотод гадны арга хэмжээ их болно. Зочид ихтэй ч байна.
-Бүтээн байгуулалтын ажил эхлэхээр тендерүүд зэрэгцээд гараад ирдэг?
-Уг нь тендергүй шууд гэрээ хийх ийм хуулийн орчин бүрдүүлнэ гэж ярьсан. Даанч хуучин их хурал тарчихлаа. Орон нутгийн төсвөөр хийх ажлаа бол хаширлаад тендерүүдээ зарлаад явуулаад эхэлчихсэн л дээ. Гэхдээ тендерт нэг дутагдал байдаг. Тэр нь сарын дотор зарласан, сарын дотор шалгаруулна гээд хуулиар заагдсан хугацаатай байдаг. Хугацаанаас нь болоод хоёр, гурван сарын ажил болчихдог.
Дээрээс нь тендерт оролцогч талууд маргаан үүсгэчих юм бол тэр ажил шууд зогсчихдог. Шүүх тэр тендерийг түдгэлзүүлчихдэг аюултай. Ийм бэрхшээлүүд байгаад байна. Одоо бид дээшээ тавих асуудлаа болоод хоорондоо тавих асуудлаа ч хэлэлцэж байна. Юуны өмнө эхлээд ямар ч маргаангүй хийгдэх ажлын зургууд юу вэ гэдгийг гаргая. Дараа нь янз бүрийн давагдашгүй хүчин зүйлээс болоод төлөвлөсөн боловч хийж чадахгүй ажил гараад ирэх вий. Тэгвэл түүнийг эртхэн шиг мэдээд зохих байгууллагад нь хэлээд шийдвэрүүдээ гаргаад явуулъя. Бид сая зөвхөн орон нутаг, улсын төсвийн хийх ажлын тухай ярилаа.
-Энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр олон дэд бүтцүүдийг тавихад газар чөлөөлөх шаардлага гарч ирээд байгаа. Гэтэл зарим нэг аж ахуй нэгжүүд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гээд их хэмжээний мөнгө төрөөс нэхэх асуудал гарч ирж байна гэж яригдаж байна. Энэ дээр иргэд ААН-үүд юуг ойлгох ёстой вэ?
-Бид нөхөн олговор олгохдоо тэр ААН-үүд, тэр байгууллагуудыг хохироохгүй байхыг эрмэлздэг. Хуулинд заагдсан энэ шаардлагыг барьж ажиллаж байна. Харин ААН байгууллага иргэд маань бидний гарцаагүй энэ байдлыг эргэж шахах, аль болох үнээ тэнгэрт хадаах, бүр үндэслэлгүй үнэ тавих асуудал гардаг. Гэхдээ хоёр талын хэлэлцээр болдгоороо болно. Нэгэнт төлөвлөгдсөн ажилд битгий саад болооч ээ. Нөхөх олговрыг олгоно. Олгохдоо нүүлгэн шилжүүлэх зардал хүртэл бүгд орж байгаа. Тийм болохоор ухамсартай байгаарай гэж хүсмээр байна.
-Албадан чөлөөлөх шаардлага гарвал яах вэ?
-Хэрэв үнээ тохирч, мөнгөө авчихаад дараа нь хууль зөрчөөд, хөдлөхгүй, нүүхгүй гэвэл албадан чөлөөлөх л болж таарна. Албадан чөлөөлөх өөр аргагүй байдалд орно. Гэхдээ тийм ч олон тохиолдол гарахгүй байлгүй дээ.
-Нөхөн олговор метр квадрат нь хэд байх вэ? Өмнө нь 13 мянга 500 байсан.
-Үнэлгээг шинэчилсэн. Шинэ журмаар явж байгаа. Тэр бизнесийн хохирол, алдагдалыг нэмж үнэлдэг болж байна. Тийм учраас ямар ч хохирол байхгүй гэдгийг иргэд, ААН байгууллагуудад хэлмээр байна.
-Өнгөрсөн онд хууль зөрчиж олгогдсон 40 газрын захирамжийг нь цуцалсан гэсэн. Одоо хэрхэн эргүүлж авах вэ?
-Нийслэлийн өмчийн харилцааны газар шилжүүлж авна. Хууль зөрчиж олгогдсон газар бол угаасаа нийслэлийн өмчийн газар байсан. Нийслэлийн өмчийн газрыг хууль зөрчөөд олгочихсон захирамж байсан учраас тэр газар шууд нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэлд тэр газар эргэж ирж байгаа.
Б.Нямзул
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: